Friday, 25 July 2008

Юмс хоёр талтай...

Ажаад байхад юмс хоёр талтай юм байна... Би өмнө нь ганцхан миний л зөв, бусдын буруу гэж ганц намдаа гадас шиг үнэнч гозойдог байлаа. Гэтэл миний буруутгах зүйл зөвдөх магадлал бас байна. Магадгүй би хөгшрөөд хулчгар болж байгаа юм уу, манай тал дандаа зөвддөггүйг гадарлах болов. Та нар бод л доо. Ардчилсан сонгууль хийгээд ардчилагчид хулхидуулжээ. Мэдээж хулхидуулсан юм чинь хулхидсан хулгайчуудыг илчлэх хэрэгтэй. Харин ингэж илчлэхэд манай муу авга ахын бага банди ямар гэмтэй юм бэ. Саяны үймээнээр тэрээр нэг нүдээ сохлуулаад, одоо нэг элий балай юм эмнэлэгт хэвтэж байна. Дөнгөж арван жилээ төгсөв үү үгүй юу, цагдаагийн курс шиг юманд явч цагдаа болсон ухаантай юм шүү дээ. Ард түмнээ буудсан хулгайч нь тэр юм гэнээ. Тэгээд болоогүй ээ, цагдаагийнхан нүдийг нь сохолсон гэмт этгээдийг барьсаан. Гэтэл тэр нь нэг жаахан банди. Арван тав ч хүрээгүй, нусаа хацартаа наасан шар банди. Энэ шар банди миний муу дүүгийн л нүдийг сохлох гэж ардчиллын төлөө тэмцсэн хийсэн хэрэг үү. Үгүй нээрээ хэлэх үг алга. Алийг нь шийтгэж, алийг нь зөвтгөх вэ.

Би бол ясны ардчилсан хүн. Хэдийгээр төсвийн байгууллагад ажилладаг ч, муусайн хүнд сурталтангуудыг үнэн голоосоо үзэн яддаг. Тиймээс ч би хэний ч шахалтгүй АН-д элсэж, залуучуудыгаа дэмжиж балиашигладаг. Харин саяны явдал намайг эргүүтүүлчихлээ. Сонин хэвлэлээр бичсэн бүхнийг алгасалгүй уншиж бүр залхлаа. Өдөр хоног өнгөрөх тусам үнэн бүдгэрч авгай нөхөр хоёрын явган хэрүүл шиг юм боллоо. Хэн нь ч буруугаа хүлээгээд, ял шийтгэлээ авах зориг зүрх алга. Бүгд л толгойгоо гашилган “сайхан сонсогдох” хувилбар сонгож сууцгаана. Та нар уншсан бол Магнай сэтгүүлч Уянгатай чаатлаж байгаад “алдарт үг” хэлсэн шүү дээ.
Уянга: ...Элбэгээ чамайг маш тодорхой өмөөрсөн. Үймээнийг зогсоох гэж очоод Магнай өөрөө гааздуулаад, чирэгдээд ухаангүй гарсан гэж ярьсан
Магнай: Сайхан сонсогдож байна.

Үгүй нээрээ юу хэлэх вэ дээ. Ямар архи ууж завхайрч яваад авгайдаа азаартсан би биш сайхан муухай сонсогдох яах вэ. Үнэн явдал юу билээ. Магнай үймээн самууныг зогсоох гэж очоод гааздуулаад, чирэгдээд ухаангүй гарсныг би үзээгүй. Элбэгдорж хажууд нь явж байгаад харсан юм бол, мэдэж байгаа биз. Харин хоёр нүдэндээ итгэвэл Магнай манлайлаж очоод анхны “баатарлаг давшилтыг” хийснийг бол бичлэгээр зөндөө харлаа. “Энэ хүүхнүүд үү” кинонд гардаг шиг нүдээ нухаж байгаад л нүдний шилгүй, нүдний шилтэй харлаа. Яах аргагүй л Магнай мөн л байна лээ. Одоо үүнийг хэллээ гээд би ардчиллагч биш болох уу. Ардчилал гэдэг маань үзсэн харснаа биш зөвхөн “ардчиллын юмыг” ярихаар л ардчилал байдаг юм уу. Ерөнхий сайд байсан Бямбасүрэн гуай “энэ залуус тэртэй тэргүй түүхэнд үлдэнэ” гэж хэлсэн гэнэ. Надад ерөөсөө падлий алга. Харин нүдээ сохлуулсан дүү маань маргааш баталгаатай амьдарч чадах болов уу. Аав нь гэж насаараа жолооч хийсэн хар бор хүн бий. Тэднийх ямар сайд дарга нар шиг эд хөрөнгөтэй биш хужаад очоод нүд хийлгэх буянгүй шүү дээ.

Эрүүл сэтгэдэг шинэ үе гарч хувьсгал хийн Монголыг мандуулна гэж би үргэлж итгэж явлаа. Гэтэл энэ “хувьсгалын анхны дохио” дүүг маань сохолчихно гэж би яаж таах вэ... Үнэндээ үхсэн баасных нь хувьсгал байх вэ дээ. Хэдэн жаахан хүүхдүүдийг урдаа тавьчихаад зодоон үүсгэсэн атлаа одоо зарим нь бүр ардчиллын төлөөх тэмцэл, хувьсгал ч гэх шиг солиорох юм. Ичдэггүй муу новшнууд вэ... Бүр дургүй хүрчихлээ ёстой. Гэдэн хөдлөх гэж байна ш дээ, харин... Үнэхээр л ардчиллын төлөөх тэмцэл юм бол удирдагчид нь баатарлагаар үнэнээ хэл л дээ.

Үгүй нээрээ юмс хоёр талтай юмаа. Би дөч шүргэж яваа гэхэд урьд нь ерөөсөө ингэж бодоoгүй. Магадгүй юмс хоёр ч биш бүр олон талтай байх л даа. Гэхдээ бүр олон талтай сэтгэвэл олон үзүүртэй юмс тархи толгой цоолоод гараад ирэх байх. Иймээс дөч хүртлээ ганцхан талаас сэтгэдэг миний монгол тархинд бол хоёр байхад л хаваатит. Та нар бод л доо. АН-ыг хамгаалсан “Иргэдийн бухимдал эцэстээ тулж дэлбэрчээ” гэсэн нэг нийтлэлд иш татсан аль диваангарын (1892) нэг “суурь бүтээлд” ингэж бичсэн гэнэ. “Ямарваа нэгэн улс төрийн жагсаал цуглаан нь голдуу хэн нэгэн эрх баригч, дарга даамлуудын бүдүүрч байгаад зэвүүцэн, номхон ардыг мэхэлж байгаад бухимдан шаардлага тавин эсэргүүцсэнээс үүддэг”. За бухимдлаас үүссэн гэдэг ойлгомжтой. Харин “бүдүүрсэн эрх баригч, дарга даамлууд” гэдэгт хэнийг багтаах вэ. Нийгэм эрс өөрчлөгдснөөс хойш ардчиллынхан ч, хувьсгалт намынхан ч дарга даамлууд болсон. Ер нь таван удаа сонгууль болоход хоёулаа өгөө аваатай л байсан. Мөн бүдүүрсэн эрх баригчид гэвэл хоёулаа л бүдүүнчүүдтэй. Тэгэж ярих юм бол Элбэгдорж, Магнай нар чинь хэрээсээ хэтэрсэн бүдүүн, Баяр чинь харин тэдний хажууд гоолиг юм байна лээ. Тэгэхээр өнгөрсөн явдал хэрэв үнэхээр л иргэдийн бухимдал эцэстээ тулж дэлбэрч буй бол өрөөсгөл дэлбэрчээ. Одоо АН-ын байрыг ч шатаах хэрэгтэй. Тэгвэл л ард түмэн стрессээ тайлж нэг тайвширна даа. Уг нь бол нам мам гэхээс шууд л Засгийн газрын ордон руу довтлох байсан юм... (За ер нь миний хэлэх гээд байгааг ойлгож байна уу. Өөрсдөө бүдүүрч эрх барьж, дарга даамал болоогүй байж байгаад “суурь бүтээлээс” иш татах байж л дээ. Над 20 жилийн өмнө энэ онол гоё сонсогдох байсан байх, одоо бол үгүй)

Мөн энэ “суурь бүтээлд” нэгэнт л улайрсан ард түмнийг зогсоох аргагүй. Харин ингэж цуглуулж, хүч хэрэглүүлэхгүй байх арга замыг л хайх хэрэгтэй гэжээ. Энэ бол ойлгомжтой. Хэрэв хоёр бух мөргөлдөж байвал хэн дундуур нь орж салгаж чадах юм бэ. Мөн мөргөлдүүлсэн хэргийн эзэд мөргөлдөж байхад нь болиулах гэж оролдлоо ч зөвдөхгүй. Анхнаасаа л хоёр малыг алалцуулсан эзэд л “цугларах овоо”-г босгохгүй байхад л ухаанаа зарах байсан юм. Энэ утгаараа ч “ухаан зараагүй” Элбэгээ “Магнай үймээнийг зогсоох гэж очоод гааздуулаад, чирэгдээд ухаангүй гарсан” гэж өмөөрч ярих утгагүй. Тэгсэн байлаа ч Магнай малын эзэн шиг зөвдөхгүй. Энэ залуу урьд хэчнээн гавъяа байгуулсан ч, үймээн дэгдээхэд “оруулсан хувь нэмрээ” шудрага хүлээх ёстой шүү дээ. Ганцхан Магнай ч биш бүх оролцсон хүмүүс. Түүнийг ийм тийм гавьяатай гээд хариуцлагаас мултаруулах ч утгагүй. Би түүний гавьяаг огт үгүйсгээгүй. Хамгийн гол нь анх дайрснаа л хүлээн зөвшөөрөг л дөө. Бид ямар социалист түүхчид шиг Сүхбаатарын амьдралыг бичиж байгаа биш. Үнэнийг л мэдье. Монголд тустай.

За, за нуршилгүй, ганцхан зүйлийг л би хэлмээр байна. Тэр хүний нүд сохолдог арван тавтай банди чинь Монголын ирээдүй. Учраа олоогүй жаахан хүүхдүүдийг ийм хэрэг төвөгт татах ямар шаардлага байна. Хүүхдийн эрхийг энд ноцтой зөрчсөн байна. Яагаад энэ тухай хэн ч дурсахгүй байна. Тэд үнэхээр шудрага ёсны төлөө тэмцсэн бол хүүхдүүдийг бамбай болгохгүй л байсан байхгүй юу. Ирээдүйгээ хамгаалахын оронд “галын шугам руу” түлхэж байдаг. Намайг нэг найздаа үүнийг хэлтэл харин нөгөөтөх чинь өөдөөс “Тэнд хүүхэд их оролцсонд чи арай хүүхдийн эрх, тав тух энэ тэр гэж ярих гээд байгаа юм биш биз дээ? Төр нь энэ талаар ярихгүй болоод удаж байгаа шүү. 18 жилд монголын хүүхдүүдийн хагас нь амьдаараа өнчирч, хагас нь ерөөсөө гудамжинд өлсөж цангаж, хог түүж өссөн учраас тэд юунаас ч айхгүй болсон. Тэдэнд ингэж яваад үхэх нь аз жаргал” гэж солиордог байгаа. Дэндүү харгис байгаа биз. Хэн ч тоохоо больсон юм гээд энэ хүүхдүүдээр золиос хийх гэж үү. Эсвэл хүүхдээ тэврээд чулуу шидсэн “зоригт” ээж шиг бүгд л хүүхдүүдээ авчирч чулуу шидүүлэхгүй яасан юм. (Хөгжингүй оронд бол ийм эхийн эх байх эрхийг хасна) Гэтэл зарим дарга нарын хүүхэд гэртээ тоглож суусан биз дээ. Арай л ард түмний хүүхдүүдийг дээрэлхсэн юм биш үү. Би тэр арван тавтай бандийг одоо яах вэ. Түүний оронд насанд хүрсэн хар юм сууж байгаасай даа. Тэгсэн бол ёстой дүүгий маань нүдийг сохолсон баастай нэгийгээ үзэхгүй юу…

Нээрээ ядарсан ард түмнээр дураараа тоглож болдог юм байна. Саяны үймээн бол хэсэг нөхөд ард түмнийг ашиглах гэсэн боловч, хяналтнаасаа алдаж ардын хүүхдүүдийг хооронд нь алалцууллаа. Одоо ард түмний бухимдлыг өрсөлдөгч тал руугаа онилуулж, биеэсээ зайлуулдаг арчаагүй аргаа улс төрчид ашиглахгүй байх нь хамгийн хүнлэг явдал. Үгүйчүүдийн уур хилэн аль нэг намд биш харин хоолыг нь булааж идсэн хүн бүхэн рүү чигэлсэн. Гоё үгээр молигдож ходоодоор нь тогловол харин ч улам их хараал зүхлийг өөр дээрээ хураана.

Та нар Ху намаас нэр дэвшигч мөнгө тарааж байгаа бичлэг үзээрэй*. Тэр эмээ өвөө нар мөнгө яаж мөргөж авч байна. Үнэхээр зүрх зүсмээр. Эд чинь нөгөө дуунд гардаг уужим саруул ухаантай, жинхэнэ монгол аав ижий нар шүү дээ. Тэгэхээр бид бол ийм л ард түмэн. Хэдийгээр бөөснөөсөө салж, жийп унадаг болсон ч тархи толгой маань спиртэнд хатчихсан, мухар сүсэгтэй ард түмэн. Ардчилал, хүний эрх гэдэг цаасан дээр байна. Харин гавалд даанч алга. Ардчилал бидэнд дэндүү ахдаж байна. Бид ийм л мухар сүсэгтэй, тэнэг ард түмэн болохоор хөгжихгүй, хэдхэн хувиа хичээсэн хүмүүст маллуулж, сонгуулиа ч шудрага цэвэрхэн хийж чадахгүй ядуу амьдарч байгаа юм. Одоо бид өөрсдийгөө л зүхэхгүй, өөр хэнийг зүхэх юм бэ.... За больё бүр уур хүрчихлээ. (Тайвшир, тайвшир юмс хоёр талтай шүү, хоёр талтай шүү!)

Үнэндээ эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй бялдуулч юм бичсэнгүй. Ардчилал хөгжихөөр ардын хүүхдүүд нэг нэгнээ алдаг гэж би итгэхгүй учраас миний дүүгийн нүдийг сохолсон арван тавтай хүүг уучлах сэтгэл над бий. Харин хийсэн, ярьснаа булзааруулж хариуцлагаа хүлээхгүй байгаа улс төрчдийг уучлаж чадахгүй юм. Хэрэв тэд зоригтой үнэнийг ярьвал магадгүй би уучилж мэднэ. Бас ч гэж уужуу сэтгэлтэй монгол хүн шүү би. Эцэст нь боловч хамгийн гол нь сохорсон дүүд маань гадаадад очиж эмчлүүлэх мөнгө хэрэгтэй байнаа. Хандивыг бол дарга, цэрэг, АН, ХУ гэлтгүй өгсөн бүхнээс нь авна шүү. Буянтай хүмүүс минь гараа сунгаачээ.

Баянгол дүүргийн иргэн Гадас овогт Д. Галсанжав.
2008. 08. 20
*http://video.google.com/videoplay?docid=5999798477113436222&hl=en

3 comments:

Javkhlan said...

таны бичсэнийг уншлаа бас бодууштай л юм гэхдээ бас буруу талаас нь баримтгүй бичсэн юм бол их байна. тэр үйл явдал болдог орой би өөрөө телевизийн өмнө оройжингоо суусан билээ. хэрэв та бас надтай адил хараад сууж байсан бол 2 нүдээрээ харах байсан. магнай үнэхээр үймээнийг зогсоох гэж очоод гааздуулаад буцсаныг миний 2 нүд алдалгүй харсан. ийгл телевизийнхэн болж өгвөл тэр хэсгийг дахиад гаргавал зүгээр байгаан. яг ямаршуу процесс болсныг бичье гэвэл; магнай жагсаал болж байгаа газар дахин ирэв. ирэхэд нь олон түмэн алга ташин хүлээн авч байсан. тэгээд МАХН байрны шатан дээр гараад чулуу шидэхээ боль гэж ам хэл, гар хөлөө орлцуулан хэн ч харсан ойлгогдохоор хашгиран хүмүүсийг зогсоох гэж үзээд барахгүй болохоор нь цагаан хоолой байна уу гэж хажуу талаасаа асуутал цагаан хоолой бус цагдаа ах гаазтай хамт үсрэн орж ирэхийг би өөрөө харсан харсан бөлгөө. үүний дараа үнэхээр 2 бие хамгаалагч нь дундаа хийгээд гарч зугтаасан билээ.
дүүгийн чинь хувьд хамарсалтай юм болж гэхдээ бас цаана нь өч төчнөөн цагдаа бус энгийн иргэн гэмтэж бэртэх нь байтугай 5 хүний алтан амь байхгүй болчихоод байна.

Javkhlan said...

тэр 15 настай хүүхэд чинь мөн л үзэл бодлоо чөлөөтөи илэрхийлэх эрхтэй монгол улсын иргэн хүн шүү дээ. цаг нь ирвэл эрхээ чулуугаар ч бусдад илэрхийлэх үе байдаг юм.

Anonymous said...

galsanjav hetrulej, 15 huuhdiig chireed tend avaachaagui l blgui