Monday, 26 February 2007

Таримал цэцэг

Гүн ухаантан таримал цэцэг
Шилэн цонхоор ширтэнэ.

Хээрийн цэцэгстэй адил тэр
Хавтгай газар үндэслэж
Хад чулуун дунд нахиалан,
Хурын усаар умдаалж
Бүлээн салхинд илбүүлэн,
Зүсмэл нарийн шилбээрээ
Зүүн, баруун тийш ганхан,
Зурсан юм шиг төрхөөрөө
Зүлгэн дотроос ялгаран,
Хуй салхи, аадар бороотой
Цусгүй тэмцэл хийн,
Бүхэлд багтан бусадтай холбогдож
Дур зоргоороо амьдрахыг хүсэвч…

Өвөл болоод цас орохоор
Өвс ногоо, ургамал навчис
Хаа оддогийг ойлгож ядна.

1996.01-

Urban Flower

A humbled philosopher flower
Stares though the window,
She wishes to live her life
Like a free born wild flower.
To root on flat ground,
To blossom amid rocks,
To sip a drop of rain,
To swing right and left
By her leggy stalk,
To distinguish by her beauty
Among the fellow flowers,
Fight a bloodless fight
With violent weather,
To become involved in
Totality…but
When summer finishes, snow falls
And heating goes on, she asks
Where have all grass and flowers gone?

2004.06.26-07.03

Алтаагын яриа

Баруунд ажиллаж, амьдардаг Алтаа, барууны бас нэгэн оронд саяхан очсон найзтайгаа утсаар ийнхүү ярина.

'За миний найз, наад хүнээ л алдаж болохгүй шүү. Ёстой л хөлд нь суугаад, юу чаддагаа үзүүлэх хэрэгтэй. Наад хүн чинь л чамд тус болно шүү…'

'Тийм ш дээ тийм. Монголчууд ёстой хэрэггүй. Манай залуус заваан, шатаана уу гэхээс…'

'За чи аанн, наад хүнээ л…хамаг л ид шидээ үзүүлж
барих хэрэгтэй, үгүй нээрээ, найз нь санаа зовоод утасдахгүй болохоор чинь бүр яачхав гэж л бодлоо…аанн'

'Болж, болж миний муу найз. Наад хүн чинь чамд туслана. Наадуул чинь манайхан шиг татганахгүй ээ. Нэг сайн хүндээ юу ч харамла… '

'Овоо доо миний муу найз. Овоо… '

'Тийм ш дээ тийм. Монголд байсан бол биднийг хэн харж үзэх юм бэ. Би чамд хэлээгүй юу. Эхэндээ хэцүү байна гэж…хүн амьтантай танилцаад ирвэл дажгүй гэж… хэхэ'

'Одоохондоо тустай байгаа. Удахгүй хамт амьдрах байх аа. '

'Авгай нь аль дивангарт үхчихсэн юм. Хүүхдүүд нь тусдаа….охин, хүү…'

'Охин нь 27-той.'

'За хүүг нь мэдэхгүй. Зургыг нь л харсан.'

'Аанн тэр үү, нэг хөгшин авгайтай хамт амьдардаг, одоохондоо, тэр нь тэгэхдээ удахгүй өөр хотод очиж амьдарна. '

'Хэхэхэ…нээрээ мартснаас ээжийн чинь бие сайн биз дээ. Ноднин нөгөө…'

'Аанн. Одоо сайн л гам хийх хэрэгтэй дээ. Дүү нар чинь байгаа гайгүй байлгүй дээ.'

'Тэрийг би сайн мэдэхгүй байнаа.'

'Чи уул нь энд ирсэн бол…'

'Харин тийм…'

'Манай бойфрэнд уул нь туслая гэсэн л дээ.'

'Яг үнэн. Тийм хүн дахиж олдохгүй шүү. За ёстой, өөрөөсөө түлэхсэн юм л хийж болохгүй. Охиноо хүртэл авчрах хэрэгтэй шүү дээ. Монголд одоо юу…'

'Харин тийм, манай охин Сараа эгч явахаасаа өмнө манайд ирсэн гэж ярьж байсан.'

'Өө за, за…би харин цаадахыг чинь загвар өмсөгчийн дугуйланд яв гэсэн юм.'

'Тийм ш дээ. Эмэгтэй хүүхэд одооноос л гоо сайхандаа анхаарахгүй бол, маниусын үе өнгөрсөн байна ш дээ.'

'Ямар ч байсан Шаамарт байснаас л дээр…'

'Одноо нээрээ хэдтэй билээ. Манай охиноос хоёроор эгч ш дээ.'

'Яанаа, тэр үеэс хойш 14 жил өнгөрчихлөө гэж үү. Удахгүй эмээ нар болох нь л дээ. Хэхэхэ..'

'Чи тэгэхэд л тэр америктай явах байх байсан байхгүй юу? Тэгсэн бол…'

'Итгэмээргүй юм. Цаг гэж…'

'За тэр муу новшийн хүүхнийг одоо яриад яадаг юм.'

'Найз нь бол үеэрхэлдээ үнэнч ш дээ.'

'Болж болж миний найз…'

'Миний муу найз, овоо ч ш дээ.'

'Гандан буурахгүй шүү. Бид юунд нь хоцорсон юм…гялалзана шүү…чи ч сэргэлэндээ'

'Өө миний муу найз…за чи аанн, ганц боломжоо алдав. Юу хүснэ, бүгдийг нь хийх хэрэгтэй. Азийн хүүхнүүдийх жижиг гээд үхдэг юм…хэхэхэ'

'Тийм ш дээ. Тэгэж л байж л бид хүнээс дутахгүй амьдарна…хоёулаа гандан буурахгүй ээ…'

'Овоо ш дээ, миний муу найз…би бүр санаа зовоод л…за чи ёстой…'
2005.10.16

Онигоо

Онигоонд оруулна шvv !
Монголчуудын ярианы хэллэг.

Онигоо гэгч орос ахтай
Онцын утгагүй атмаан үг.
Олноос салвал онцлох нэр
Осолдохгүй явахыг сануулсан тэмдэг.

Онигоо гэгч мангаа үг
Онигоогоо чирвэл улаан шившиг
Гозойгоод босоход шалчийлгах лантуу
Гэндээд орчход салахгүй жонхуу.

Онигоо гэгч жиг жуг
Уруулаас унасан чих халууцуулагч
Халуун ярианы гол түлэш
Баатар нь тодорхой авторгүй үлгэр.

Онигоо гэгч нэрэнд халтай
Алдарын боолчуудын сүнсийг зайлуулагч
Эцэхээ мэдэхгүй нисдэг шулам
Барихаар бултдаг залины хөрөнгө.

Онигоо гэгч амттай идээ
Давслах тусам чихэрлэг болдог
Зүгээр суухад зугаатай
Хошуугаар зүлгэгдсэн мөлчгөр хоргол.

Онигоо гэгч чалхтай эд
Хамгийг нэгтгэх хуурамч инээд
Сүрхий эрсийг хүүхэнд хувирган
Сүргийн эмсийг найраагүй хүчиндэгч.

Онигоо гэгч намба шалгагч
Намба заавал намжих вирус
Тулаад зогсоход араас шаах
Хойноос чулуудсан хүйтэн авиа.

Онигоо гэгч хошного ухагч
Олигтой үүрэггүй 0-ын цаас
Баас тахисан сүргийн сүнс
Баахад садаа хатсан ялгадас.
Онигоо гэгч…
2004.02.21

Saturday, 24 February 2007

Нутгаа санасан нь

Харангийн Лхагваа, гитарчин Өөжгий хоёрын тоглолтыг монгол пабанд үзчихээд Дариймаа, Цэндээ хоёр Paddington-оос шөнийн 2 цагт гурван автобус дамжин Willesden Green дахь өрөөндөө халамцуу ирцгээв. Дариймаа дунд зэргийн нуруутай, нүдний шил нь тун зохисон, Монголд дандаа дарга хийдэг байсан, хүн загнах хоббитой, аав ээж дээрээ арван дөрөв настай охин, зургаатай хүүгээ орхиж Англид ирсэн, ганц бие туранхай бор хүүхэн. Цэндээ бол Дариймаагаас хоёр эгч, илэн далангүй яриатай, эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй, Эрдэнэтэд ахындаа орхисон арван зургаатай хүүгээ авчрахын мөрөөдөл болсон, дөч шүргэж яваа тарган шар бүсгүй. Энэ хоёр хамтдаа нэг өрөөнд амьдраад гурван жил гаруй болж байна.

Сэтгэл нь догдолсон Даариймаа бүсгүй “Лхагваа ямар гоё дуулдаг юм бэ, үнэхээр авьяастай хүн ондоо байдаг юм байна” гэснээ “Халуун элгэн нутгийг” аялсаар ороо нь заслаа. Хэдийгээр сайхан байсан ч таалагдсан залуутайгаа Даариймаагаас зовоод явж чадаагүй Цэндээ эх орон, ээж аавын тухай жар, далаад оны дуугаар бялхсан үдшийг дурсан мөн ороо засаж унтахаар зэхэв. Дуучин Лхагвасүрэн “Харь газар суугаа та хэд минь эх орноо санасан байгаа” гэж дахин дахин хэлсээр монгол дуунууд дуулахад тэнд байсан хүмүүс бүгд эх нутгаа санаж, ээж ааваа мөрөөссөн. Ялангуяа Лхагваа номин хар шилнийхээ цаанаас Цэндээг зэрвэс харснаа
“Амин хайртай миний ааваа
Адууныхаа бэлчээрт дуулдаг хүн байсан.
Бага насанд сэтгэлд хоногшоод
Баргил хоолойтой дуучин хүн байсан.
Миний аав адуучин хүн
Миний аав дуучин хүн” гээд уянгалуулахад хөдөө буй малчин ааваа тэрээр санан нулимсаа арчин суусан билээ.

Дариймаа гэрэл унтраахдаа
-Манай Монгол үнэхээр сайхан шүү. Гэртээ очиж нэг сайхан жаргах юмсан. Энд зөвхөн мөнгө, мөнгө гэсээр хүн шиг ч амьдарч чадахгүй юм. Өнөө шөнө ч сайхан дуу сонсчихсон сайхан зүүдлэх байх даа. Гэхэд нь Цэнд
-Хэлээд яах вэ? Эх орондоо очсон мэт л зүүдлэх биз... Хүний газар хөгшрөх нь хоёулаа хэмээн хариулаад дэрээ янзлаад нуруугаа харуулан хэвтэв.

Хэвтэв үү, үгүй юу Цэнд нам унтжээ. Үүр шөнөөр тэрээр ам нь хатчихсан сэрч крантны хүйтэн ус залгилаад орондоо ортол Даариймаа зүүдэндээ ярьж байх юм. “Битгий л дээ, намайг орхичхоо ч дээ. Гуйж байна шүү дээ, боль л доо, боль л доо, боль л доо” хэмээн ихэд бачимдсан янзтай Даариймаа толгойгоо сэгсрэнэ. Цэндээ “Хөөе Даагий” гэж дуу султайхан найзаа дуудснаа, сэрээчихвэл нэг л эвгүй санагдаад нүдээ анив. Даариймаа янцаглах, үглэх нь хослон зүүдэлсээр, “Намайг битгий барилдаа, гуйж байна шүү дээ, би ингээд явчих ий, тэгэх үү, битгий л дээ. Би явахгүй ээ”...

“Энэ чинь одоо даруулаагүй удхаар даралт нь ихсдэг юм болов уу, бааранд түрүүн хоёр залуутай танилцахад нүүр өгөхгүй маяглаад байсан” хэмээн бодтол Цэндийн хөх инээд ч хүрэх шиг. Даариймаагийн янцаглах нь түргэсэн “Би зүүдлээд байна уу, ямар аймаар юм бэ? Би хаа байна аа. Энд амьдарч чадахгүй ээ. Надад давчуу байна. Би яанаа, үхлээ ш дээ, чадахгүй нь ээ” хэмээн бүр байж ядаж байгаа бололтой.

Цэндийн нойр хулжиж, найзыгаа очиж нэг дугтарч дуугай болгон хөнжилдөө дахин шургав. “Хааны албаас хавчихын алба хэцүү гэхчээр манай хүүхнүүдийн амьдрал хэцүү юм аа. Би нөхөрт гарлаа гэж архичинтай сууж амьдралаа балалсан. Одоо энд амьдралаа бодоод зугтаад иртэл бас үгүйлэгдээд байх. Өөрийн эрхгүй л нэг хөгшинтэй танилцсан ч аз жаргалтай биш л байна шүү дээ, би.” Цэнд ийнхүү элдвийг бодон өөрийгөө оролдсоор үүр цайлгав.

Маргааш нь хоёулаа амарсан учир өдрийн нэг цаг өнгөрөөж аажуу тайван босцгоон шөлтэй хоол хийгээд хамтдаа идэж суухдаа Цэнд найзынхаа нүд рүү харж, ёжтойгоор
-Чи өчигдөр их л эвгүй зүүдлээд байх шиг байсан гэж асуутал Даариймаа
-Харин тийм байх аа, баригдаад Монгол явчихлаа гэж муу ёрын зүүдэлдэг байгаа, түй, түй хэмээн ширээ тогшив.
-Аанн гэж Цэндээ дуу алдан, хойноос нь “Аймаар юм” хэмээн аажуухан бувтнаснаа ширээ бас тогшин хоолоо халбагадав.

2007.02.22
20.58

Таныг би…

Таныг би
Өргөөшөө, уртаашаа
Доошоо, дээшээ
Хагасалж нэг, дундалж нэг
Бүхлээр нэг, нэгжээр нэг
Бүлтийж нэг, жартайж нэг
Хэмжинэ.
Хэмжих тусам өргөжиж
Төөлөх бүр тэлнэ, Та…

Таныг би
Сэтгэл зүрхний лабораторит
Долоо томсгож
Нэг шилбүүрдэн
Шинжлэн судалж
Ширхэгчлэн үзэн
Баруунаас зүүн
Зүүнээс баруун
Хойноос урагш
Өмнөөс хойд руу,
Бүхлээс бутлан
Бутархайгаас бүхэлдэн
Тэмтрэн баримжаалж
Тааварлан харьцуулна.
Малтах тусам гүнзгийрч
Цоолох бүр зузаарна, Та…

Таних, танихгүйн зааг
Мэдэх, мэдэхгүйн хил дээр
Зугтахгүй, зузаарахгүй
Холдохгүй, ойртохгүй
Та бид хоёр жиргэнэ.
Тайзан дээр гоцлоно.

Тэмтрэхээр барьцгүй
Ширтэхээр ширвэж
Нүцгэлэхээр шоолон
Нурмайхаар ёжлон
Дүрэлзэхээр унтарч
Дүрвэхээр дэлбээлж
Надаар та үнэлүүлнэ.
Танаар би амьсгална.
Та надаар зугаацана.
Цаг хугацаа жороолоно…

Thursday, 22 February 2007

Хоёр дуу

УЛААНБААТАРЫН ГУДАМЖ

Улаанбаатарын гудамжинд
Унаган насаа үдэв ээ би
Уралдаж, тоглож явсаар
Улаан бүчээ тайлав аа би.

Матьесс баарны үүднээс
Мөнгөтэй болохоор зорив оо би
Гаргаж өгсөн нөхөдтэйгээ
Гар барилгүй удав аа би.

Хорооллын цэнхэр байшингаа
Холын газраас дурсав аа би
Хорин насныхаа хагасыг
Хүний нутагт өнгөрөв өө би.

Дөрөвдүгээр хорооллын дэнжээ
Хаврын сардаа санав аа би
Төрсөн хүүгийн сэтгэлээс
Хайрын дуугаа өргөв өө би.
2004.07.30
Х.Эрдэмбилэг

ЦЭЦЭГ НУУР
Цэцэг нуурын хөвөөнд
Цэнгэлт насаа үдэв ээ би
Цэн хунгийн дэгдээхэй шиг
Цэнгэж дуулж өсөв өө би.

Цэцэг нуурын хөвөөнөөс
Цэргийн албанд мордов оо би
Цэн хунгийн шувуу шиг нь
Цэнгэн дуулсаар холдов оо би.

Цэцэг нуурын хөвөөгөө
Хаврын сардаа санав аа би
Цэргийн хүүгийн сэтгэлээс
Хайрын дуугаа өргөв өө би.
1966.
Б.Хүрэлбаатар

Monday, 19 February 2007

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Цагаан сар сайхан болж байна. Зөвхөн эх орондоо байгаа монголчууд ч биш мөн дэлхийн өнцөг булан бүрд байгаа монголчууд бүгд л уламжлалт баяраа тэмдэглэн, сар шинийн ерөөлийг нэг нэгэндээ хэлэн, мессэж, имэйл, захиа занаа, утас шөрмөсөөр шинэ маягтай “золгоцгоож” байна. Сар шинийн баярыг ерөөлгүй төсөөлөхгүй. Тиймд надад ирсэн хэдэн мэндчилгээг доор бичлээ. Та бүхэн ч боломж байвал найз нөхдөөсөө ирсэн сайхан мэндчилгээг доор бичээрэй.

“Сар шинийн мэнд хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе”

“Ирж буй Алтан гахай жилдээ эдээ ундаа элбэг дэлбэг, эд хөрөнгө арвин баялаг, ажил үйлс өндөр бүтээмжтэй, аз жаргал дүүрэн явахыг чин сэтгэлээсээ ерөөе”

“Сар шинийн мэнд хүргэе. Гал гахай жилдээ элгээрээ энх тунх, төрлөөрөө төвшин амгалан байж, санасан хэрэг чинь сэтгэлчлэн бүтэж эрүүл энх аз жаргал, эд хөрөнгөөр дүүрэн байх болтугай.”

“Цагаан сарын мэнд хүргэе. Ирэх жилд уран бүтээл чинь далай мэт арвин байхыг ерөөе.”

“Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Чамд болон танай гэр бүлд Алтан гахай жилдээ аз жаргалаар дүүрэн байгаарай гэж хүсэн ерөөе.”

“Учран золгож буй Гахай жилдээ Манал бурхан шиг эрүүл саруул, Мандшир бурхан шиг баян тарган, Ногоон дарь эх шиг төвшин амгалан яваарай. Үйлс ажил чинь ундарч, өмч хөрөнгө чинь арвижиж, өлзий буян чинь дэлгэрэх болтугай. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.”

“Алтан гахай жилдээ азтай одтой байж олон олон ном гаргаарай гэж ерөөе.”

“Сар шинийн мэнд хүргэж Гал гахай жилдээ бүх талаараа элбэг дэлбэг байж, санасан бүхэн тань сэтгэлчлэн бүтэх болтугай.”

“Амар байна уу. Сар шинээр сайхан шинэлж байна уу. Алтан гахай жилдээ арслантай авдар юугаа алт эрдэнэсээр дүүргэж, айл хотлоороо арван цагаан ариун цагаан буянаараа бялхаж яваарай. Юу санасан есөн хүсэл тань биелэх болтугай.”

“Та бүхэндээ Гал гахай жилдээ эрүүл энх, аз жаргал, эд хөрөнгө арвин, аз хийморьтой байхыг хүсье. Сайхан шинэлээрэй.”

“Сар шинийн мэнд хүргэж Алтан гахай жилдээ олз омог, эрдэм номоор дүүрэн эрүүл энх явахыг хүсэн ерөөе.”

“17 жарны гал гахай жилийн сар шинийн мэнд дэвшүүлж үйлс бүтээл нь монос цэцгийн дэлбээ шиг дэлгэрч, үр удам нь зандан модны мөчир шиг эрүүл чийрэг торниж, юу санасан есөн хүсэл нь биеэлэн буян заяа нь булаг мэт ундарч байхын ерөөлийг хүргээд сайхан шинэлээрэй.”

“Пан доктор Энэбишэд болон гэр бүлийнхэнд нь сар шинэдээ сайхан шинэлж, юу санасан есөн хүсэл чинь биеэлэн, олз омог, аз жаргалтай, эрүүл энх аж төрөн Алтан гахай жилдээ арвин буян үйлдэж дэвшин дээшилж яваарай хэмээн Эрдэмбилэг ерөөж байна.”

“Гахай жилдээ ерөөлөөр мэт амьдран ажил үйлс бүтэмжтэй, эрүүл энх, юу санасан есөн хүсэл нь бүтэж явахыг хамаг монголчууддаа ерөөе.”

Thursday, 15 February 2007

Номтой ­Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхсан АНУ-ын Элчин сайд Монголын түүх, нийгмийн тухай англи хэлээр гарсан шинэ ном тун найрсаг уулзалтынхаа дараа бэлэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч тус номыг хоёр гараа сунган донжтойхон аваад духаараа яах ийхийн завдалгүй тог хийлгээд авав.

Эрхэм элчин сайд үл мэдэг хувьсхийгээд гэрлийн хурдаар хэвэндээ оров. “Алдаа хийлээ дээ” хэмээн өөрийгөө зэмлэхийн зэрэгцээ, ном гэдэг ухагдахууныг тэс ангид ойлгодог эрхэм Ерөнхийлөгчийг өхөөрдөх шиг, учир нь үл олдох эсрэг тэсрэг сэтгэгдлүүд тэрхэн зуур самраад авсныг хашир дипломатч хэрхэн харуулах билээ.

Ийнхүү самгардсаны учир гэвэл уг номын агуулгад байжээ. Монголын түүх, нийгмийг судалсан тэрслүү түүхч Монголын тусгаар тогтнол бол зохиомол, өнөөгийн байдлаас нь харах юм бол энэ улс бие даах чадалгүй, тиймээс Америк энэ хувалз шиг улсыг дэмий тэтгэн насыг нь уртсгаж байхаас өөрсдөө мэд хэмээн зөнгөөр нь орхи, тэртээ тэргүй байсан ч, байгаагүй ч дэлхийн хөгжил, эдийн засагт ямар ч нөлөөгүй, харин ч Хятадын нөлөөнд орвол газрын баялгийг нь дэлхий, үгүй ядаж xятадын 2 тэрбум хүн ам ашиглах боломж илүү бүрэлдэнэ, тэгэх юм бол баруун руу түрэх хятадуудын нүүдэл тодорхой хэмжээгээр саарна гэсэн монгол хүний дургүй хүрэхээр дүгнэлт хийсэн аж.

Сайд үүнийг сайн анддаа өгөхдөө энэ дүгнэлтийг би дэмжиж байгаа гэдэг утгаар нь биш харин “Ийм ном гарсан байна, та үзэхгүй өнгөрвөл болмооргүй юм шиг санагдана” хэмээн андын ёсоор зөв ойлгоно гэдэгт нь итгэсэн билээ. Гэтэл Монголын Ерөнхийлөгч энэхүү тэрслүү номыг тун бишрэнгүй мөргөн авахад нь санаа зовсон элчин сайд “мөргөдгийг” нь мартсандаа өөрийгөө зэмлэн, битгий л уншаасай гэсэн ганцхан залбиралтай салан явав. Нөгөөтэйгүүр уг номыг Монголын Ерөнхийлөгч уншчихаад утга санааг нь дэмжиж байгаа юм болов уу? гэж нэг бодсноо, “Арай үгүй байлгүй” хэмээн уртаар санаа алдан, биеэ огцом цэхлэн, далбаатай тэргэндээ сэвхийтэл суув. (Толбогүй монгол номноос)

Sunday, 11 February 2007

Чимх төдий...

Чимх төдий мэдрэгдсэн зөнгөө
Чамд итгэн нууцхан шивнэтэл
Үеийн үед хуучрахгүй
Үнэн зүрхний хайр байсан.

Үхэх мөчид эргэн дурсмаар
Үргэлж мөнх амтыг нь мэдэрмээр
Үхэл, амьдралын заагийг давсан
Өр зүрхний хайр байсан.

Өөрөө ч ойлголгүй бодлоо дэлгэн
Өөриймчилж чамд далдхан илчилтэл
Хоёр зүрхийг нэг болгох
Хосгүй увдистай хайр байсан.

Түмэн үеэс түлхүүрийг нь хайсан
Тэр л оньсыг хамтадаа тайлъя гэж
Жаргал хүссэн багын мөрөөдлөө
Чамд би дотночлон хэлсэн.

Газар гүний ус мэт мэдрэгдсэн
Ганцхан зөнгөө чамд шивнэтэл
Өсөн төлжихөд хязгаар үгүй
Үнэн голын хайр байсан.

Хос зүрхэндээ хайрыг бойжуулаад
Хорвоод хоёулаа түгээж явъя гээд
Газар тэнгэрээр гэрч хийн
Ганцхан чамд би хайраа зориулсан.

(29) 2003.11.18-19

Карма

Сэрэмжгүй сэтгэлд нэг ч чөлөө үгүй.
Данзанравжаа


Үйлдэл, бодлын үрд сөхөрнөм
Үхсэн хүний цогцсонд сөхөрнөм
Хагдрах өвсний дүрсэд сөхөрнөм
Жаргах нарны цацрагт сөхөрнөм.

Үйлийн үр гэгч хүчтэй юм
Бурхан, чөтгөр мөхөс юм.

Хурсан үүлсийн бараанаас сүрднэм
Нярай хүүхдийн наснаас сүрднэм
Харвах сумны тусгалаас сүрднэм
Дусах гоожуурын чимээнээс сүрднэм.

Үйлийн үр гэгч хүчтэй юм
Бурхан, чөтгөр мөхөс юм.

Жолоо үгүй сэтгэлээс эмээнэ
Чөлөө үгүй оюунаас эмээнэ
Ганцад баригдсан өөрөөсөө эмээнэ
Хуйлран хомрох эрчнээс эмээнэ.

Үйлийн үр гэгч хүчтэй юм
Бурхан, чөтгөр мөхөс юм.

Мөргүй болох мөчид итгэнэм
Мултарсан оюуны шидэнд итгэнэм
Өөрт атгагүй сургаалд итгэнэм
Үйлдэл, бодлын дагаварт итгэнэм.

Үйлийн үр гэгч хүчтэй юм
Бурхан, чөтгөр мөхөс юм.

Дэлгэрэх цагийн хүрдийг сааруулахсан
Хэлэх үгийн хурдыг бууруулахсан
Хөтлөө үгүй сэтгэлийн аясыг тогтоохсон
Бусдаас тасархай өөрийгөө танихсан.

Үйлийн үр гэгч хүчтэй юм
Бурхан, чөтгөр мөхөс юм.
2003.11.11

Thursday, 8 February 2007

Англи улс цасанд дарагдлаа

Цас орох нь монголчуудад ердийн үзэгдэл. Харин энэ арлын улсад их хэмжээний цас гэнэт орсон нь "тодорхой хэмжээний том цохилт" болов. Өнөө өглөө босоод хартал эргэн тойрон цагаан цас...цас шөнөжин орж өглөө мөн үргэлжилж байлаа. Олон зуун дунд сургуулиуд хаагдаж, онгоцны нислэгүүд хойшлогдон, замын түгжрэл ихсэн, галт тэргэний үйлчилгээ гацав. Зарим газар 10 см хүртэл зузаан цас орсон гэж байна. ВВС-гийн цаг уурын мэдээгээр уулархаг газар өнөөдөр 15 см хүртэлх цас унана гэж байна. Нэг эрх мэдэлтний хэлснээр бол энэ цаснаар нийтийн тээврийн унааны үйлчилгээ тасалтсанаас болж Английн эдийн засаг 400 миллион паундын (£400 million) хохирол үзнэ гэнээ. Ер нь манай хөгжил удаан байдаг нь цаг агаартай ч бас холбоотой юм байна даа.





Friday, 2 February 2007

Чи...

уулзаж учрахгүй мөртлөө
үзэгдэж харагдахгүй атлаа
зүгээр байхад бодогдоод
зүүдэнд заримдаа үзэгдээд
зүрх шимширтэл санагдах юм…чи.

утсаар ярихгүй атлаа
үнсэж эрхлэхгүй мөртлөө
өөрийн эрхгүй бодогдоод
үргэлж хамтдаа санагдаад
үнэн голоос үгүйлэгдэх юм…чи.

хайртай гээгүй мөртлөө
хажууд байхгүй атлаа
хайр дандаа хүргэж
харсан зүгт нэхэгдэж
хаана ч явсан бодогдох юм…чи.

гадаад далайг гаталлаа ч
газрын гаваар орлоо ч
ганган чамайгаа харин
ганц хором ч мартсангүй…би.

2007.02.02 Х.Эрдэмбилэг

ҮЕ ҮЕХЭН ЧАМАЙГАА БИ...

Үе үехэн чамайгаа би
Үнэхээр их бодох юм аа
Хаяа хаяахан чамайгаа би
Хачин их санах юм аа
Богд уулын оройд саатсан
Борооны үүлнээс
Хур буутал санах юм аа
Хатан Туулын усанд хөвсөн
Хавирган сарыг
Бүтэн болтол санах юм аа
Олон жил ханилчихсан юм шиг
Одоохон эргээд ирэх юм шиг
Үе үехэн чамайгаа би
Үнэхээр их бодох юм аа
Хаяа хаяахан чамайгаа би
Хачин их санах юм аа

Б. Хүрэлбаатар
1994 он.

Thursday, 1 February 2007

Сумын хайр

Баруун аймгийн нэгэн сумын дунд сургуульд хайр сэтгэл морилж, 1А-гын Бат, 1Г-ийн Сувдаагаар хэлбэржин, арван нэгэн жил зүрх сэтгэлд нь төлжсөн аж. Хэдийгээр жинхэнэ хайрын хамаг шинж илэрсэн боловч Бат хөвүүн үнэнээ хэлж чадалгүй, хайр сэтгэлдээ эргэлцсээр явахад нь Сувд охин нийслэлийн нэгэн хувийн дээд сургуульд суралцахаар оджээ.

Тийнхүү 10-р ангиа төгсөөд адуучин болсон Бат өвлийн эхэн сарын нэгэн өдөр сум орж Сувдаагийн сураг сонсчихоод дотроо ингэж яруу өгүүлэв.

Сум орж сургийг чинь сонсоод ч, Сугар эмээтэй чинь очиж уулзаад ч, сурсан сургуулийнхаа дэргэдүүр өнгөрөөд ч, гансарсан гунигтай сэтгэлээ би ганцаар тайлж чадахгүй юм.

Хүрлийн харагдах Баруун уул хайр дутсан мэт гонсойж, харанхуй бүрий болоход хачин их ганцаардана. Цасан шуурга тавьж айлын яндангууд шуугуулахад хашааны мухар дахь гялгар уут шонгийн гэрэлд ёлтойно.

Жиндүү өвлийн үдэш
Жингэрийн гүйдлээр чангарч
Жинхэнэ миний хайр
Зүүний үзүүр мэт дотогшлоно.

Хэрэв хайр гээчийг хэлэлцсэн бол хоёрдох сэтгэлгүй уулзахсан. Холын тэртээх хот хөндий надад санагдахгүйсэн.

Хашаанд уяатай бор морь хөдөөгийн талаа зүүрмэглэхэд харанхуйд бачимдсан миний сэтгэл...хаашаа ч хамаагүй давхимаар...

Эрт босож талаар давхиад ч
Эргэж харалгүй сумаас зугтаагаад ч
Жигүүртэн шувууны араас дагаад ч
Жижигхэн чамаасаа зугтаж чадахгүй юм
.”

Хайраа сэтгэлээ гэж...

2007.01.29.