Monday, 7 January 2008

Владимир Путин: “хvйтнээс” ирсэн тагнуулч

Жилийнхээ цалин хөлснөөс давсан үнэтэй цаг зүүдэг хүн ховор ч Владимир Путин тэр ховор хүмүүсийн тоонд орно. Улс төрчдийн зүүсэн бугуйн цагуудыг харьцуулсан саяхны нэг судалгаагаар Ерөнхийлөгчийн зүүсэн алтан шаргал Patek Philippe цаг 43,000 паундаар үнэлэгдэв. Бэлэг ч байж магадгүй, бүр хуурамч ч байж болох (Москвагийн хар зах дээр £350, гэхдээ дэлхийн удирдагчдын нэг оюуны өмчийн хулгайг дэмжих нь ухаантай явдал биш ч), ямар ч байлаа сонирхол татах нь гарцаагүй.

Тime сэтгүүлийн 2007 оны хүнээр тодорсон Путин, Кремльд байсан долоон жилийнхээ дараа эрх мэдлээ шилжүүлэхээр бэлтгэж байх энэ үед түүний хувийн хөрөнгө чинээний талаар олон асуулт сөхөгдлөө.

Хэдэн долоон хоногийн өмнө Москвагийн улс төр шинжээч Станислав Белковски гайхширмаар зүйлсийг мэдэгдсэн билээ. Үүнд Путин санхүүгийн аадармаатай үйл ажиллагаагаар Оросын эрчим хүчний салбарт £20 тэрбум хүрэх хөрөнгө эзэмшсэн ажээ. Түүний мэдэгдсэнээр, Путин, Сургутнефтегазын 37 хувь буюу £9 тэрбум хөрөнгө; Газпромын £6,5 тэрбумтай тэнцэх 4,5 хувь; мөн Шведийн газрын тосны Гунвор компаний хөрөнгийн тал, £5 тэрбумыг эзэмшжээ. Энэ их хөрөнгө түүнийг дэлхийн хамгийн баян 10 хүний тоонд багтаана. Харин өчигдөр Guardian сонин дээр хэвлэгдсэн Гунвор группын ил захианд Путин тус компанийн хувийг эзэмшдэг ба үйл ажиллагааг нь тэтгэдэг болохыг үгүйсгэсэн.

Албан ёсоор бол Путины хөрөнгө чинээ тун даруухан. Парламентад өрсөлдөхөөр бүртгүүлснийхээ дараа Ерөнхийлөгч улс орныхоо удирдагчийн хувьд жилийн орлого нь 2 сая хүрэхгүй шахам рубль (£41,000) хэмээн зарласан. Түүний гурван банкны дансанд нийлээд 1,000 орчим паунд бий. Тэрээр ердөө л, Санкт Петербург банканд цөөхөн хувьцаа, Москвагийн ойролцоо багашиг газар, Петербургад даруухан байр, хоёр жараад оны Волга хөнгөн тэрэгтэй аж.

Хамгийн сонирхолтой нь юу вэ? гэвэл, Белковскийн мэдэгдэл худал үнэндээ биш (дурдагдсан компаниуд эрс үгүйсгэцгээсэн. Тиймээс үнэнийг олох бараг боломжгүй болжээ). Харин Путин хоёр удаа Ерөнхийлөгчөөр сонгогдож, ирэх таван сард суудлаа суллахаар бэлдэж буй энэ үед шуугиан дэгдсэнд байна.

Оросоор компромат буюу улс төрийн харилцан буулт хийсэн заваан тоглоом энэ орны улс төрийн мөнхийн үзэгдэл. Путин өөрөө КГВ-ын залгамжлагч Холбооны Аюулгүйн Албаны (ФСВ) толгойлогч байхдаа Кремлийн хээл хахуулийг хэт улайран шалгасан Оросын Ерөнхий прокурорыг огцруулахад гол үүрэг гүйцэтгэсэн юм. Ерөнхий прокурор хоёр янхантай наргиж байгаад нууц бичлэгт орсон билээ. Саяхан гэхэд л, Михаил Касяанов (£9,000 үнэтэй Breguet Classique бугуйн цагтай) Кремлийн эсрэг байр суурь илэрхийлэхэд, эх сурвалж сайтай угсараа хэдэн нийтлэлүүд сонин хэвлэлд гарч хуучин Ерөнхий сайдыг, улсын өмчийн тансаг зуны байшинг жинхэнэ үнэлэгдсэн үнээс нь багаар авсан гэж буруутгацгаалаа.

Саяхан шахам л, Кремлийн сөргөлдөгч талууд, олон оросууд үндэстний сэргэн бадралын баталгаа гэх, Путины арыг малтахгүй гэсэн бичигдээгүй нэгэн дүрэм мөрдөцгөөж байв. Харин одоо энэхүү дуугүй зөвшөөрөл хүчингүй болсон бололтой. 12 сарын эхээр Путин Ерөнхий сайдын орлогч Дмитри Медведевийг өөрийнхөө залгамжлагч гэж зарласан билээ. Газпромын нарийн бичиг, нэрт гараагүй хуульч Медведевийг Ерөнхийлөгч дэмжихээ олны өмнө зарлана гэдэг бараг Ерөнхийлөгчөөр түүнийг сонгосонтой тэнцэнэ. Ерөнхийлөгч Путины наян хувийн рэйтинг, мөн зохион байгуулттай сонгуулийн хүчтэй аппарат Медведевийг гурван сард болох хэлбэр төдий сонгуулиар дээш гаргаж ирэх нь гарцаагүй.

Медведев Путины ерөнхий шугамаар улс орноо удирдаж, эдийн засгийн хөгжил, энх тайвныг баталгаажуулна гэж амлаж байна. Энэ нь ямар ч гэлээ, Путинд өлзийтэй болох нь ойлгомжтой. Харин Кремль доторх зарим тал энэ явдалд сэтгэл дундуур байна. Медведев бол, зарим нь Путины төрөлх хот Санкт Петербургаас гаралтай, Ерөнхийлөгчийн хүрээллийн “либерал омгийнхийн” төлөөлөгч юм. Тиймээс ч “хүчнийхэн” буюу “силовики” (Кремлийн КГВ ба цэргийн ветерануудын омог) түүнийг мандахад эвгүйцэв. Шинжээчдийн итгэж байгаагаар Путины эд хөрөнгийн талаарх дэгдсэн шуугиан нь, эрх мэдэл, эд хөрөнгөнд хүрэх замаа самардан хороож буй “хүчнийхний” сэрэмжлүүлсэн буудалт ажээ.

Ямар ч байлаа, Кремль дотроос муу цууриа дэгдсэн нь шинэ үзэгдэл боллоо. Борис Елцин Путиныг далд байдлаас татаж, ерөнхийлөгчийн суудлыг өгснөөс долоон жилийн дараа ч, 2000 онд асуугдаж байсан асуулт дахиад л тавигдав. Владимир Путин гэж хэн бэ?

Тэр үед Баруунд, Путиныг дүгнэсэн дүгнэлтүүд энгийн байлаа. Путин бол КГВ-гийн тагнуулч, жудогийн мэргэжилтэн, мөн ЗХУ-г оршин тогтноход гол үүрэгтэй, 1917 онд Лениний Чекагаас үүсэлтэй улсын аюулгүйн системийн үе руу эргэн тэмүүлэгч гэж үзэцгээж байв.

Цаг хугацаа өнгөрөх тусам нилээн популист болсон Путин, Елцингийн үед ноёрхсон эмх замбараагүй байдал, цус урсалтыг эцэс болгосон хүн гэж тодорхойлогдох болов. Оросын анхны Ерөнхийлөгчийн засаглалын үед бизнесийн олигархиуд төрийн өндөр төвшинд нэвтрэн, улс төрийн байр сууриа ашиглаж хуйвалдаантай хувьчлал хийцгээж, хуучны цагдаагийн дэглэмтэй улсын хамаг хүчээр өөрсдийнхөө дайснуудыг ниргэсэн билээ. Ихэндээ согтуу, эсвэл өвчтэй Елцин анархизмийг зогсоож чадаагүй. Харин Путин бол залуу: ‘Улс хүчтэй байх тусам, хувь хүн чөлөөтэй байна’ гэсэн шинэ уриатай эрүүл эх оронч байлаа.

‘Хэрэв бид Елцины засаглалыг “байнгын хувьсгал” гэж ойлговол, Путин эвлэрүүлэн зохицуулагч, Наполеон болох билээ’ гэж Путин: Oросын сонголт номондоо Ричард Саква бичжээ. ‘[Тэрээр] илүүц зүйлсыг хаяж, нийгмийн хөгжилд зайлшгүй хэрэгтэй хувьсгалын эриний дэвшилт элемэнтүүдийг шинэ дэгэнд эвлэрүүлж, улс орноо дахин босгосон.’ Ричард Саквагийн бичснээр бол Путин “либерал чекист”- хэдийгээр ядмаг үндэстэй ч ардчилсан хандлагатай, карьер хөөсөн улсын тагнуулч аж.

Путины үзэл бодол харьцангуй элбэг дэлбэг Брежневийн үе, залуу насанд нь бэхжиж. Тэрээр 1952 онд Ленинградад төрсөн. Түүний эцэг, эх нь тэр үед, урьд нь Олег, Виктор гэдэг хоёр хүүгээ алдсан, аль хэдийн дөчийн хэвийсэн хүмүүс байв. Путины аав 1942 онд Ленинградын хамгаалтын үед хэд шархдсаныхаа дараа үйлдвэрт ажилсан ажилчин хүн байв. Ээж Мариа нь, германчууд хотыг 900 хоног эзлэхэд арайхийн амьд үлджээ. Тэрээр ээжийгээ ба том ах нараа дайнд алджээ. Аав ээжийнх нь эмгэнэлт амьдрал Путин төрөхөд шинэ утга учиртай болсон мэт санагдана. Том Владимир намын гишүүн болж, хэдийгээр тэдний гэр бүл нийтийн байранд амьдардаг байсан ч амьдрал тогтворжив. Багадаа Путин найзуудтайгаа хамт харх агнадаг байжээ.

Тэрээр суралгандаа сайн, хүсэл зорилготой залуу болон өссөн аж. Спортын авьяас нь ч илэрч 1976 оны Ленинградын жудогын аварга болсон байна. Тэрээр хожим нь дурсахдаа: ‘Би бол Зөвлөлтийн эх оронч хүмүүжлийн цэвэр, амжилтай бүтээгдэхүүн байсан’ гэжээ. Путин 1983 онд Людмилатай гэрлэж хоёр охинтой болсон байна. Катья 23, Маша 22 настай.

Хэдийгээр Зөвлөлтийн амжилтай бүтээгдэхүүн ч Путин өмнөх үеийнхнийгээ бодвол, Михаил Горбачёвийг залсан хүсэл зорилго болох, хэрхэн Зөвлөлтийн системийг аажим шинэчлэлээр хадгалах вэ гэдэг маргааныг төдийлөн ойшоогоогүй. Саква бичихдээ, Путины хүсэл зорилго бол гадны түрэмгийлэгчдийг няцаасан хүчтэй ЗХУ-коммунист үнэт зүйлсийг төвийлгөөгүй зөвхөн эх орныг бүсэлсэн гадаадын дайснуудыг дийлэх “харьцангуй хийсвэр суртал ухуулга багатай эх оронч үзэл” ажээ. Түүний дуртай кино нь нацистуудын дунд орсон зөвлөлтийн тагнуулчийн тухай Хаврын арван долоон учрал гэдэг телевизийн олон ангит кино аж.

Аугаа Оросыг дахин сэргээх Путины төсөө түүнийг хуулийн сургуулиар хөтлөж, КГВ-д оруулжээ. Тэндээс тэрээр туйштай дэвшиж, Холбооны Аюулгүйн Албаны дарга, дараа нь Ерөнхий сайд болсон. Ерөнхийлөгч болоод тэрээр эрх чөлөө, эдийн засгийн хөгжлийн тусын тулд төрийн хүчийг төвлөрүүлэхийг уйгагүй зүтгэв. Энэхүү явцын дунд, түүний өрсөлдөгчид болох Михаил Ходорковский мэтийн хүмүүс хайр найргүй бут ниргүүлж, зарим нэг олигархиуд гадаад руу зугтаж, сөрөг хүчний намууд бүрэлдэж амжилгүй даруулжээ. Хэвлэл мэдээлэл түүний хүчтэй суртал ухуулгаар хахах болсон байна.

Баруунд сэжиглэнгүй хандах хандлага идэвхжив. ‘Оросын дотоод хэрэгт хутгалдсан гадаадын хөрөнгө мөнгө ихсэж байна’ хэмээн Путин Холбооны Зөвлөлд 2007 оны 4 сард хэлж байв. ‘Зарим нь хуучин руугаа очин улс орон, ард түмнийг дээрэмдэж, байгалийн нөөцийг цөлмөж, манай орны эдийн засаг, улс төрийн тусгаар байдлыг үгүйсгэхийг хүсэж байна.’

Иймэрхүү шүүмжлэл бол сонгогчдийн сэтгэлийг амархан татна. Гэхдээ л эдийн засгийн дэвшлийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Олон сая оросууд нийтийн тээврийн үйлчилгээ сайжирч, тэтгэвэр цагтаа тавигдаж, цалин хөлс нэмэгдсэн болохоор Путиныг дэмждэг. Гэвч Путин 90-д онд дэвэрч байсан Кремлийн доторх тэмцлийг дарж тагласан гэдэг цуу худлаа болох нь нотлогдоно. 12 сарын эхэнд болсон Парламентын сонгуульд Путины Нэгдсэн Орос нам давамгайлж, ерөнхийлөгчийн эрхээ хураалгасны дараа ч эрх мэдлийн оргилд байх түүний хүслийг бататгасан ч Путины ирээдүй нээлттэй асуулт хэвээр.

Ерөнхийлөгчийн сонгууль ойрдох тусам тэрээр Кремлийн дайсагнасан талуудыг эвлэрүүлэх гэж ядсан “энхийг сахиулагч” шиг харагдах боллоо. Путин өөрийн гарсан чекистүүд, өөрөө багтмаар байгаа либералуудын алийг сонгох вэ? Аль нэгийг нь сонгох шаардлага гарах болов уу. Гэвч нөмөр нөөлөгтэй ерөнхийлөгчийн нөмрөггүй Путин эрх мэдэл, хүч чадлаа хадгалж чадах эсэх нь асуудлын гол юм шүү дээ.

THE OBSERVER PROFILE by Tom Parfitt
http://www.guardian.co.uk/russia/article/0,,2231717,00.html#article_continue
The Observer 23.12.2007

Х.Эрдэмбилэг, 2008.01.02-ны, 23.05-нд орчуулав.

5 comments:

Barimalch said...

Ih dajgui niitlel baina! bas time.com deer mash dajgui yariltslaga n say garsan video n ch baisan.

Anonymous said...

dandaa l ajltai gej bdag Eebee bas hedii zavandaa yum bicheed, orchulaad taviad bnaa. Sain bn shde! :-)

Barimalch said...

za end neg Putinii sonin alibom olloo humuus sonirhooroi:

http://www.youtube.com/watch?v=vO70NlcqlBQ

kakadu said...

Лидерийг хийснээр нь үнэлдэг. Вальдемар Вальдемарович бол яахын аргагүй л хүчтэй, жавхаатай, зоригтой золбоотой тэгээд мэдээж азын од нь нь гийсэн лидер байсан. :D Тийм ээ тэр тодорхой хэмжээний авторитаризмыг оросын нийгэмд авчирсан, гэхдээ тэгснээрээ элгээрээ хэвтээд өнөө маргаашгүй өдрөө хүлээн, мянган хэсэг болж задрахдаа тулаад байсан Баавгайн улсыг буцааж хөл дээр нь босгож чадсан. Бас тэр азтай ерөнхийлөгч. Түүнийг улсаа толгойлж байх үед ашигт малтмал, газрын тосны үнэ өндөр байж Орос улс халаасаа зузаатгаж чадсан. Харин хуримтлагдсан мөнгийг Путин зөв зарцуулж тамирдаад байсан Орос улсын бүх судсаар тэжээл гүйж эхэлсэн. Орост угаас дургүй барууны ертөнцийнхөн зөв харж инээгээд буруу харж уйлангаа ОРосыг дахиад л хүчирхэгжиж буйг нь харж сууна. Тэгэхээр Путиныг бид жишээ нь хэн гэж дүгнэж болох вэ? Тэр бол дарангуйлагч, гэхдээ зөв дарангуйлагч. Ингэж хэлж болох болов уу? :))

Anonymous said...

Hello. And Bye.