Monday, 23 April 2007

Хип-хоп

УБ-ын зураглал

Хөшиг татсан мэт бүрхэг өглөө
Тайзан дээр ургасан мэт саглагар мод
Нарыг оролсон гудамжны гэрэл
Толгой дээр хаялах цасны үртэс.

Хуанлийн хуудаснаа бичээстэй
12 сарын 22-ны өдөр.

Тамхи татах мэт уур савсуулсан
Модон хүмүүс зүг зүг яарна.
Бугуйнд зүүсэн цагийн хэмээр
Цээжинд орших зүрх цохилно.

Модон хүмүүс, хайрцагт хот
Машины нүргэлэх аялгуунд
Нойрсоно, уярна, эсвэл дөжирнө.

Дөрвөлжин байшин, шулуун гудамж,
Шүдэнзний мод шиг гэрлийн шон
Тэртээд харагдах гурвалжин уул,
Өнцөг гаргаж тэгшилж янзалсан
Хар өнгөтэй бут сөөг,
Шар өнгөтэй гэрэл цацрах
Дөрвөн өнцөгтэй цонх.

Царцсан хот, замын шуугиан,
Чихран гишгэлэх хүмүүсийн алхаa
Гэтэл хаа нэгтээ шувуу жиргэнэ.

Бутанд нуугдсан борхон болжмор
Бээрэн, бээрэн цоглог жиргэнэ.

1994.12-

Юу болоо вэ? Хүнд дурлаа юу?

Юу болоо вэ? xүнд дурлаа юу?
Дүрлэгэр нүдэн бяцхан охин минь
Юунд ганцаар цонхоор ширтэн
Ингэтлээ удаан суух болоов?

Хэнийг хүлээгээв, юунд найдаав?
Ганцаар гуниглан юунд суугаав?
Гадаа гараач, салхинд яваач
Найз охидтойгоо зугаалж наадаач…

Аз жаргалыг захиалж болдоггүй юм
Аав ээжээрээ авахуулж бүтдэггүй юм
Өнөөдөр чи амсалгүй орхивол
Маргааш гэхэд бусдынх болно.

Хайр сэтгэл хүссэн бүхэнтэй
Тэр бүр учирдаггүй юм
Хэрэв чамтай таарсан бол
Түүнийг гомдоолгүй дайлж цайлаарай !

Хэний хэлсэн үг, хэний дүр төрх
Сэтгэлд чинь хоногшоод зовоогоод байна.
Хайртай бол зоригтой бай
Хэлээд үз бяцхан охин минь.

Дурлал ч юм уу, биш ч юм уу
Хайргүй болчихож юуны магад
Тэгвэл ядахнаа ингэтлээ гутрахгүйсэн
Бүтэн нойртой шөнө хонохсон.

1996.04.08

Миний амраг

Миний амраг одоо гэсэн харцтай
Миний цусыг ууя гэсэн тачаалтай
Оргүй намайг замхруулах увьдастай
Орчлонд ганцхан энд гэсэн хаягтай.

Үзээд сохор гэсэн биетэй
Үнсээд мажий гэсэн уруултай
Илээд аахил гэсэн арьстай
Шиншлээд мансуур гэсэн үнэртэй.

Бачуурахад амьсгалах-тал
Базахад баригдахгүй-зэрэглээ
Учраад л наалдах-цавуу
Амсаад л даврах-дарс.

Давс шиг гашуун, чихэр шиг нялуун,
Гол шиг тогтворгүй, гал шиг түлсэн,
Бороо шиг норгосон, ёроолгүй эргүүлэг
Төөрүүлдэг байшин, сохолдог харанхуй.
(Үсэнд нь би өөрийгөө гээгээд
Одоо хүртэл олохгүй байна)…

Үнсээд л үхмээр,үйрээд л ойчмоор,
Хүрээд л хайлмаар, агшинд нь л живмээр,
Үнэрлээд л цутгамаар, утгагүй амьдармаар…

Дандаа үхлийг сануулсан
Дурлалын туйлыг эвдэх үүсвэр,
Шуналын дээдийг тогтоох рекорд.

Миний амраг одоо гэсэн харцтай
Миний цусыг ууя гэсэн тачаалтай
Оргүй намайг замхаруулах увьдастай
Орчлонд ганцхан энд гэсэн хаягтай.

2004.01.27
(49)

Пидда

-Миний хvv нэг vг хэлчих
-Пидда
Хориотой бүсэд нэвтэрсэн
Анхны авиа Пидда.
Битгий гэхэд сөрсөн
Анхны зориг Пидда.
Захиргаадалтыг занасан
Анхны бослого Пидда.
Болохгүйг гэтэлсэн
Анхны зөрчил Пидда.
Дарамтыг эсэргүүцсэн
Анхны уриа Пидда.
Булбарай уруулаа бузарласан
Анхны заваан Пидда.
Хөөрхөн төрхөө хиртүүлсэн
Анхны нүгэл Пидда.
Адам, Ева хоёрын
Анхны гэм Пидда…
Захиралын амнаас ч унах
Замын гуйлгачингаас ч гарах
Боловсон бүсгүй ч хэлэх
Банзал хүүхэн ч дурдах.
Ертөнц дүүрэн Пидда
Ерөөл нээхээгүй Пидда
Аавын олон үрсийг
Алагчилж үзээгүй Пидда.
Аав минь хэлсэн
Ах минь давтсан
Алаг үр минь сурчихсан
Ач минь ирээдүйд эзэмших
Амны уншлага Пидда.
Амнаас аманд шилжэх
Хязгаар бүхнийг давах
Дарамт бүхнийг сарниулах
Хорио бүхнийг зөрчих
Цаг хугацааг гатлах
Болохгүй гэхээр олширдог
Битгий гэхээр үрждэг
Дарахаар давардаг
Шахахаар хальдаг
Арван таван толгойтой
Атгаалжин хар мангас,
Алаад устгаад барахгүй
Агуу их Пидда.
Пидда муухай,
Пидда бузар,
Пидда балиар,
Пидда заваан,
Пидда бөөлжис.
Пидда чамайг онголном.
Пидда чамайг дархалнам.
Пидда, Пидда, Пидда…
2004.02.04

Сонгууль-2004

Сонгууль гэдэг сонин үзэгдэл
Сонжиж үзвэл ээдрээтэй зангилаа
Аавын хүүгийн үзээд алдах
Авьяас сорьсон их шалгуур.
Онож хийвэл олзтой,
Осолдож баларвал гарцтай
Дөрвөн жилд баяжих баталгаа
Диваажинд хүргэх хурдан галт тэрэг.
Ард түмэн гэдэг амны уншлага
Алмайрч ерөөсөө мартаж болохгүй
Төлөө гэдэг амин үг
Тоогүй давтсан ч элэгдэхгүй утга.
Эх орон гэдэг бас чухал
Энгэрээ дэлдээд хашгирах учиртай
Маанийн үсэг шиг тоотой үгсийг
Мэддэг юм шиг давтах шаардлагатай.
Магад өөрчлөгдөхгүй хэдэн томьёог
Маш сайн биелүүлэх хэрэгтэй.
Өлсөсөн ардад хоол,
Өнчин хүүхдүүдэд хувцас,
Сагсуу залууст шоу,
Сайн дуучинд спонсор,
Сэтгүүлч нөхөрт money,
Сэргэлэн наймаачинд бизнес,
Хөгшчүүлд нарлах сандал,
Хүүхдүүдэд тоглох талбай,
Хулгай дээрэмтэй тэмцэх
Хурц хэдэн үг,
Эрүүл мэндийн талаар
Энхрий хэдэн өгүүлбэр,
Эдийн засгийг шүүмжилсэн
Эрэлхэг хэдэн давшилт
Энэ хэдтэй байхад
Үзээд алдахад ч гэмгүй ч
Буян, таргыг тэнцүүлж
Бусдаас ялгарвал оноо !
Зээ хө…
Ажил хийвэл ам тосдоно
Аварга болбол алт хураана
Эрт босвол сүү олдоно
Их Хуралд багтвал баян болно.
Худлаа хэлвэл худалч гэнэ
Хулгай хийвэл хулгайч гэнэ
Хүндэт болвол харин ондоо
Хууль чамайг бараагүй хамгаална.
Туранхай байвал буянгүй гэнэ
Ядарсан харагдвал хөөрхий гэнэ
Дэлгэцээр гарвал мундаг гэнэ
Дэмий яривал мэддэг гэнэ.
Улс ядаруувал зээл ихсэнэ
Ухаантай байвал хумсалж чадна
Авгай хүүхэд гадаад аялана
Айлын хүүхэн нүд унагана.
Хуралд л хэрэв шургаж чадвал
Тарга нэмэх үнэхээр хурдан
Таван сард л Макуучид дэвшинэ
Тааралдсан бүхэн дайлж цайлна.
Зоостой бол үзээд алдах
Зориг шалгасан хэцүү бизнес
Нэг атгавал насны юм
Нийгмийн давхарга шууд ахина.
Тараасан мөхөөлдсөө 100...нугална
Таван өрөөгөө арав болгоно
Үгүй ядаж л жин нэмнэ
Бөх барилдахгүй ч буйртай харагдана.
Тайзан дээр Хүндэт Гишүүн
Тайзны ард Хөгийн зовнил
Зурагтаар бол Эрхэм Сайд
Зүгээр байхдаа Энгийн Луйварчин.
Монголдоо монзоковын дарга
Монголоос гараад хэлгүй бөндгөр
Хуралдаа бол том гар
Хойшоо очоод долигонуур товарище
Улсдаа Улсын Их Хурлын гишүүн
Урагшаа яваад улаан шившэг.
Сонгогдсон атлаа тахигдсан мэт
Сонин ааш заримдаа гаргана
Хүн загнаж буйр суудаг
Худлаа хэлж хашир болдог
Хуурамж дүр эсгэж зүүсэн
Гадаад Монголын Парламентчид!
Анх суухдаа хамгийн эелдэг
Аливаа боломжыг судалж тагнана
Хугацаа дуусахаар хамгийн хурдан
Хам, хум бүгдийг булаана.
Ахиад ийм боломж олдохгүй гээд
Аль тааралдсанаа залгиж гарна
Чадах ядахаараа доллар хийнэ
Таван жилийн Гавшгайт Саятан.
Төрийн хишэг гэж худлаа томроно
Хөршийнхөө халааснаас татаснаа нууна.
Толгойд нь эргэлдэх 5-н үсэг
Money, money, money
Түмнээ бодох 30 секунд
Дараа, дараа, дараа…
Ядарсан ардын жинхэнэ дарамт
Ялзарсан нийгмийн жинхэнэ вирус
Мах намын махчингууд
Ардчилсан намын алиалагчид
Хувьсгалт намын хашрууд
Эвсэлийн намын эрхүүд
Ардын намын алуурчид
Холбоо, нэгдлийн холионууд
Аргаа барсан монгол ард
Ай хөөрхий, хөөрхий, хөөрхий…
Сонгууль ойртлоо таминь ээ
Сонор сэрэмжтэй байцгаая
Хэн, хэдэн төгрөг хийв
Хэзээ, хэдэн килограмм нэмэв
Буян нүгэл гэлтгүй
Булт үнэнийг дэлгэцгээе

2004.06.04

No comments: