Saturday, 27 September 2008

Олимпын дараа...

Бээжингийн Олимпод Монголчууд гайхамшигтай наадаж гурван алтан, хоёр мөнгөн медалтай боллоо. Энэ олимпод бидний хувьд анхны гэдэг тодотголыг авсан үйл явдал, амжилтууд арвин байлаа. Олимпын анхны хоёр алтан медал, Параолимпын анхны алтан медал буюу бүр анхны медал, бокс, буудалгын анхны мөнгөн медал, анх удаа Олимпын жудо, боксын үзүүр түрүүнд монгол хүн өрсөлдсөн гээд л...

Анх Гүндэгмаа мөнгөн медал авч медалын буухиаг эхлүүлсэн. Монголчууд энэ мөнгөн медалыг “булган сүүлтэй” гэх болжээ. Хоёр монгол бүсгүй (xэдийгээр нэг нь ондоо улсынх ч) мөнгө, хүрэл медал зүүгээд шагналын давцан дээр зогсоход бүсгүйчүүдээрээ бахархахгүй байхын аргагүй байлаа. Монголын буудлагын спорт өөрийн дэг, сургуультай болсныг дэлхий дахинд “хашгиралгүй харуулж” чадлаа даа.

Түвшинбаярын алтан медал бол үнэхээр гайхамшиг. Аавын хүү зоригловол аваргуудыг дараад аварга болдгыг Түвшинбаяр үзүүлсэн. Бид ямар их Олимпын алтан медалыг хүсээ вэ... Олимпын аваргатай болоод бид ямар их уйлав аа... Бид ямар ч амархан уйлдаг хүмүүс юм. Бүгд нүдээ арчаад эхлэх юм. Нэг нэвтрүүлэгч залуу хоолой нь зангираад хэлэх үгээ мэдэхгүй байгаа бололтой бантснаа “Түвшинбаяраа чамайг би шүтэж амьдарьяааа” гээд уйлж билээ. (Хөөрхөн ш дээ). Нээрээ хүн асар их баяр бахдал, аз жаргалтай болохоороо хэлэх үг олдоггүй юм байна лээ.

Анхны алтан медал авсан тэр өдөр монголчууд хэсэг солиорсон байхаа. Хэдхэн өдрийн өмнө л чулуу шидэлцээд, зодолдох гээд байсан хүмүүс чинь архи хувааж ууцгаагаад л тэврэлдээд, үнсэлцээд байсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Элбэгдорж, сайд дарга нар Засгийн газрын ордноос согтуу нойтон хэлхэлдэн гарч ирээд “ард түмнээсээ айхгүй баахан юм ярьсан”. Ерөнхийлөгч бүр томорч Элбэгдоржыг чичилж байгаад л “Чи азтай архичин. Би азтай архичин. Бид азтай архичид” гэж улайм цайм ард түмний өмнө хэлсэн гээч. Үгүй юу билээ?... арай тэгэж хэлээгүй юм байна, уучлаарай. “Би азтай Ерөнхийлөгч. Чи азтай Ерөнхий сайд. Чи азтай Ардчилсан намын дарга” гэж хэлсэн юм байна, нээрээ. Тэр үед би Монголд байгаагүйдээ үнэхээр харамслаа. Тийм сайхан мөчид Талбай дээр би зогсож байсан бол би ч гэсэн өөрийгөө “ямар их азтай халамцуу хүн бэ” гэж бодох байсан даа.

Олимпын аварга төрсний дараа дарга, цэрэггүй бүгд Монголчууд эвтэй бол хүчтэй гэж ярих боллоо. Үнэн нь ч үнэн. Гэхдээ эвлэрэл гэж юуг хэлээд байнаа. Саар, муутайгаа эвлэрэхийг хэлээд байгаа юм биш биз дээ. Бид чинь бүхэнтэй эвлэрсээр өдий хүрлээ шүү дээ. Дээрдсэн ч юм алга. Үнэндээ эвлэрэл бол нэгдэл биш шүү дээ. Нэгдэл, эв нэгдэл гэдэг бол хүч. Харин эвлэрэл бол сулрал ш дээ. За, за энэ ч яахав. Харин...

Харин 8 сарын 14-нд жудо бөхийн -100кг-ын тэмцээн эхлэхээс өмнө хэн ч дэлхийд эрэмбээрээ 12-д ордог Түвшинбаярыг аварга болно гэж таагүй байх. Өмнөх өдөр нь олимпын вэбсаитад тэмцээний таамгыг бичихдээ Кейжи Сузукиг дэлхийн шилдэг 32 жудочдыг ардаа орхиж аварга болно гэж таамаглаж байсан. Сузуки ч энэ Олимпыг өөрийн спортын карьерын оргил үе болгоно гэж төлөвлөж байж. Гэвч огт санаанд ороогүй Монгол бөхөд давхар хамуулаад цэвэр ялагдсан билээ. Түвшинбаяр үнэхээр бахтай барилдаж дандаа л аваргуудыг ялсаан. ВВС-ыг спортын тайлбарлагч түүнийг “аваргуудын эрлэг” гэж нэрлэж билээ.

Жудогийн ертөнцийг шуугуулан Монгол жудока Олимпын аварга болоход бөхийн мэргэжилтэнгүүд; хэдийгээр Түвшинбаяр мэх сайтай ч, цэвэр бяраар бүгдийг яллаа гэж дүгнэсэн. Энэ бол яах аргагүй олимпын тэмцээнд түүнийг бэлдсэн багш дасгалжуулагчдын гавьяа. Сүүлд нь би youtube-ээр түүний ондоо тэмцээнд барилдсан бичлэгийг харсан. Түвшинбаярын барилдааны хэлбэр бол ер нь их өөрчлөгдөөгүй юм байна лээ. Хамгийн гол нь хийсэн мэхнүүд нь нэг л даацгүй болоод байх шиг санагдсан. Харин Олимпод бол манай бөх ёстой ургаа хад шиг байлаа. Мэхээ дутуу хийлээ ч гэсэн өрсөлдөгч нар нь хариу мэх хийж чадахгүй байлаа. Түвшинбаярын хийсэн мэхнүүд жаахан удаан мэт санагдавч, маш хүчтэй болохоор өрсөлдөгчид нь биеэ сулалчихсан байхад л аваад шидэж байгаа юм даа.
Түвшинбаяр баавгай шиг хүчтэй байсан болохоор “дайсныхан” бүр допинг хэрэглэсэн гэж гүтгэв. Гүржийн олимпын хүрэл медалт Мовлид Мирелиев Бакугаас ингэж ярьсан байна. APA-SPORT гээчийн тэнэг сэтгүүлч түүнээс ингэж асууж
-Таныг хагас шигшээд ялсан Найдангийн Түвшинбаяр допингын тестэд унах магадлалтай байна. Барилдаж байхдаа ямар нэгэн юм мэдрэв үү?
-Тэгсэн. Найдан олимп, дэлхийн аварга шилдэг бөхчүүдийг бүгдийг нь ялсан. Би хэцүү барилдаан байсан ч ядрахыг мэдрээгүй. Бид хоёрын барилдаан 7 минут үргэлжилсэн. Бид хэн хэнээсээ үндсэн цагт оноо авч чадаагүй. Тэгээд алтан онооны төлөө барилдсан юм. Би түүнийг допинг хэрэглэсэн байх гэж мэдэрч байсан. Дараа нь хоёр допингийн тестийг тэр давж чадаагүй гэж сонссон. Хэрэв ОУОХ тестийн хариуг баталвал би мөнгө медал авна... (Үнэхээр шог байгаа биз. Хэлэх үг ч алга. Бөхийн жудаггүй энэ нөхөр яг олимпын аварга болж харагдаач)

Монголчууд олимпын аваргатай болсны яг 10 хоногийн дараа (08/24) Боксын спортын Олимпын финалд хоёр монгол залуу гарч, ёстой л нэг дэлхийн чихийг Монгол гэж сэртийлгэсэн дээ. МОН-ГОЛ-ИА гэж хашгирсан манай дэмжигчид үнэхээр гайхамшигтай байж дэлхийн бүх л мэдээ мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тэр өдөр манайхан боксоороо ч, хөгжөөн дэмжигчдээрээ ч алтан медал авсан. Энэ шиг гайхамшигтай үйл явдал гэж юу байх билээ. Бүр нэг биш хоёр боксчин шүү дээ. Дөрвөн тамирчинтай очоод боксын медалын нийт дүнгээрээ 4-т бичигдэнэ гэдэг бол том амжилт. Куба, Америк, Англи, Өмнөд Солонгос гээд мундаг улсууд манай ард орсон байна гээд л бод л доо.

2008 оны Олимпын наадмын боксын тэмцээн 15 өдөр үргэлжлэхдээ бас олон рекорд эвдэлсэн байна.
• Хамгийн олон улс алтан медал авлаа. 11 жинд 9 орон алтан медал авчээ. 1988, 1996 онд 9 орон алтан медал авч байсан боловч 12 жинтэй байжээ.
• Монголын анхны алт, мөнгөн медал
• Хятадын анхны хоёр алтан, мөнгөн медал
• Домикан улсын боксын анхны алтан медал, энэ медал нь мөн Домиканы 2008 оны Олимпын тоглолтонд авсан цор ганц медал юм байна. 64кг.
• Армен, Энэтхэг, Mauritius улсуудын анхны Олимпын боксын медал
• АНУын хамгийн муу оролцсон Олимпын тоглолтын боксын тэмцээн
• 1968 оноос хойш Куба улс алтан медалгүй хоцорсон анхны тэмцээн.
• 1920 оноос хойш Франц 3 медал авлаа.
• 1992 оноос хойш Ирланд анхны медалаа авлаа.
• Moлдав, Mauritius улсын 2008 оны Олимпын наадамд авсан цор ганц медал.

Манай тамирчдын дэвжээн дээр биеэ авч яваа байдал үнэхээр соёлтой үзэгчид, шүүгчдийг өөртөө татах чадвартай байсан. Энэ нь ч Монголын Боксын Холбоо тамирчдаа гадаадын олон тэмцээнд оролцуулсантай холбоотой байх. Ялангуяа сэргэлэн шар Сэрдамба бол маш гоё харагдаж байна лээ. Дэлхийн 2007, 2004 оны аварга, 2003 оны мөнгөн медалт, 2004 оны Олимпын наадмын хүрэлтэй Хятадын тамирчин Zou Shiming-тай Сэрдамба хэрэв гар нь гэмтээгүй бол ана мана л үзэх байсан. Эхний раунданд авсан хятадын нэг оноо бол бээлийнийхээ дотроор цохиж авсан оноо шүү дээ. Дэвжээний шүүгч сануулга өгсөн боловч компютер ялгахгүй оноо өгчихсөн. Сэрдамба хятадын боксчны хувьд хатуухан самар байсан. Өөртэй нь адилхан сөрөг довтолгооноор оноо авдаг учир Зоу Шиминг манай сэргэлэн шартай нэлээн л махаа барах байсан даа.

Олимпын аварга Энхбатын Бадар-Уугантай ярих юм алга. Олимпын таван цагиргагыг мөрөн дээр шивүүлчихээд аварга болно гэж очоод л аварга болдог ямар аавын хүү вэ. Тэрээр бүх тоглолтоо илт давуугаар ялсан. Финалд Кубын мандаж байгаа залуу од Yankiel Leon Alarcon-ыг төвөггүй ялахад (16-5) нь дэлхийн хэвлэл, мэдээллээр финалын тоглолт гэж ийм л байх ёстой гэж хэлж ярьж байна лээ. BBC-гээр түүнийг сэтгүүлчдийн саналаар шалгаруулдаг Олимпын тоглолтын боксын тэмцээний Вал Бакерын нэрэмжит шилдэг боксчины шагналын төлөө Украины Васил Ломаченкотой (57кг) өрсөлдөх тамирчин байна гэж магтаж байсан. 1934 оноос хойш гардуулсан энэ шагналыг 20 настай украин залуу авч Бээжингийн Олимпын шилдэг боксчин болсон аж.

Боксын ертөнцөд хүчний шилжилт гарч байна гэж мэргэжилтнүүд үзэцгээж байгаа юм байна. Тэр шинээр гарч ирж байгаа улсуудынх нь нэг нь Монгол улс гэж бодохоор бахархалтай байна. Энэ бол бас их хариуцлага шүү дээ. Одоо манай улс энэ эрчээ алдахгүй өөрийн боксын сургалтаа улам чанаржуулж, Монголын боксын арга барилыг дэлхийд дахин, дахин батлах хэрэгтэй. Хятад улс саяхан л боксыг хөгжүүлсэн одоо хоёр ч Олимпын аваргатай болчихлоо.

Спортыг хөгжүүлэхэд тамирчдыг анхаарахаас гадна дасгалжуулагч, шүүгчдийг бэлдэх асуудалд их анхаарал тавимаар юм байна. Олимпад өөрийн шүүгчтэй байсан нь их тус боллоо гэж боксынхон ярьж байна. Нэг зүйлийг дурсалгүй орхиж болмооргүй байна. Дасгалжуулагчдын шагнал хөлсийг ахиухан өгмөөр юм. Багш, дасгалжуулагчдыг тэтгэж, анхаарахгүй бол спорт хөгжихгүй.

Дасгалжуулагчдын хөдөлмөрийг үнэлэе. Эс тэгвэл тамирчдийн ч амжилт ахихгүй. Дасгалжуулагч нь тамирчнаасаа мөнгө царайчлаад явж байна гэдэг ямар гутамшигтай вэ. Боксын Банди гэдэг хүн шигшээ багийн ахлах дасгалжуулагч болоод Олимпын аварга, мөнгө медалтаныг төрүүлснийг хэн ч үгүйсгэхгүй шүү дээ. Тиймээс БАНДИ БАГШИД БАЙР ӨГЬЕ

Буудлага, жудо, боксынхон сайхан амжилт үзүүллээ. Харин чөлөөт бөхийнхөн медалгүй дахиад л ирлээ. Монголын чөлөөтийнхөн “чөлөөнд” гарчихаж. Одоо холбоогоо шинэчилж, багш дасгалжуулагчдаа сольж, бүр гадаадаас ч хамаагүй шигшээ багын дасгалжуулагч авмаар юм...

Хүн нээрээ амархан даврах юм. Саяхан л сумог үзээд л монголоороо бахархдаг байсан хүн чинь олимпын дараа нэг л ондоо болчихож. Аса циркэд болсон Монгол Баше-г үзэж байхад надад л нэг л гунигтай байсан. Доод зиндаанд барилдаж буй монгол залуучууд тахиа шиг суучихаад л нэрээ дуудахаар босож ирээд тонгос тонгос гээд л бөхөлзөж байсан нь надад “Хайран ч монгол залуучууд, хайран ч гени, харийн соёлд автаад, ийм болчих гэж” гэсэн харамсах сэтгэл төрүүлсэн дээ... За, за энэ ч яах вэ. Дараа бичье...
2008.09.27

5 comments:

Anonymous said...

тонгос тонгос гэж байгаа нь надаа лав аятайхан санагдсан. Хоолыг нь идэж байгаа юм чинь ёсыг нь дагалгүй яахавдээ.

Yalalt said...

hehe anonymous geed ene etgeed haa saigyi baih yumaa, haaya amaa tataj yavaach.
Battulga gishyyni yarlchlaga deer Asa-g sumo-g orhiod judod olimpid barildaach gej asuuj baisiin bn lee shd.Asa zuvshuuruugyi ch gej dee hel amnaas bolgoomjlood ygyi gesen geed.Ug n Asa ter gachin sumo-goo orhiod olimpd ingeed alt avsan bol ch yostoi goe baisan bhaa tee ahaa...

Altai said...

anonymous haa hamaagyi ingeel comment yldeegeed yavah yum daa chaavaas.
Aca sumo-goo orhiod olimpd judo-goor alta ingeed avsan bol goe baihgyi yu tee, Battulga gishyyn ene talaar heden jilin umnu sanal tavij baisan gesen shdee, Aca mongolchuudiin hel amnaas aisan gesen

ganga said...

manaihan buhiin turul, sur harvaltad adgagui sain baidag ni undesnii ulamjlalaas ulbaatai baih. Mongol morini soyol geed l baidag...

Anonymous said...

Asa sumo-d orloo geed muudaagui gej bodoj baina.Yaponii sumogiin tuuhend altan usgeer bichigdeh humuusiin neg shuu dee.deer ni sport ch adilhan ajil gej uzeh yum bol olj baigaa munguru olimpiin avargaas ch iluu garch baigaa.Mongolchuud usiig ni uuval yosiig ni daga gesen saihan ug baidag da. Nom jurmaar ni saihan barildaad yavj l baina bolohgui yum er alga.Sayahan mongold ochood setguulchtei hiisen yariltsalgiig ni unshval Asa-g mongol hun mongoloro baigaag ni olj harah baih gej bodoj baina.Shuvuu shig tongos tongos hiij baigaa ni yoslol ni gej hen ch medej baigaa shuu de, yag l box ehlehiin umnu 2 tamirchin beeliigeeree tsohidogtoi adil

dashramd tanii niitleluud mash ih taalagdlaa.