Wednesday, 29 August 2007

Асашёорюv

Асашёорюү-
Дохо-н дээрх Дөл,
Тогтоож барихгүй Давалгаа,
Дарж номхруулахгүй Шуурга,
Хорьж саатуулахгүй Үеэр.
Уулыг түлхэх Цуппари,
Усыг ширгээх Омог,
Үнэнийг үзүүлэх Тулаан,
Үхлийг дийлэх Алдар.
Асашёорюү-
Жартгар нүдтэй Монгол,
Жадлахад цавчихгүй Хараа,
Ялахад сагахгүй Бодь,
Ялагдахад сөгдөхгүй Зориг.
Бодолд төөрөөгүй Үнэн,
Болохгүйг бүтээх Зөн,
Эгзэгийг алдахгүй Билэг,
Эргэж хөрвөхгүй Сум.
Асашёорюү-
Айдсыг дийлсэн Сэрэмж,
Аюулыг өдсөн Цөс,
Агаараар цэнэглэгдэх Эрч,
Аюулхайг догдлуулсан Агшин.
Сөргөх бүр сэргэх
Цочмог гарах Хурд,
Зогсолт бүр нь шигдэх
Дэвжээнд гагнаастай Суурь.
Асашёорюү-
Аранзал улаан Наран,
Алдарт хорогдохгүй Сэтгэл,
Үгээр дүрслэхгүй Өрсөлдөөн,
Урсгал сөрсөн Ялалт.
Хорин насны Тунхаг,
Хоёр туйлын Нийлбэр,
Болдоос бүрэлдсэн Баатар,
Босоогоор төгсөх Домог.
Асашёорюү-
Сансарт дүүлсэн Од,
Санаанд олзлогдохгүй Хараацай,
Залуу насны Жавхаа,
Чадал, ухааны Цогц.
Ахих тусам бэхжих
Аагийг дарсан Ааг,
Газар, Тэнгэрийн дундах
Ганцыг билэгдсэн Аварга.
Асашёорюү-
Хөх Тэнгэрийн Луу,
Хөрст дэлхийн Хүчтэн,
Бөртэ чонын удам,
Бүх Японы Ёкузоно.
Дахин төрөхгүй Дагвадорж
Далайн чинээ аварга.
Эргэж олдохгүй Их Аварга
Энэ Монголын Бахархал.
Асашёорюү…

2004.06.15-17

Нартай бороо

Нартай бороо
Сэргэлэн бороо
Нар мишээлгэсэн
Зугаатай бороо.

Нартай бороо
Өнгөтэй бороо
Солонго авчирсан
Балчирхан бороо.

Нартай бороо
Ховорхон бороо
Найзуудыг сайндуулсан
Сайн бороо.

Нартай бороо
Зуны бороо
Дэлхийг чимсэн
Цэцгэн бороо.

Нартай бороо
Дулаахан бороо
Хацар үнссэн
Сонин бороо.

Нартай бороо
Дурсамжтай бороо
Инээдээр хахсан
Хөгжилтэй бороо.

Нартай бороо
Гоё бороо
Дандаа ийм
Байгаасаа гэтэл
Зурвасхан ороод
Дуусчихдаг бороо.

2003.12.02

Тvй, тvй, тvй буюу eдрийн тэмдэглэл

Урьд шөнө гадуур наргиж яваад гэртээ үүр цайхад орсон тул Гүнжээг өглөө арван нэгэн цагт утасдахад сэрэх бэрх байлаа. Ганц амралтынхаа өдөр жаахан удаан унтсан ч яахав гэж зурвас бодогдсон ч нэгэнт л туслана гэсэн болохоор нойроо хагаслан хэлсэн амандаа хүрэхээр өндийлөө. Азаар байраа солиж байгаа бүсгүй манайхаас холгүй, арваад минут л алхаад орчихоор ойр аж. Нүүр амаа угааж, өвдөг цоорхой жинс, өнгө цайрсан футболикоо өмсөөд гэртээ эргэж ирээд орондоо шууд шургана гэсэн тангарагтай хаалга хаалаа.

Хүүхэн новш ихтэй юмаа. Ганц хоёрхон хүнд чемодан гэж санасан андуурчээ. Худалч хүнд бараг хог дээрээс түүсэн гэхээр олон гялгар ууттай есөн шидийн юмс. Шартаад толгой эргээд байсныг ч хэлэх үү, уцаарандаа, “Энэ хогнуудаа хаяж болдоггүй юм уу” гэж нэг хэллээ. Гүнжээ хөөрхий, ааш муутай явааг маань анзаарсан бололтой юу ч дуугаралгүй, доош тонгойн уут саваа янзлана. Хоёр жил шахам нэг газар амьдарсан эмэгтэй хүн хог новш цуглуулах нь бас аргагүй ч юм уу. Гэтэл ядаж байхад Гүнжээгийн будилуу зан бас нэрмээс болов. Түүний ухаан санаа хог новштойгоо “холилджээ”. Анхнаасаа л цэгцтэй байхгүй, туслахаар ирсэн бас нэг охиноор гал тогооныхоо хэрэгслүүдийг янзлуулсан чинь өнөөх нь хамт амьдардаг айлын хоолны сав, аяга таваг, хоол амтлагчыг нь хүртэл хамаад савлачихаж. Бид Шэфэртбушээс Вест Кенсигтон руу хоёр удаа таксигаар ачааг нь зөөхдөө эдгээр юмсыг аваад явчихсан аж. Үүнийг байрны эзэд, биднийг сүүлийн ачаагаа таксигаар зөөсний дараа орж ирэн мэдэв. Анх гэртээ ирэхдээ л гадаа хогын саванд хар ууттай хог чихэж байсан над руу янзгүй харж, намайг мэндлэхэд сайн уу ч гэхгүй
-Чи юу хийж явж байгаа юм гэж хүйтэн хөндий хэлсэн хар хувцастай, пиндүү халимагтай гуч арай хүрээгүй өндөр залуу надад үнэхээр таалагдсангүй. Юу хийж зогсоо маань ойлгомжтой атал асууж байдаг гэж бодсноо
-Гүнжээг нүүлгэж байна гэж товч хариулав. Залуу дахиж надтай яриагүй цаашаагаа гэр лүүгээ орсон. Харин эхнэр нь бололтой цагаан хувцастай, тэг дөрвөлжин гэчихвэл арай л квадратын утга гажигдмаар, намхан бүдүүн бүсгүй миний хажууд зогссон атлаа тоож ч харахгүй утсаар хэн нэгэнтэй чанга ярьж тачигнатал хөхөрнө. Тэр үед гадуурхагдаж, биеэ барин дэмий гадаа зогсохдоо “Ёстой л инээд зэвүү хоёрыг зэрэг хүргэнэ гэдэг чинь энэ байхдаа, зайтай дөрвөлжин юм аа” гэж бодлоо. Утсаар ярьсныхаа инээдийг хүргэж, хажуудаа зогсныгоо үл тоомсорлон зэвүүг нь хүргэнэ. Мэдээж мэдрэл биш л бол намайг анзаарсан нь ойлгомжтой гэтэл мэндлэх нь байтугай байгааг маань ч хүлээн зөвшөөрөх дургүй бололтой. Энэ ер нь яасан бүдүүлэг хүүхэн вэ гэж би бас бодож байлаа... Дараа нь намайг гэрт нь ороход, байрны эзэн залуу гал тогооны өрөөнөөс Гүнжээг омогтой дуудаж сав суулгаа асуусан юм. За энэ ч яахав, би түүнийг ойлгож байна. Үгүй хойгуур нь хамаг юмыг нь хамаад явах ямар олигтой байх вэ. Энэ бол цэвэр манай найзын буруу.

За тэгээд, ямар ч гэлээ бид тэндээс хэрүүл уруулгүй гарсан. Хүний юмсыг эргэж ирж авчирахаар тохироод бид бусад үлдсэн хог новшоо бариад автобусаар явахаар боллоо. Гэтэл нэг бүдэрвэл ес бүдэрнэ гэдэг шиг, нэг будилвал дахин дахин будилдаг аж. Тэр тусмаа нүүж суугаа хүн бүр барьц алдах юм. Хуучин гэрээс нь гараад баахан новштой алхаж явсаар автобусны буудал дээр ирээд нэлээн удаан унаа хүлээсний дараа 295-н номерын автобусанд суух гэтэл Гүнжээ билетээ олддоггүй. Яаж ч олох вэ дээ, гар цүнхээ өрөөндөө орхичихсон юм чинь. Тэгээд эр юм болохоороо би л авчрахаар болов. Арайхийж сажласаар байрных нь хаалганд тултал цагаан хувцастай бүсгүй гадаах хаалгаа дэлгэчихсэн үүдэн дээрээ, нүдээ хагас аниатай, баруун гартаа уугсан арц барьчихсан хоёр тийш болгон ямар нэгэн үл үзэгдэгч зүйлийг тууж гадагшлуулж буй аятай, их л сүсэг бишрэлтэй бувтнан зогсов. Тэрүүхэн үед би яахаа мэдсэнгүй, хэрэв холоос харсан бол буцах байсан байх, гэтэл хожимджээ. Бүсгүй намайг хараад хачин царайлахад би анзаараагүй дүр эсгэн
-Гүнжээ гар цүнхээ өрөөндөө мартчихжээ гэв. Түүнд хэлэх үг олдоогүй бололтой амаа жимийн
-Мхм гэх авиа гаргаснаа хаалгаа гялс хаав. Хаалттай хаалганы өмнө зогсохдоо юу болоод өнгөрөв гэж би бодлоо. Хүүхэн гэрт нь муу муухай, бузар юмнууд орчихсон тул ариусгал хийж, бидний араас арц уугуулжээ. Тэр муухай юмсын нэг нь би гэхээр гутах шиг, дургүй ч хүрэх шиг... Бодвол, уранхай жинс, муухай царай, муруй хамартай юм холуур байг хэмээн залбиран зогссон биз. Гэтэл нөгөөдөх нь холдох биш харин ч өөдөөс нь гөлрөөд зогсож байх... балай юм.

Хаалга огцом онгойж эргээд ярвайчихсан бүсгүй гар цүнх сарвайв. Би цүнхийг авчихаад, хаалга хаагдахаас урьдаж, огт санаандгүй
-Гайгүй байхаа санаа зоволтгүй гэж хэлээд эргээд алхтал хойноос бүсгүй
-Юу гэнээ, чи юу гэнээ гэсээр дагаад ирэв. Би хойш харангаа хурдан алхаж
-Санаа зоволтгүй, танайх гайгүй байхаа гэв. нь Царай нь цочмог минжийж, улайрсан хүүхэн
-Бид юунаасаа санаа зовох юм аанн, алив чи байж бай даа гэсээр араас бараг гүйх шахам гүйцээд ирэв. Түүний хойноос нөхөр нь ханцуйгаа шамалчихсан гараад ирлээ, тэр бас миний хэлснийг сонсоод түргэн авсан бололтой. Би шууд айлаа. Би чинь юу хэлчихээ вэ? Тэдний нүд айдас жигшүүр, үзэн ядалтаар над руу цоо ширтэнэ. Яахаас ч буцахгүй улангассан хүүхэн миний араас чангаахад нөхөр нь яах ийхийн зуургүй хажууд ирлээ. Би учраа олохгүй араасаа зулгаалгачихсан зогстол хилэнтэй залуу
-Чи юу гэнээ хулгайчаа хэмээв.
-Харааж байна ш дээ, энэ чинь гэж хүүхэн хошуу нэмлээ.
-Чи яаж хараадаг юм, алив би сонсоё гэж өндөр хар залуу зандарав. Би “гайгүй ээ, санаа зоволтгүй” гэдгээ дахин хэлж зүрхэлсэнгүй. Магадгүй, хэлсэн бол нам тавиулах биз. Миний хулхи буучихсан намуун дуугаар
-Та хоёрыг би их харсан юмшиг байх юм гэтэл эр, эм хоёр гэнэт цочирдож юу билээ гэсэн аятай зогтусав. Хэрэв би ингэж сэтгээгүй бол энэ аймшгийн хос намайг яасан ч зүгээр явуулахгүй. Хэрэв зодоон нүдээн болж хүн амьтан харвал ёстой жинхэнэ гай барьцат учирч цагдаа шүүх, бүр цаашлаад өмссөн хувцастайгаа Монголд буух биз.
-Хаа харсан гэж, хүүхэн асуулаа
-Та хоёр Чимгээгийн найзууд мөн биз дээ гэж би худлаа хэлэв. Нөхөр нь их итгэлтэйгээр
-Чимгээ гэдэг хүн бид хоёр танихгүй гэлээ, эхнэр нь бардмаар
-Бид ерөөсөө монголчуудтай уулздаггүй гэв.
-Аанн, тэгвэл хүн андуурч хэмээн би аажуу хэлээд ганц номоороо түрүү барихаар шийдэн тэд ам нээхээс өмнө
-Адилхан хүмүүс байсан л юм байхдаа, дээр би номынхоо баярыг хийхэд манай найз Чимгээгийн найзууд гээд нэг гэр бүл ирсэн юм гэв.
-Ямар ном гэж бүсгүй асуулаа.
-“Толбогүй монгол” гэдэг нэртэй. Намайг Эрдэмбилэг гэдэг юм л даа. Та хоёр уншаагүй юу гэлээ. Ном бичсэн хүн гэж хүндэлсэн үү, нэр мэдвэл хараахгүй гэж тайвширсан уу, эсвэл миний номыг өмнө нь сонссон уу, хүүхэн залуу хоёр илт зөөлөрлөө.
-Гүнжээг яаж таньдаг юм гээд бүсгүй над руу жогогтой харав.
-Өө би... найз залуу Батаагийнх нь танил гэж үнэнээ хэллээ. Тэр өнөөдөр ажилтай болохоор ирж чадаагүй юм. Ахиж хүүхэн юм асуугаагүй. Харин би тэдний нэр усыг асуун, хэдэн үгс солилцоод найрамдалтайгаар салав.

Би гудамжаар алхаж явахдаа “Санаа зоволтгүй гэж хэлсэн маань хараал шиг сонсогдоод, хэрэв “намайг хариулалгүй” явуулчихвал гай тотгор учирна гэж тэд сэтгэснээс гарцаагүй” хэмээн бодтол өөрийн мэдрэлгүй эргэж харан эмээгийнхээ зааснаар түй, түй, түй гэж нулимаад, маани уншив. Тэгчихээд дотор онгойсон ч бас өөрөөсөө ичих шиг болсон... Монголчууд нээрээ, ёсыг ёролтол хүнээс сэжиглэдэг айхтар үмхий дотортой хүмүүс шүү.

2007.08.25
01.04