Sunday, 22 July 2007

Чадвал барь...

Чадвал барь гэж цаг хугацаа хэлжээ.
Хавар барина гэж хөвүүн амалжээ.
Хавар болж хөвүүн баясжээ,
Хавар ирсэн шигээ жирийн оджээ...

Чадвал барь гэж цаг хугацаа хэлжээ.
Учралаа мөнхлөнө гэж хархүү амалжээ.
Гоо бүсгүй нүцгэн зогсоход
Ганцхан энэ мөч гэж тэр шивнэжээ,
Ганцхан хайр нь салан оджээ...

Чадвал барь гэж цаг хугацаа хэлжээ.
Ижийгээ мөнхлөнө гэж эр амалжээ.
Шүүдрийн дусал хатахтай адил
Сүүтэй ээж нь талийн оджээ...

Чадвал барь гэж цаг хугацаа хэлжээ.
Зууг тогтооно гэж өвгөн амалжээ.
Зуу наслаад өвгөн баярлажээ,
Зуугийн дараа зуу эхэлжээ.

Чадвал барь гэж цаг хугацаа хэлжээ.
Чадлыг нь басах хариу алга...

2007.07.16
20.03

Бахардаж vхсэн хvлэг…

Бариа ойртоход
Байдаг хүч шавхагдана.
Барианд орох
Ганц бодол л үлдэнэ…

Уухай хашгирах наадамчид
Тасарч нэг, тодорч нэг сонсогдоно.
Урагш зүтгүүлэх ташуур
Энд ч нэг, тэнд ч нэг мэдрэгдэнэ…

Дөрвөн мөч бадайраад
Тушаатай мэт гацна.
Дөрвөн уулын дунд
Түрүүлэх заяандаа омогшино…

Монгол наадмын бахархал
Молор эрдэнийн хүлэг
Мөнхийн хүрдэнд шидэгдэхээр
Хурдны зам дээр сөгдөнө…

Хамар гэнэт цоргиод,
Өвдөг нугараад сульдах шиг…
Үгүй, би өндийнө гээд…
Хад чулуун доор дарагдах шиг…

Дотор сайхан онгойгоод
Тэнгэр цэлмээд ирнэ.
Хөх тэнгэр дээрээс
Хөшсөн биеийг хучна.

Шантраагүй шандаст хүлэг,
Сөгдөөгүй босоо унага,
Алсыг ойртуулсан,
Аюулхайг чичрүүлсэн,
Уухайн дуугаар бүрэлдэх
Уралдааны монгол морь.

Ай, хөөрхий хүлэг мину,

Нулимстай мөнхрөх ажнай мину…
2004.07.09