Tuesday, 27 March 2007

Төрийн тэргvvн ирэх сард Англи улсад албан ёсны айлчлал хийнэ

2007.03.27 Ардын эрх admin-->
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын Англи улсад хийх албан ёсны айлчлалын талаар ГХЯ-ны Европын газрын дарга Ш.Одонбаатараас тодрууллаа.
-Ерөнхийлөгч хэдийд Английг зорих вэ?
-Ирэх дөрөвдүгээр сарын 16-18-нд айлчлалыг зохион байгуулахаар тус улсын талтай ярьж тохирсон. Энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч Их Британийн Засгийн газрын зочин гэдэг статусаар явах гэж байгаа.
-Засгийн газрын зочин гэхээр ямар айлчлал болж таарах вэ?
-Албан ёсны айлчлал гэсэн үг л дээ. Хэрэв Хатан хаан урьсан бол төрийн айлчлал болдог. Гэвч Английн Хатан хаан II Елизаветагийн нас өндөр болсон тул төрийн айлчлалыг бараг хүлээж авахгүй байгаа. Гадаадын төлөөлөгчдийн хийх дээд хэмжээний айлчлалыг Засгийн газрын зочин буюу төрийн зочин гэсэн хэлбэртэйгээр тус улсад зохион байгуулж байна.
-Тэгэхээр манай төрийн тэргүүнийг Засгийн газар нь урьсан гэсэн үг үү. Айлчлалын хөтөлбөрт ямар арга хэмжээнүүд багтаж байгаа бол?
-Их Британийн төр засаг манай улсын Ерөнхийлөгчийг урьсан. Энэхүү айлчлалын үеэр Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ерөнхий сайд Тони Блэйртэй уулзаж яриа хэлэлцээр хийнэ. Мөн Их Британийн Нийтийн танхим буюу хууль батлах дээд байгууллагын тэргүүн Жан Строу түүнийг хүлээн авч уулзах юм. Дараа нь Хөгжлийн хамтын ажиллагааны сайдтай уулзаж хэлэлцээр хийх, Худалдааны сайд Ян Маккартнитай уулзах, парламентын бүлгийн дарга болон гишүүдтэй уулзах зэрэг олон арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн.
-Английн Хатан хаантай уулзана биз дээ?
-Тийм ээ, уулзана. Хатан хаан II Елизавета, түүний нөхөр Эдинбургийн гүн Филипптэй хийх уулзалтыг айлчлалын хөтөлбөрт тусгахаар ярьж байна. Сая миний хэлсэн арга хэмжээнүүдээс гадна “Лондон Сити”-ийн амбан захирагч лорд, Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны ерөнхийлөгч Лемьер, мөн Их Британийн үндэстэн дамнасан томоохон корпорациудын удирдлагуудтай уулзана.
-Төрийн тэргүүний дэлхийн томоохон гүрэнд хийх айлчлалын ач холбогдол гэвэл?-Англи улс бол дэлхийн хамгийн том гүрнүүдийн нэг. Бас НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн, Европын холбооны нөлөө бүхий гишүүн орон юм. Эдгээрээр ч тогтохгүй НАТО, Их наймын гишүүн улс шүү дээ. Тэгэхээр айлчлалын ач холбогдол ямар байх вэ гэдэг нь тодорхой. Ер нь Англи зэрэг том гүрэнтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар манай улсын гадаад бодлогын үзэл баримтлалд тодорхой тусгасан байдаг.
-Өнөөдрийн байдлаар Англи улс манай оронтой ямар салбарт түлхүү хамтран ажиллаж байна вэ?
-Уул уурхайн салбарыг нэрлэж болно. Монголд үйл ажиллагаагаа явуулж буй “Айвенхоу майнз” компанитай Английн хамгийн том, уул уурхайн салбарт нэгдүгээрт бичигддэг “Рио Тинто” компани хамтран ажиллах гэрээ байгуулж, Оюу толгойд хөрөнгө оруулалт хийж байна. Тус компани Монголын уул уурхайн салбарт ойрын нэг жил гаруйн хугацаанд 1,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар ярилцаж тохирсон. Төрийн тэргүүний айлчлалын үеэр эл асуудлыг ч хөндөх болно.
-Английн виз авах хэцүү байна гэж манай иргэд гомдоллодог. Айлчлалын үеэр визний асуудал сөхөгдөх үү?
-Улс төрийн яриа хэлэлцээр хийх учраас визний асуудлыг хөндөхгүй. Виз олголт нь чиглэлийн байгууллагууд, консулын албад хоорондын ярьж шийдэх асуудал.
-Төрийн тэргүүний айлчлалын бүрэлдэхүүнд ямар ямар хүмүүс багтах вэ. Тэнд ажиллаж, сурч буй монголчуудтайгаа уулзах уу?
-Манай улсын бизнесмэнүүд, хэвлэл мэдээллийн ажилтнууд төрийн тэргүүнийг дагалдан явна. Ерөнхийлөгч Англи улсад байх хугацаандаа тэнд ажиллаж, амьдарч буй 5000 иргэдийнхээ төлөөлөлтэй уулзана. Уг арга хэмжээг Англи улс дахь Монголын ЭСЯ зохион байгуулах юм.
-Эцэст нь сонирхоход, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Англи улсад хийх айлчлалыг хэд дзх удаагаа зохион баигуулж байгаа бол?
-Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат 1996 онд Англид анх айлчилсан. Энэ удаагийнх бол хоёр дахь том айлчлал.
С.Баттулга

No comments: