Sunday, 22 July 2007

Чадвал барь...

Чадвал барь гэж цаг хугацаа хэлжээ.
Хавар барина гэж хөвүүн амалжээ.
Хавар болж хөвүүн баясжээ,
Хавар ирсэн шигээ жирийн оджээ...

Чадвал барь гэж цаг хугацаа хэлжээ.
Учралаа мөнхлөнө гэж хархүү амалжээ.
Гоо бүсгүй нүцгэн зогсоход
Ганцхан энэ мөч гэж тэр шивнэжээ,
Ганцхан хайр нь салан оджээ...

Чадвал барь гэж цаг хугацаа хэлжээ.
Ижийгээ мөнхлөнө гэж эр амалжээ.
Шүүдрийн дусал хатахтай адил
Сүүтэй ээж нь талийн оджээ...

Чадвал барь гэж цаг хугацаа хэлжээ.
Зууг тогтооно гэж өвгөн амалжээ.
Зуу наслаад өвгөн баярлажээ,
Зуугийн дараа зуу эхэлжээ.

Чадвал барь гэж цаг хугацаа хэлжээ.
Чадлыг нь басах хариу алга...

2007.07.16
20.03

1 comment:

Док said...

Үнэн үгтэй шүлэг байна аа. Цаг хугацаа хамаг юмсыг аваад нисэн одох юм...