Thursday, 30 October 2008

“Дорно зүгт өвс болохуй” буюу Бавуудоржийн шүлгүүд ...

Өнөө цагт шүлэг яруу найр­гийн нэр хүнд нэлээд унах янзтай. Гэхдээ өмнө нь тийм өндөр байсан уу гэвэл хоёр талтай л зүйл.
Нэг талаас ерээд оноос өмнө зохиолч яруу найрагчид чамгүй нэр хүнд­тэй, тэдний бүтээлийн үнэ­лэмж ч боломжийн нийг­мийн нэлээд идэвхтэй хэсэгт хам­рагдаж байсан, нөгөө та­лаас тухайн үеийн тогтолцоо сис­тем нь өөрийн суртал нэвт­рүүлэгч, номлогч, тар­хааг­­чаа бүх талаар дэмжиж “харж хандаж” байх онцгой үүрэг­тэй нь уялдаж байсныг 1920-иод оноос эхэлсэн утга зо­хиолын субьектив орчин буюу зохиолч яруу найрагч­дын бүтээлийг нь хэвлэж, хү­нийг нь “анхааралдаа” авч, нэгт­гэн зохион байгуулж ир­сэн түүх хэлээд өгнө. Ерөөсөө урлаг утга зо­хио­лыг өөрөөр тайлбарлан ойл­гож, гүн ухааных нь үнд­сийг мэ­дээж нэг өнцгөөс диа­лектик ма­териализмын үүд­нээс хан­даж байсан учир өөр ар­­гагүй ч бай­сан гэлтэй. Өөрөөр хэл­бэл урлаг уран сайхны сэт­гэл­гээ, урлагийн мөн чанар ямар нэг байдлаар ор­хигдож хоёр гуравдугаар зэр­гийн асуу­дал болж байсан гэ­сэн үг. Энэ ч яахав түүх түү­хээ­рээ л үлд­дэг байж гэтэл 1990 оноос хойш су­бъектив ор­чин өөрч­лөг­дөж “түүхэн бо­ломж” гар­сан бо­ловч зарчмын хувьд бай­дал огт өөрчлөгд­сөн­гүй­гээр ба­рах­гүй бүр дор­дох ч янзтай. Шүлэг зохиол нь арилжаа, нэр хүндийн хэрэгсэлтэй хут­гал­­даж нийгмийн сэтгэлзүйд иймэр­хүү хандлага ажиглаг­дах болсныг л түүний нэр хүн­дэд сөргөөр нөлөөлсөнтэй хол­бон ярьж байгаа хэрэг. Үүний нэгэн илрэл болж Х.Эр­дэм­­билэг гэгчийн “Яруу найр­гийн элемэнтүүд” гэсэн нэгэн нийт­­лэл гарч байсныг санаж бай­­на. Тэнд өгүүлэхдээ “за­луу гэсэн тодотголыг хуссан цагт чи өөрийгөө яруу найрагч гэж үзэж болно. Хэзээ энэ то­дот­­голоосоо салах нь ту­хайн хү­­ний нас, шүлгийн чанараас ба­­раг шалтгаа­лахгүй. Харин хэр зэрэг та­нилтай, олон хүнд ар­хи авч өгснөөс хамаар­на… өнгөр­сөн алтан үеийг дур­­сан олон сэдэвгүй, хэвш­сэн сэт­гэлгээ­гээрээ үг эвлүү­лэн хөндий шүлэг бичин үхэж ча­­дахгүй байгаа нөхөд. Сог­то­­хоороо мангасын үед бич­сэн ганц хоёр нийтэд тархсан гай­­­гүй бүтээлээ дурсан өөрий­гөө магтан би, би хэ­мээн дөв­чигнөгчид… Жинхэ­нэ хөдөө­нийхөн бол нутагтаа том яруу найрагчид хотод ирээд зу­рагтаар гарчихдаг, том­чууд­тай нийлж хааяа сав­чих­даг, номынхоо өмнөх үгийг ме­дальтай яруу най­раг­чаар бичүүлчихдэг сэргэ­лэн га­­рууд… шүүгчид гэдэг ар­хи нэх­сэн цол гуншинтай ха­шир бур­хинууд бий. Жин­хэнэ хор най­руулагчид” гэх мэ­тээр бич­сэнийг бүрэн дүү­рэн хү­лээж авах боломжгүй ч ямар ч бай­сан нийгмийн сэтгэлзүйн ханд­лагыг зохих хэмжээнд илт­гэж байгааг үгүйсгэх ар­га­гүй юм. Нөгөө талаас энд зөвхөн зо­хиол бүтээлийн далд до­тоо­дод нэвтрэхээсээ илүүтэй наад талын субъектив үйл ажил­лагаа, зохиогчийн ухам­сарт “лаборатори” талаас нь илүү­тэй авч үзсэнийг ч хэлэх хэ­рэгтэй. Хамгийн товчхон­доо зохиолыг ярих, зохиол­чийг ярих хоёр нэг талаар өөр юм л даа. Ухаандаа Ц.Бавуудор­жийг аваад үзье. Монголын яруу найрагт Цогдоржийн Ба­вуу­­дорж гэдэг нэр сонсогдоод да­руй хориор тоологдох на­мар­тайгаа золгож байна. Ма­най урлаг, утга зохиолын хү­рээ­гээр тогтохгүй бүгд л түү­нийг мэднэ, танина гэх бол­жээ. Тэд ихэвчлэн хэв­лүүл­сэн бү­тээл, зурагт со­ниноос хар­сан, авсан шагнал амжил­таар нь л баримжаалан “мэ­дэж” бай­гаа гэдэгт бараг итгэлтэй бай­на. Харин түүний шүлгийг барьж, уншиж, ухаарч, мэ­дэрч, нээж, баясаж, гуньсан нь хэд л бол. Цаашилбал шү­лэг зохиолоос нь түүний до­тоод ертөнцөд нэвтэрч юунд зовж, юунд баярлаж, хэдийд хэр­хэн сэтгэл төв­дөхийг нь ан­заарч “мэдсэн нь” бүр ч хэд бол доо. Гагцхүү иймийн тул зо­хиолчийг гад­наас нь “мэ­дэх” нэг хэрэг, зохиол бү­тээ­лийг нь үзэж, хүлээж авч, сэрж, ухаарч, догдолж, тун­гааж, эргэцүүлж өөртөө тол­гой дохин “мэдэх” бас нэг хэ­рэг юмсанж. Сарны туулайн хүйтэн чихнээс Санаандгүй би атгаж үзсэн юм Яруу найраг түүнд хүр­гэж өгснөөс хойш Ялдам гэдэг үгийг олон хэрэглэхээ больсон юм Сүүлд бичсэн нэгэн шү­лэг­тээ ингэж өгүүлжээ, тэ­рээр. Эдгээр мөрөөс нэлээд олон зүйлийг харж болохоор байна. Уянгын баатраас амьд­­­ралыг, ертөнцийг тань­сан эгээрлийг харж болно. Үүний­гээ саран дээрх туу­лай­­гаар дүрсэлсэн нь сэт­гэл­гээ­ний хэв, гоо сайхны ухамс­рын үүднээс дорно дахины ер­­төн­цийн тухай үз­лийг илт­гэж, харин тэр нь хүйтэн чих­тэй байгаа нь зохиолчийн зөв­хөн зохиол­чийн бодгалийн до­тоод сэт­гэлгээний танилт, өвөр­мөц баяжуулалт, уран сайх­ны нээлттэй холбогдох ер­төн­цийн сэрэл бүхий уран сэт­­гэмж мөн. Сарны туулайн чихнээс ат­гах гэдэг үгэнд уламжлалт сэт­гэлгээг хөгжүүлэхдээ тө­лөө­лөл ёгтлол үүсгэсэн нь дор­нын уран сайхны сэтгэл­гээнд ч, өрнийн урлагийн түү­хэнд ч тохиолдож, яриг­даж, мар­гаан мэтгэлцээн, онол бод­ролыг хандуулж бай­сан дүрс­лэл түүний цаадах сэт­гэл­гээний гүн аяс, ухам­сарт амьд­ралын танин мэ­дэхүй нь ухам­саргүй бодом­жид шингэн илэрч байгаа нь энэ юм. Гэхдээ уянгын баатрын хувьд түүнд хүрэх арга зам нь өөр юу ч биш яруу найраг бай­­жээ. Яруу найраг уянгын баа­тарт саран дээр туулай бай­даг, тэр нь хүйтэн чихтэй, бүр түүнийг нь атгахад ту­салж байгаа нь бусад хү­мүү­сийн хэлдэгчлэн амьд­рал, ер­төнц байгаа нь өөр хаана ч, хэ­зээ ч давтагда­хааргүй яруу найр­гийн сэт­гэлгээ, яруу най­рагчийн мэд­рэмж гэлтэй. Харин үүний үр дүнд ял­дам гэдэг үгийг олон хэрэг­лэ­хээ больсон гэдэг нь ертөн­цийг өөртөө ухаарсан ухаар­лын баталгаа болон сонсог­дож байна. Энэ үгийг хэрэг­лэ­хээ болих нь түүний цаана хад­галагдах утга агуулга бү­хэнд сэтгэл хөдлөлөөр хан­дах­гүй байх, хуурамч хоосон нь их байдаг талаар хүүрнэж буй хэрэг. Санаандгүй ч гэ­мээр байдлаар үүнтэй хол­бог­дуу­лан хэлэхэд энэхүү сүүлд гарч байгаа ном болох “Дорно зүгт өвс болно” ном бүхэлдээ их богино, элдэв чамир­хал­гүй, энгийн шүл­гүүдээс бүтсэ­нийг анзаа­рахгүй байхын ар­гагүй. Түүний өмнөх шүлгүүдэд юмыг буй байгаагаас нь хахь он­доогоор төсөөлөх, ёгтлон гү­жирдэх, огт байж боломгүй зүйл­сийг бий болгох этгээд со­нин дүрслэл, сэтгэлгээ бага биш ажиглагддаг байсан. Энэ бол түүний уран бүтээлийн, шү­лэг найргийн нэгэн өнгө донж, хэв намба, анхнаасаа л тогтсон мэдрэмж мөн бө­гөөд энэ шинжээрээ цаг үедээ ял­гарч, өөрийгөө байгааг илэр­­хийлж чадсаныг хүлээн зөв­шөөрөхөөс аргагүй. Дашрамд дурдахад, сүү­лийн үеийн залуу шүлэг со­нир­­­­хогчид өнгөц хээнцэрлэж, гоё үг хөөцөлдөж байгаа туйл­ш­­­ралын нэгэн гол “бу­руут­ныг” Бавуудоржтой ямар нэг хэмжээгээр холбоотой гэж боддогоо нуух юун. Түү­ний энэхүү “Сарны шүлгүүд” но­моос илт ажиглагдах бол­сон хэмжээний богиносолт, үгийн энгийншил, бидэнд бас л олон зүйлийг хэлэх нь шиг бай­на. Зарим биш ихэнх зо­хиол бичигчээс салах нэг л дур­­гуй байдаг үг үсгийн төдий ма­даг, илэрхий логик зөрчил, ут­гын авцалдаагүй байдал, наад захын мунгинал төдий­лөн анзаарагдаад байхаар­гүй­­гээр яруу найрагчийн хувьд өсч томорсныг хэлэ­хээс өөр арга алга. Энэ бол хэн хүний санаа­гаар болдог ч эд биш мань хүн ч өөрөө тодорхой хугацаа зар­цуул­сан гэж хэлэхэд бо­лох юм. Түүний “Сарны шүл­гүүд” номд “Харсаар байтал” хэ­мээх нэг шүлэг бий. Тэнд Харсаар байтал чиний дэргэдээс Хачин тунгалаг хүн Босоод явчихлаа Хаа хүрэхийг нь би мэ­дэхгүй ч Харин хэзээ ч эргэж ирэх­гүйг нь Халуун зөнгөөрөө мэ­дэрч байна гэж эхэлдэг бөгөөд үүнийг но­мын өмнөтгөл үгэнд “хүний амь-сүнс, цог хийморийн үнэ­тэй бүхэн үгүй болсноор бие нь үлдэх агшинг хүртэл өгүүл­сэн нь найрагчийн үх­лийн мөн чанарыг мэдрэх хийс­вэр талын илэрхийлэл” хэ­мээн агуулгын талаас нь тайл­барласан байдаг. Үүнийг арай өөрөөр авч үзэж болох мэт санагдаж байна. Жишээлэхэд Танилхан чамайг минь гэрэлтэй болгодог Тарни нь тэр байсныг Сая л цочин анзаарлаа гэ­сэн мөрүүдээс ерөөс хүний сэт­гэлийн мөн чанар, бур­таг­гүй гэгээн чанарыг юу эвддэг ту­хай өгүүлснийг харж болно. Тэр­хүү ариун сэвгүй чанарыг ха­жууд нь тунгалаг хүн бай­даг, биед нь гэрлэн бурхан оршдог, нүдэнд нь болор за­гас байдаг, алганд нь алтлаг хээ байдаг зэргээр төлөөлөн дүрс­лээд харин үүнийг хор­воогийн салхи арчдагаар бич­сэн нь хорвоо ертөнц, амьд­рал гэгч хүнийг тэр алтлаг, гэр­лэн, тунгалаг, болор чана­раас нь өөрийн эрхгүй салган од­дог тухай гашуун үнэнийг ха­руулсан байна. Яг энэ са­наа Үхэл ирэхэд би тув тун­галаг болно Үлдэж энэ орчлон ма­нан дундаа умбана Үр минь, хүү минь ха­рин тод тунгалаг төрнө Үйлийн эрхээр тэр минь хатан болроо алдана Хоёр тунгалагийн хоо­рон­до­хыг хорвоо гэдэг юм даа Хоёр тунгалагаас бус­дад нь Хонгор минь битгий ит­гээрэй гэсэн өөр нэгэн шү­­лэгт гүнз­гийрэн төгөлдөрж­сө­­нийг бас харж болно. Уян­гын баатар өөрөө мананд ум­ба­сан орч­лонг орхиж үхэ­хэд л тун­галаг болно, харин түүн­тэй зөрж төрөх хүү тод тунга­лаг төрж байна. Үйлийн эр­хээр буюу орчлонгийн жа­маар хүү нь амьдралд, цаг ху­га­­цааны хуулинд захираг­дах нь түү­нийг хатан болроо ал­да­­хад хүргэж байна. Энэ бол хүү­­­гээс үл хамаарах ер хэ­нээс ч үл хамаарах хор­воо­гийн жам зарлиг юм. Энэхүү энгийн үнэнийг цааш гүнзгийрүүлэн ерөөс үхэх төрөхийн хоорондохыг хор­воо гэдэг мөн ертөнцийн үнэн гэвэл үхэх төрөх л юм гэ­сэн дотоод сэтгэлийн их ухаа­рал, амьдралын мөн ча­на­рыг таньсан гэгээрлийг олж үзэж болно. Энэ хор­воогийн хуу­линд ер юм бүхэн үнэнч ариун хайр хүртэл сөхөрч бай­гааг ч өгүүлжээ. Энэ ертөнцийн өнгө зүүд­ний дарангуйлал Ихэмсэглэл, хүйтрэл дун­дуур шурган мөлхөж Чамд очоод Гагцхүү хүнд л байж болох Тийм нандин эрхэмсэг хайраар Чамайг хайрламаар байна Энд уянгын баатар амьд­ра­лын нэгэн утга учир болсон тэр их гэгээн ариун, магадгүй тун­­­галаг хайрыг амтлах хүс­лэн­гээ илэрхийлжээ. Ингэж тэ­мүүлж байгаагийнхаа шалт­гаа­ныг дотоод сэтгэлийн мөн ча­нартайгаа холбохдоо Хэн нэгийг хайрлаж ам­жилгүй бүтээд гэмтчих­вий гэж Хэнхдэгэн цаана байгаа нэгэн зүйлийг өрөвднөм Хэн нэгэнд нисч хүрэл­гүй хальчихвий гэж Хээр талын алтан ха­раацай шиг нэгэн жи­гүүрт­нийг Халагланам гэж хайр сэт­гэл гэдэг хүмүүн болж төрс­ний нэгэн утга учир, түүнийг ам­саж эдэлж сэтгэлээрээ мэд­рэх нь гагцхүү хүнд байх эр­хэм нандин зүйл гэдгийг тун­хагласан байна. Харам­сал­тай нь, Энэхэн цагийн будант инээмсэглэл Чамд ойртуулсангүй Энэ хүйтэн гилбэл­гээнт ихэмсэглэл Чамд ойртуулсангүй Чамайг би хайрламаар л байлаа нөгөө манан будант хорвоо, тун­галаг биш ертөнц, энэ ца­гийн хүйтэн амьдрал ийм сэт­гэлийн зүйлийг хүлээн зөв­шөөрдөггүй ажээ. Тий­мээс уян­гын баатар гөлгөнд хүртэл хан­даж энэ цагийн, энэ амьд­ралын тухай бодлоо хуваалц­сан байх юм. Ягааран мандаж байгаа энэ талын нарны наагуур Ялдамхаан цагаан үүлс алгуурхан нүүж явна аа даа Энэ л бид хоёрын Баяр юм шүү, гуниг юм шүү… Сүнсийг минь нэг л тэн­гэрийн шилтгээнд Зэрэгцүүлэн залах бол­но Бидэн хоёр ижилхэн Хадан гэр минь адил­хан шүү Нэг талаар тунгалаг биш энэ амьдралын бүхий л зүйл буй байгаагаараа сайхан бас муухай өөрөөр хэлбэл энд хүн болж төрсөн нь өөрөө хэдийгээр манантай ч бас сайхан юм байнаа гэсэн санааг илтгэж харин зөвхөн гөлөг төдийгүй ер хэн ч байлаа гэсэн эцсийн эцэст адилхан л мөнх бусыг үзүүлнэ, тий­мээс энэ цагт гөлөг ч бай эцсийн очих цэг бүгд ижил юм шүү гэсэн гүн ухааны гаргал­гааг хийж байна. Үүнийг лав буддын гүн ухаанд хоосон чанарын үз­лээр тайлбарладгийг санаж байна. Буддын гүн ухаан гэснээс түүний “Сарны шүл­гүүд” төдийгүй ерөөс нийт уран бүтээлд нь дорныг эр­хэмлэсэн, дорныг магтсан, дорныг биширсэн, дорныг гүн хүндэтгэсэн аяс ил далд тү­гээмэл ажиглагддаг. Гэхдээ зарим нэгний ярьдагчлан түүнийг шууд л дорнын хэ­мээн мэдэмхийрэн цоллод­гоос арай өөр жишээлэхэд “Хүмүүс түүнийг дорнын хэ­мээн тодорхойлох дуртай. Үнэндээ тийм эсэхийг, бас түүний шүлэг зохиолыг тийн лугаа ойлгон мэдэрдэг хү­мүүс олон гэдэгт би нэг л итгэж чаддаггүй юм. Тиймэр­хүү хэв маяг шүлэгт нь бай­даг ч хэн хүн тийм ч амар хүлээн авна гэдэгт эргэлздэг юм” хэмээн судлаач Д.Гал­баатарын бичсэнтэй санал нэг байна. Харин түүний шүлэгт ил­рэх дүрслэлийн өвөрмөц сэт­гэлгээний уламжлалыг харж, хор­воогийн мөн чана­рыг тун­гаан эргэцүүлсэн арга бил­­­гийн зөөлөн аясыг ойшоож, ахуй, уламжлал, сэт­гэлгээ хэв заншил, гэгээрэл харил­цан сүлжилдсэн байгааг ан­заа­рах нэг хэрэг юм. Хүнээс хүн зугтан гарч Шүхрэн гэрэл бөхөх бол­гонд Алтан заадас бүхнээ­рээ шархиран өвддөг би Дорнын насыг харин өм­гөөлж архирсан Арслан хөх тэнгэр юм би Ам дөрвөлжнийг энгэ­рээ­сээ тасдан байж Аяа хүн сүрэг чиний Алтан хүйг чинь би боож авсан Алтан савыг чинь ч бас сүүлчийн удаа нээчихээд Асгартал уйлж суухын гашуун зарлигтай би Мөнөөхөн тунгалаг биш манан будант хорвоогийн мөн чанарыг өгүүлэхдээ тэрхүү манан будан хаанаас гарч буйн учрыг нэхэн шалгааж энэ нь юунд ч биш хүнд өөрт нь л байгааг өгүүлж, дотоод сэтгэл зүрхээрээ хүмүүний мөн чанарыг ухаарсан ухаарал нь асгартал уйлж суугаа уянгын баатар буюу дорнын хүн болж байна. Яг шууд хэлээгүй ч дорно бүхэлдээ тунгалаг биш юм аа гэхэд манан будан багатай өөрөөр хэлбэл төрөлх гэгээн чанарын хэлтэрхий оршин байгаа юм шүү гэсэн санаа нуугдан байгааг харж болно. Энэ санаа “Дорно” шүлэгт нэлээд тодорхой гар­даг л даа. Дэлт хүлгийн толгой овоон дээр цайрахад уйл­даг Дэлхийн санчиганд ца­гаан сор унахад уйлдаг гэх мэтээр дорныг тун­хаг­лахын зэрэгцээ Өрнө миний түгшүүр Өрхний завсрын шар­гал гэгээ Уяхан охидын минь ичин­­гүйрлийг тэр ха­лаа­салсан юм… Мөнх бусын салхин Миний айдас бус Мөнхүү өрнөөс үлээх хүйтэн амьсгал Миний агуу айдас зэргээр дорныг яагаад шүтэх болсон, дорныг яагаад эр­хэмлэх болсон, дорныг яа­гаад ийнхүү бичиглэх болсон шалтгаанаа гаргажээ. Түүнийг ингэж халаглах, цаг заваа алдахад хүргэсэн зүйл бол өрнөөс үлээх хүйтэн амьсгал хэмээн уянгын баатар хэлж байна. Гэхдээ түүнийг харааж зүхсэндээ, үзэн ядсандаа бус дорнын сонгодог соёл, түүхэн бахархал, нүүдэлчний ахуй, дотоод ертөнцийг нь бүр­дүүлэгч тэрхүү нандин эр­хэмсэг зүйлээ алдахыг үл хүссэн магадгүй түүнээ илэр­хийлсэн их сэтгэл мөн юм. Энэ бүхэн нэгэн цагт Д.Уриан­хайн бичиж байсныг эрхгүй санагдуулж байна. “Барууны уран зохиол нь бүхэлдээ хүнээс хүнийшсэн, нийгэм дэх нийтийн буюу олонхийн амьдралаас “харьс­сан” ганцаардал, гутрал, үзэн ядалт, амиа хорлолт, анархи эрх чөлөө давамгайлсан, техникийн соёл иргэншлээс төрж буй үр хөврөл болохоор тэнд уран бүтээл өөр фило­софитой, зорилго чиглэлтэй, өөр ахуй нөхцөлийн бүтээг­дэхүүн байхаас аргагүй. Ха­рин хүмүүүс хүн чанараа алдаж чухамдаа мөнгө өвөр­төлсөн “адгуусад” болж хуви­рах үйл явцын шуурганд тууг­даж буй монголын нийгмийн ахуйд, алив уран бүтээлийн иргэнлэг чанар нийгмийн “түүхэн захиалга” болон то­войсоор буй нь нүдэнд ил харагдана”. Үүнийг янз бүрээр хүлээж авч болох ч гол санаа нь хүний мөн чанар гэгч нийг­мийн давалгаанд өөрчлөгдөж, мөн чанарын хувьд өөрөөр тайлбарлагдах болж байна гэсэн тэнхлэгтэй Бавуудор­жийн дорно аяс үндсэндээ давхцаж байгаад л оршино. Энэ бол нийгмийн хийрхэл, муйхар үндэсэрхэг үзэл, бусдыг дорд үзэх хэнээрхэл биш юм шүү. Энэ бол ертөнц, хүмүүний мөн чанарыг тун­гаасан эргэцүүлэл, гүн бя­салгал, бодомж сэтгэлгээ, гүн ухааны дүрслэл юм. Үүнийг дээрх шүлэгт байх Өрнө миний эрхэм нөхөр Үргэлж намайг сэрэм­жит сэцэн болгосон юм Өрнө миний эрхэм анд Өвст тал цаст уулсаа харамлахад сургасан юм намайг гэсэн мөрүүдээс то­дорхой анзаарч болно. Ту­хайлахад тэрхүү өрнө гэгч байгаа нь дорныг илүү утга учиртай амьд болгож, өрнө байгаа нь дорныг ойлгож хайр­лахад сургаж, өрнө бай­гаа нь өөрөө дорно байх шалтгаан үр юм гэсэн ертөн­цийн тогтолцооны арга бил­гийн мөн чанар, хос ёсны зарчмыг эгэл амьдралаас, хайр сэтгэлээс, гөлөгнөөс ер юм бүгдээс ухаарсан их ухаарал, гэгээрэл харагдаж байгаа нь Бавуудоржийг Ба­вуудорж болгож байгаа юм байна гэсэн бодолд өөрийн эрхгүй хүргэж байна. “Дорно зүгт өвс болно” номонд энэ санаа харагдах хэдий ч зөв­хөн дорно биш ерөөс хүмүү­ний мөн чанарыг эрсэн, хай­сан, нэхсэн, шалгаасан, гүн ухааны хариулт нь дотроо байх асуулт олныг харж бол­но. Хүмүүний тааллаас зугат­нам Хүмүүний таалалд нийц­­сэнээс Хөх өвс болсон минь дээр… Хүн гэгч ямар нэгэн зүйлд за­­­хирагдах биш зөвхөн өөрийн­хөөрөө байж чадвал тэр амьдрал мөн болох тухай энэ сургаал Тодорхой бус одод Гуравдахь мэлмийг минь сэрээж… Тодорхой бус орчлонд Тов тодорхой амьдар­нам гэсэн өөр хуудсан дахь мөрүү­дээр баталгаажих жи­шээтэй. Хэт их ухаарал, хэ­тийдсэн гэгээрэл хүнийг юуг ч сэт­гэхэд хүргэдэг гэсэн гар­галгаа Тэнгэрийн орноод хөх­рөн алсрах Тэр зам дээр гараа өр­гөнөм Мөнх бусад догдлон зог­соход минь Мөнгөн сар араас тат­нам гэсэн мөрүүдээр илэрс­нийг хараад тэгтлээ зогтус­сангүй. Учир нь өөр нэгэн хуудаснаас Хонгортон сэрчигнэх нав­чис дээр Шүлэглэл үлдээн буца­хаар зэхнэм Даажинт замбууг мөн­хөд орхих минь гээд өн­дийтөл Дахиад чи заавал хүн болж төрнө дөө гэх Далдын нэгэн дуун Тархин дундуур ороол­гов шүү… гэсэн мөрүүдийг олж хараад уянгын баатрын ухаарал хэрхэн хөдөлгөөнтэй өрнөж байгааг мэдэж болох юм. Ийнхүү ухааран бясалгах орон зай, цаг хугацаагаа “Өдрийн тэмдэглэл” шүлэгт энгийнээр зураглаж, өдөөгдөх тэрхүү шалтгааныг “Намар” шүлэгт Өвсний үзүүрт Өндөр огторгуй бай­гаа нь мэдрэгдэнэ Өндөр огторгуйн бя­сал­галд Гуниг байвал болох нь тэр… хэмээн дорнын нүүдэлч сэт­гэлгээний намрын улирлын нэгэн төлөөлөл болсон хөнгөн уйтгарыг өвөрмөцөөр далд дүрслэл үүсгэн илэрхийлсэн нь зохиомжийн өвөрмөц ший­дэл болжээ. “Дорно зүгт өвс болно” номын “Гэрэлт цох”, “Аяа…”, “Алган дээрх нүдийг оллоо”, “Хүмүүний явдал” зэрэг шү­лэг нийт номын утгыг хураан­гуйлан төлөөлснөөрөө ч уран сайхны боловсруулалтаараа ч илүүтэй анхаарал татсаныг хэлэх нь зүй. Манант намрын Хөх салхинаас өөр цув­гүй Машид дэнслэнгүй Хүмүүний гэмээс өөр багшгүй… Өдөр өдрийн Шар нарнаас өөр бур­хангүй Өвөр дээрх Шүлгийн дэвтрээс өөр бясалгалгүй… Жишээлбэл, энд уянгын баатар өөрийн амьдралыг бүхэлд нь дүрслэхдээ бай­галийг манант намрын хөх салхиар гаргаж, нийгмийн орчин харилцааг машид дэл­гэрэнгүй хүмүүний гэмээр төлөөлүүлж, өөрийн дотоод сэтгэлийн хувьд байгалийг нүүдэлч ахуйг шүтэх мөн чанараа илэрхийлж, улмаар бясалгах, ухаарах таних, гэгээрэх арга зам нь яруу найраг болохыг хэлсэн мэт. Эндээс чамин тансаг хэллэг барагтайд олж харахгүй бө­гөөд харин уянгын баатрын сэтгэлийн өчлийг хөдөлгөөн дунд нь, харилцан хамаарал дунд нь, цаг хугацааны эрэм­бэ дунд нь, орон зайн алслалт дунд нь агуулгын гүнзгийр­лээр гаргасныг бүхэл шүл­гийнх нь хувьд хэлж болно. Нэг талаас ганц энэ ч биш дээрх шүлэг бүтээлүүд зарим нэгэнд хэт энгийн хэн ч бич­чихмээр санагдаж ч болох. Урлагийн мөн чанарыг хэт хөнгөн хялбараар сэтгэдэг нэгэнд тэгж санагдахад гай­хах зүйл угаасаа биш юм. Ерээд оны босгон дээр гарч ирсэн залуус нэг талаас азтай, нөгөө талаас адармаа­тай үед уран зохиолтой хол­богдож үзэг цаас нийлсэн хүмүүс. Азтай гэдгийг энэ цаг үе өөрөө Монголын уран сайхны сэтгэлгээний түүхэнд яалт ч үгүй нэгэн шинэ үеийн үүдийг нээсэн, түүхэн то­хиолдлынхоо хувьд онцгой боломж гэсэн утгаар хэлж болно. Адармаатай гэдгийг утга зохиолын мөн чанарыг авч үзэх баримжаа нэлээд хөдөлгөөнд орж, аливаа цаг үеийн өөрчлөлтийг даган гарч ирдэг зайлшгүй эерэг сөрөг хандлага ажиглагдаж, хар таамгаар зохиол бичин, зарим нэгнийг учраа олохоо болин будилахад хүргэсэнтэй хол­богдуулан хэлж болно. Гэхдээ л энэ үед хэсэг залуус гарч ирэн утга зо­хиолын нэгэн үеийг төлөөлж, уран сайхны сонирхолтой төвөгтэй асуудлыг араасаа дагуулан, онож алдсан алин боловч өвөрмөц туршилт оролдлогыг өрнүүлэн, түү­хийн нэгэн хуудсыг бичилцэж байгаа нь маргаангүй үнэн юм. Чухам л энд онцгойрон ялгарч, өөрийн гэсэн яруу найргийн өнгө төрхийг нэ­гэн­тээ бий болгож чадсан, яруу найргийг дотоод сэтгэлээ илэрхийлэх, ертөнц юмсыг сэрэн таних хэрэгслээ болгож чадсан нэгэн хүн бол яригдан бүхүй Цогдоржийн Бавуудорж мөн юм гэдгийг одоо бүр ч итгэлтэй хэлэх байна. Гэхдээ энэ зам тодорхой төлөвш­лийн түүхийг агуулсан, тодор­хой орон цагийн хөгжлийн үр дүн гэдэг нь төсөөлөгдөж буй биз. Өөрөөр хэлбэл их биш ч бага биш хугацааны туршид бичсэн шүлэг зохиолуудын энгийн жижиг дүрслэлээс эхлээд хөндсөн агуулгынх нь хувьд буюу бүхэл тогтолцоо системээр нь харьцуулан үзэхэд иймэрхүү дүр зураг тодрох учиртай. Үүнээс улбаалан хэлэхэд түүний зохиолыг өмнөх шү­лэгтэй нь бүх л бүтцээр нь харьцуулан үзэх, дорнын нүүдэлч сэтгэлгээ буддын гүн ухаантай холбон тайлбарлах, хүний сэтгэлийн зөрчил амьд­ралын хуулийн тухай гэгээ­рэл бясалгалыг нь уран сайх­ны сэтгэлгээний түүхийн үргэлжлэл дунд нь харах зэрэгт тухай бүр сонирхолтой байна гэдгийг лавтайяа хэлж чадах хийгээд энд зөвхөн зах зухаас нь хөндөхийг оролд­сон хэрэг. “Сарны шүлгүүд” номоос илүүтэй эрчимжиж “Дорно зүгт өвс болно” номд хандлага болох шинж ажиглагдаж бай­гаа агуулгын гүнзгийрэл, өм­нөх шүлгүүдээс нэлээд өөр хэлбэрийн шийдэл, бясалгалт шинжийг талархан хүлээн авч байна. Нэг талаар хувь уран бүтээлчийнхээ хувьд ч бүтээлч эрэл хайгуул, онцлог шилжилт, уран сайхны бая­жилт анзаарагдаж, нөгөө та­лаар энэ цаг үеийн яруу найргийн сэтгэлгээнд ч то­дорхой төлөөлөл болон ха­рагдаж, бүхий л байдлаараа ялгарч байгааг тэмдэглэх нь зүйд нийцнэ. Хүнийг, амьдралыг, ертөн­цийг өөрийнхөөрөө бясалгаж, таньж, ухаарч гүн ухааны мөнхийн асуудлыг хөндөн дэлгэж эргээд бодгалийн дотоод ай саваар тайлан гэгээрч ингэхдээ нүүдэлч энгийн ахуйгаас эхлээд сэт­гэлгээний өргөн багтаамж бүхий урлахуйн өвөрмөц хэлбэрийг бүтээж уран сайх­ны сэтгэлгээний нэгэн тө­лөвш­лийг харуулж байгаа нь түүний царааг илтгэнэ. Товч­хондоо түүнээс илүү ихийг хүлээж, харж байгааг сануу­лахын хэрэг юун билээ.
А.МӨнх-Оргил доктор (Ph.D)

No comments: