Friday, 2 February 2007

Чи...

уулзаж учрахгүй мөртлөө
үзэгдэж харагдахгүй атлаа
зүгээр байхад бодогдоод
зүүдэнд заримдаа үзэгдээд
зүрх шимширтэл санагдах юм…чи.

утсаар ярихгүй атлаа
үнсэж эрхлэхгүй мөртлөө
өөрийн эрхгүй бодогдоод
үргэлж хамтдаа санагдаад
үнэн голоос үгүйлэгдэх юм…чи.

хайртай гээгүй мөртлөө
хажууд байхгүй атлаа
хайр дандаа хүргэж
харсан зүгт нэхэгдэж
хаана ч явсан бодогдох юм…чи.

гадаад далайг гаталлаа ч
газрын гаваар орлоо ч
ганган чамайгаа харин
ганц хором ч мартсангүй…би.

2007.02.02 Х.Эрдэмбилэг

ҮЕ ҮЕХЭН ЧАМАЙГАА БИ...

Үе үехэн чамайгаа би
Үнэхээр их бодох юм аа
Хаяа хаяахан чамайгаа би
Хачин их санах юм аа
Богд уулын оройд саатсан
Борооны үүлнээс
Хур буутал санах юм аа
Хатан Туулын усанд хөвсөн
Хавирган сарыг
Бүтэн болтол санах юм аа
Олон жил ханилчихсан юм шиг
Одоохон эргээд ирэх юм шиг
Үе үехэн чамайгаа би
Үнэхээр их бодох юм аа
Хаяа хаяахан чамайгаа би
Хачин их санах юм аа

Б. Хүрэлбаатар
1994 он.

2 comments:

Dolugen said...

Ойрд их уянгалж байна аа, сумын хайр гээ л. Санаснаас таны ном интерномын эсээ гэсэн хэсэгт биш хэл шинжлэл дээр зогсч байна лээ.

eebee said...

Хэл шинжээч болох нь л дээ