Tuesday, 4 December 2007

Дурлалын дуу

Жаахан охин
Дурлал хайхаар
Чимэглэж аваад
Гадагш гарчээ.
Хамгийн сайхан
Залуутай учирч
Хайсан хайраа
Дорхноо олжээ.
Харин удалгүй
Танихгүй нэгэнтэй
Санамсаргүй тааран
Гуних болов.
Үгүй зүйл нь
Гэнэт тодрон
Шөнийн бороонд
Нулимс унагав.

Зүрхэнд гагнагдсан дурсамж

Хөх тэнгэрийн бараа
Хөдөөгийн саруул тал
Монгол наадмын өглөө
Морьдын айсуй тоос

Өвлийн тунгалаг агаар
Урсахыг мөрөөдсөн зомгол
Утаа суунагласан гэр
Эмээгийн үнэртэй дээл

Навчгүй шалдан мод
Намайг хайрласан охин
Нахиалж буй цэцэг
Наранд ээсэн толгод

Нандин дурсамжтай уруул
Налсан өвсний ором
Зураг шиг зун
Зузаан дотношсон үдэш

Шөнө айлчлах зочин
Аавын халамцуу яриа
Архи зардаг дэлгүүр
Тамхи ширхэлдэг эгч

Цас чaхрах чимээ
Цана татсан цонх
Хөл татарсан гудам
Хөөрхөн охины утас

Тасганы овоо
Таван шарын орц
Хорооллын дэлгэмэл
Хотын төвийн баар

Болжмор жиргэсэн өглөө
Бодлогошрон алхах бүсгүй
Богд уулын орой
Бүтээгүй зүрхний мөрөөдөл

Орцонд хөглөгдсөн дурлал
Оюутан цагийн шуугиан
Чимээгүй чигчилсэн ганцаардал
Цэцэрлэгт сурсан дуу ...

Та бүхэндээ би
Тамгагүй үнэнч хэвээрээ.

2004.10.02

Хагацал

Хагацал-харамгүй өгсөн сэтгэл
Хагацал-хэлээгүй үлдсэн үгс
Хагацал-гэнэт тасарсан зураас
Хагацал-дундуур орхисон хундага
Хагацал-нулимстай нүд
Хагацал-нурмайсан навч
Хагацал-ганцаардлын тунхаг
Хагацал-салаа зам
Хагацал-хайрын шалгуур
Хагацал-холын сураг
Хагацал-хоосон зай
Хагацал-шинэ учрал.

2004. 10.03

Онигоо

Онигоонд оруулна шүү !
Монголчуудын ярианы хэллэг.

Онигоо гэгч орос ахтай
Онцын утгагүй атмаан үг.
Олноос салвал онцлох нэр
Осолдохгүй явахыг сануулсан тэмдэг.

Онигоо гэгч мангаа үг
Онигоогоо чирвэл улаан шившиг
Гозойгоод босоход шалчийлгах лантуу
Гэндээд орчход салахгүй жонхуу.

Онигоо гэгч жиг жуг
Уруулаас унасан чих халууцуулагч
Халуун ярианы гол түлэш
Баатар нь тодорхой авторгүй үлгэр.

Онигоо гэгч нэрэнд халтай
Алдарын боолчуудын сүнсийг зайлуулагч
Эцэхээ мэдэхгүй нисдэг шулам
Барихаар бултдаг залины хөрөнгө.

Онигоо гэгч амттай идээ
Давслах тусам чихэрлэг болдог
Зүгээр суухад зугаатай
Хошуугаар зүлгэгдсэн мөлчгөр хоргол.

Онигоо гэгч чалхтай эд
Хамгийг нэгтгэх хуурамч инээд
Сүрхий эрсийг хүүхэнд хувирган
Сүргийн эмсийг найраагүй хүчиндэгч.

Онигоо гэгч намба шалгагч
Намба заавал намжих вирус
Тулаад зогсоход араас шаах
Хойноос чулуудсан хүйтэн авиа.

Онигоо гэгч хошного ухагч
Олигтой үүрэггүй 0-ын цаас
Баас тахисан сүргийн сүнс
Баахад садаа хатсан ялгадас.
Онигоо гэгч…
2004.02.21

1 comment:

ganga said...

Жаахан охидууд бас ёлконы мод шиг болтлоо чимэг зүүлт хэрэглэдэг үү?
Алдарын боолчуудын сүнсийг зайлуулагч
Эцэхээ мэдэхгүй нисдэг шулам их гоё хэлжээ.