Saturday, 15 December 2007

Соёл ба Хeгжил

Лондонд, 2005 оны 5 сард болсон, “Монголын хөгжилд” анхны чуулга уулзалтанд тавьсан илтгэл.
Эдийн засгийн хөгжил амин чухал ч соёлыг мартаж болмооргүй. Уламжлалт соёлын дэвсгэр дээр хөгжлийг үндэслүүлж чадаагүй бол тухайн орны эдийн засгийн хөгжил ч урагшлахгүй болохыг социалист Монголын туршлага хэлнэ. Өнөөдөр хөгжил цаанаасаа заяасан тусгай соёл, иргэншлийн дэвсгэр дээр биш харин уламжлалт соёлын онцлогоо зөв ухаарсан аль ч оронд цэцэглэх нь илхэн. 1988 онд Unecko-ын Ерөнхий Захирал Федерико Мажер Соёлын Хөгжлийн Дэлхийн 10 жил ( World Decade for Cultural Development) хөтөлбөрийн нээлтэн дээр…

Ямар ч эдийн засгийн хөгжил, улс төр, эдийн засгийн хандлага байлаа ч аливаа нийгэмд, соёлыг хөгжлөөс салгаж болохгүй гэдгийг сүүлийн хорин жилийн туршлага харууллаа…Эдийн засгийн хөгжлийг өөрийн соёлын хүрээнд зохицуулалгүй дээдэлсэн орны эдийн засаг, соёлын тэнцвэргүй байдал нь бүтээлч чадавхид нь муугаар нөлөөлжээ. Жинхэнэ хөгжлийн үндэс бол хүний нөөц, материаллаг баялагыг дээд зэргээр ашиглахад оршино. Тиймээс хөгжлийн зорилго, түлхэц, эрхэмлэх зүйлс, эцсийн анализ нь соёлоос олдох ёстой, гэж хэлжээ. (1)

70-д жил уламжлал, үндэстний онцлогоо үгүйсгэж, оросын томдсон бакал өмсөн холхиулахдаа Монгол улс ч гэсэн ''үндэстэй'' хөгжлийг суурилуулж чадаагүй гэдэг нь сүүлийн 15 жилийн байдлаас харагдлаа. 90-д онд Оросууд Монголоос явахдаа зөвхөн танкаа ачаад, орос дэлгүүрээ хаагаад, мэргэжилтэнгүүдээ туугаад гарсангүй. Тэд бас мэдлэгээ, соёлоо аваад харьцгаажээ. Монголд үлдсэн өв нь гэвэл хагас, хугас ажилладаг нүсэр үйлдвэрүүд, өр шир, Оросууд байхад өнгөтэй, Оросууд байхгүй болохоор царай алдан, нурмаг болон хувирдаг олон байшин байгууламж, эзгүйсэн цэргийн хуарангууд юм. Мөн хэнийг дуурайхаа мэдэхгүй ''хувалц сэтгэхүй''.

Эдний хажууд бараг анзаардаггүй бас нэг өв бий. Энэ бол мэдлэгээ Монголдоо хэрэгжүүлж чадаагүй, хэрхэн хэрэгжүүлэх замаа ч олоогүй манай зарим их, дээд сургууль төгсөгчид. Мэргэжилтэй боловсон хүчингүүд мэргэжлээрээ ажилладаггүй нь олон шалтгаантай. Бидний бага дуугардаг нэг шалтгаан бол Монгол улс онцлог, түүх соёлын уламжлалаа хайхралгүй боловсон хүчнээ бэлдсэн явдал юм. Өнөөдөр мэдлэгээ Монголын хөрсөн дээр хэрэгжүүлж чадаагүй олон дээд мэргэжилтэнгүүд бий.

Ер нь, харийн соёл, ондоо соёлын хөрсөн дээр үндэслэсэн мэдлэг, суртал ухагдахуун ганцхан шуурганаар ховхороод талийж одоход бид юутай үлдсэн нь тун сонин. Улс орон нь ядуу, хийх зүйл их атал мэргэжиж боловсорсон иргэд нь мэргэжлээрээ ажиллахгүй байна гэдэг их ээдрээтэй бодууштай асуудал билээ. Бодлогогүй боловсон хүчин бэлдэж, хоосон дипломыг хэт дээдэлснээс цагаан гартай дарга нарын армийг бид өргөжүүлжээ. Монголд одоо хээл хахууль газар авч байгаа нь үүнтэй ч холбоотой. Гадаад, дотоодын их дээд сургууль төгсөгчид хөдөө гандаж, гадаа харлахаасаа илүү конторт сууж дарга болох мөрөөдөлтэй болдог. Чухам ийм сэтгэхүйтэй, албан тушаалын ангуучдын дундаас л мэргэжсэн хахууль авагч нар мэндэлдэг. Эцсийн бүлэгт эдний амьдрах ганц арга нь яван явсаар хахууль болж хувирдаг аж.

Иймээс өнөө үеийхэнд 21 оноос хойш олсон мэдлэгээ бодит ахуйтайгаа зохицуулан төлжүүлэх, үндэстэй хөгжлийг бий болгохыг бодолцох хэрэг гарах нь ээ. Гэхдээ аливаа шинэ мэдлэгийг хэт дампууруулан ''монголчлох'' гэж зүтгэдэг туйлширлаас бас болгоомжлох чухал. Уламжлалт соёлын дэвсгэр дээр хөгжихөөсөө өмнө аль соёлын харьяанд, иргэншлийн хүрээнд орох уу гэдгээ ч мөн нэг мөр болгоё. XXI зуунд хүн төрөлхтөн ямар нэг үзэл суртал, эдийн засгийн нөлөөгөөр биш харин соёлоороо хуваагдана. Иргэншлийн харшилдаан дэлхий улс төрийн амьдралын гол асуудал болно гэдгийг 1993 онд Ханигтон гэдэг эрдэмтэн бичжээ.(2)

Соёлын харьяалалаа сонгохдоо бид баян ашигтай талыг гэлгүй, туулж ирсэн түүх, уламжлалаа харж, урьдах алдаагаа давталгүй, сонголтоо хийх нь онох болов уу? Хэдийгээр бид 70, 80-д жил тархиа угаалгасан ч хамаг үнэрээ алдаагүй. Уламжлалт соёлын дэвсгэр дээр жинхэнэ хөгжил цэцэглэнэ гэдэг нь ердөө л улс орныхоо онцлогыг олж харахыг хэлсэн хэрэг. Хөгжилд хүний хөгжил чухал. Хүний чадавхийг дээд зэргээр шавхаж чадсан нөхцөлд л хүний хөгжлийг хурдасгаж чадна. Хүний хөгжлөө хурдасгахад сэтгэлгээний загвар, дотоод төрхөд ( mentality) нь тохирсон арга зам хэрэгтэй. Иймээс ч хөгжлийн зорилго, түлхэц нь соёлоос олдох ёстой гэсэн байх.

Монголчууд гаднаас авчирсан хөгжлийн хувилбараа ямар ч шалгалтгүй хэрэгжүүлэх гээд дайрдаг. Харин өнөөдөр жаахан азнаж эхлээд өөрийнхөө онцлогыг харж байж хөгжих төсөөгөө гаргах хэрэгтэй болжээ. Хэмжээгээ мэдээд хувцасаа сонгох цаг ирсэн юм биш үү? Азийн бар болно гэж хэсэг шуугисан. Амын билгээс ашдын билэг гэдэг ч Монгол хэзээ ч Азийн бар болохгүй л болов уу? Яагаад гэвэл бидний түүхэн замнал тэднийхээс асар ондоо. Сэтгэлзүй, цаг уур маань анги. Тиймээс Хятадын тариачны баяжсан аргыг Монголын малчинд заагаад өгөхөд баяжина гэсэн баталгаагүй. Харин бид Азийн азрага (хурдан гэдэг утгаар), Азийн хонь (баян), Азийн тэмээ (өвөрмөц хөгжилтэй), Азийн ямаа (сэргэлэн, ноолуур), Азийн үмбүү (хоцрогдвол) болж болох юм шүү.

Нөгөөтэйгээр хөгжил, соёлын дэвсгэр дээр цэцэглэдэг болохоор хөгжихийн тулд бид өрөөлийн соёлыг мөн авах уу? Монголын текник текнологи нь импортынх, соёл нь импортынх бол хөгжил маань мөн хэнийх байх вэ? Бид өөрсдөө соёлгүй гэж үү? Гэсэн асуултууд тавигдах нь ойлгомжтой.

Соёлын толбо

Соёл гэдэг маш том ухагдахуун. Миний бие зөвхөн Монгол хүний соёлын онцлох тэмдэг буюу соёлын толбо (cultural identity), үндэстний өвөрмөц дүр төрхийн тухай голчлон ярина. Соёлын толбо гэдгээр энд үндэстний ёс заншил, нэгдэх шинж (хэл, соёл гэх мэт), үнэт зүйлс, сэтгэлгээний онцлог, хувь хүний биеэ даасан ондоо соёлын нөлөөнд амархан өртөхгүй байх чадварыг ерөнхийд нь хэлж байгаа юм шүү .

Хүнийг хувцасаар нь угтаж, ухаанаар нь үддэг гэж Монголчууд ярьдаг. Харин улс, үндэстэн нэг нэгнээ соёлоор нь угтаж, ухаанаар нь үддэг сайхан цаг иржээ. Ямар ч улс соёлоороо гадагш тархаж, нэр хүнд, нөлөө нь өсөж байна. Өөрийн соёлгүй бол бусдын соёлд уусаж хөгжихөөс замгүй тийм дэлхийд бид амьдарч байна. Монголд олон янзын улс орны соёл урсан орж, холилдон байгаа нь үүний тод жишээ. Бидний энэ үед Монгол улс гадны соёл иргэншлийн мөчир болох уу, эсвэл өөрийн өвөрмөц соёлын үндэсээ дэлхийн “дэвшилт” соёлоор тэтгэх үү гэдэг амин чухал асуудлыг шийдэх хэрэг бий. Бусдаас бүрэн тусгаарлана гэдэг даяаршлалын энэ эринд байж болошгүй нь, мэдээж. Мөн хэрэв бид өөрийн өвөрмөц соёлын бат суурьгүй бол аль ч улс хүссэн хэмжээнд маань хүндлэхгүй.

Монголыг зарим гадаадын сонин, сэтгүүлд Хятадын Монгол, Оросын Монгол хэмээн нэрлэдэг нь биднийг зөвхөн буурай эдийн засагтай учраас тэгсэн хэрэг биш харин өөрийн соёлын тод толбогүй учраас тэгэж хэлж байгаа хэргээ. Ингэж биднийг мэр сэр хэлдэг нь, яах аргагүй өнөөдөр Монголын тодотгох соёлын онцлог бүдэг, хоёр хөршийнхөө соёлын нөлөөнд дарагдаж явдагын тод жишээ. Бид Монголоо Хятадын, Оросын гэж хэлүүлэх дургүй. Тэгсэн атлаа улс орны тусгаар тогтнол, иргэншлийг бататгаж өгдөг соёлын толбоо тодотгох талаар төдийлөн санаа зовохгүй байгаа нь ойлгомжгүй. Монголчууд өнөөдөр аль таалагдсан соёлдоо татагдан хувалц, бөөс мэт бусдын юмаар амиа зогоож байгаа нь харамсмаар.

Хэрэв соёлын хувалц гэж хэлдэг бол өнөөгийн биднийг яах аргагүй хэлнэ. ­Ер нь соёлынхоо өвийг бид хадгалах талаас нь илүү анхаараад, цэцэглүүлэх, соёолуулах гэдэг утгыг нь гээчихжээ. Уул нь англи хэлний culture гэдэг үг латин хэлний colere’, ‘culturare’ гэдэг үгсээс гаралтай ба энэ нь соёолуулах, төлжүүлэх, газар хагалах гэсэн утгатай аж. Энэ утгаараа соёлыг хадгалах биш харин соёолуулж байж л жинхэнэ мөн чанараар нь авч явна. Харин бид уламжлалт соёлоо хадгалж байна гээд авдранд хийчихээд, бусдын соёлыг өдөр тутам хэрэглэдэг. Хаяа л нэг гоёж гоодохдоо гаргадаг гоёлын дээл шиг соёлтой байх нь бидний сэтгэлгээг улам л ядууруулна. Иймээс одоо хийсвэрээр дээдэлдэг соёлоо газардуулж, XXI зууны төвшинд хэрэглээний соёл болгох шаардлага гарсан. Монгол хүнд өнөөдөр уламжлал дээрээ суурилсан ёс зүй (ethics), зан заншлаа өдөр тутам мөрдөх чадвар дутагдаж байна.

Английн Монголчууд

Их Британийн Монголчуудыг харахад соёлын толбоо тодотгох нь үнэхээр чухал мэт санагдана. Өөрийн өвөрмөц өнгөтэй, хариу барих зүйлтэй байж л бид бусадтай ижил төвшинд харилцах эрхтэй болно.Үндэстэн бүр өвөрмөц өнгөө тодотгон өрөөлтэй эвтэй амьдрах бүрэн боломж бий. Энийг олон шашин, соёл зэрэгцсэн Английн нийгэмд амьдарч, сурж, ажиллаж байгаа Монголчууд мэдэрдэг. Лалын шашинтанаар банканд үйлчлүүлэн, хинду жолоочтой bus-нд сууж, католик багшаар ном заалган, Буддын шашинт англи хүнтэй pub-нд тааралдан алхам тутамдаа бид өөр өөр шашны, өөр өөр үнэт зүйлстэй хүмүүстэй харилцдаг. Бараг нэг гудамжнаас гараад, нэг булан тойроход л шал анги соёлын хүрээнд орчихсон мэт санагдах тийм л нийгэмд бидний цөөхөн Монголчууд цуглажээ.

Мэдээж, энд мөн жинхэнэ ''англи амин сүнсийг'' анзаарахгүй байхын аргагүй. Энэ үндэстэн дэлхийн том гүрний нэг болж үнэт зүйлсээ бусдаар хүлээн зөвшөөрүүлж, төрөлх хэлээ дэлхийн голлох хэл болгон, хэн бүхэнд үүд хаалгаа нээсэн ч үндэстний ул сэтгэлгээ, түүхийн гинжин хэлхээ, Христийн шашны өв уламжлалаа (Christian heritage) алдаагүй гэдэг нь сайн анзаарсан хэнд ч гэсэн тод мэдрэгдэнэ. Чухам арал дээрх энэ бяцхан улс дэлхий том соёл иргэншлийн өлгий болж чадсан нь түүхийн гинжин холбоос тасраагүйд болов уу. Утасны бүхээг, үйлчилгээний такси, эсвэл бүр хаалганы жижэгхэн бариулаас ч үүний жишээг татаж болно. Уламжлал, түүхийн гинжин холбоогоо алдаагүй учраас ч мөн Англи улс үүд хаалгаа олон үндэстний цагаачдад итгэлтэйгээр нээсэн байх.

Харин өнөөгийн Монголчууд бидэнд ул сэтгэлгээ, түүхийн тасраагүй үргэлжилсэн мэдрэмж бүдэг. Эсгий гэрээсээ давхар байшинд суухдаа түүх, хөгжлийн гинжин холбоогоо бид гээсэн мэт санагддаг. Олон соёл, шашны огтолцоон дунд Монгол хүний соёлын онцлог тод харагдаггүй. Бидэнд соёлын нэгтгэх шинж тун хомс. Ийм ч болохоор Монгол хүн бороон дусал далайд унах адил олон соёл, шашин зэрэгцсэн энэ нийгэмд замхаран алга болохдоо тун амархан мэт. Монголчууд аливаад амархан дасаж зохицох чадвартай нь сайшаалтай ч, нөгөөтэйгөөр бидэнд амьд соёлын нэгтгэх шинж бараг байхгүй нь харамсмаар. Түүхээ мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчин шиг гэдэг, тэгвэл соёлын толбогүй бол салан баавгай шиг гэхэд алдахгүй байх. Яагаад гэвэл соёлын толбо гэдэг маань ул сэтгэлгээ, түүх, хөгжлийн гинжин холбоог хамгаалдаг дархалаа мөн.

Шашин

Монголын соёлын толбын тухай ярихад шашныг дурдахгүй өнгөрөх аргагүй. Соёлын нэгтгэх чанар сул байгаа нь уламжлалт шашнаасаа бид хөндийрсөнтэй холбоотой. Англи улсад хаа ч явсан хамгийн түрүүнд асуудаг зүйлийн нэг бол шашин. Энэ нь шашнаар ялгаварлах гэж байгаа биш, харин шашин бол хүний суурь тодотгол гэдгийг хүлээн зөвшөөрсөн болохоор тэрээ. Чухам шашныг ойлгосноор хүн бусадтай эвтэй найртай амьдарч, өнөөгийн дэлхийн бүрэн эрхт гишүүн болж чадах билээ. Ямар ч үндэстний сэтгэлгээ, соёлын толбо, далд ухамсарт нь шингэсэн зан үйл, ёс зүй, үнэт зүйлс нь бүгд л уламжлалт шашин, түүхтэй нь нягт холбоотой.

Харин 70-д жил шашин хар тамхи гэсэн үзэл сурталаар хүмүүжиж ирсэн бид шашинд хандах хандлагаа өөрчилж чадахгүй явна. 1990 оны Ардчилсан Хувьсгалын дараа Монголчууд соёл, шашнаа сэргээн, алдагдсан дүр төрхөө олох нь гэж гадаад, дотоодын олон хүмүүс таамаглаж байсан. Хэдийгээр Буддын шашин сэргэж сүм хийд олон байгуулагдсан ч өнөөгийн өндөрлөгөөс эргээд харахад Монгол соёлын толбо тодрох нь бүү хэл харин ч ондоо олон янзын соёл, иргэншлийн давалгаанд өртөн улам л өөрсдийгөө гээн, бусдын үнэт зүйлс, зан үйлийг ямар ч дархалаа, хамгаалтгүй авч байна.

Өнгөрсөн 15-н жилийн турш бид соёлын онцлогоо сэргээж чадаагүй нь гурван шалтгаантай.
1-рт, бид ядуу байна. Эдийн засаг ядуу улс маргаашийнхаа хоолыг л бодохоос соёл, тархины тусгаар тогнолын талаар бодох зав алга.
2-рт, 70 жил хөрөгчинд хадгалагдсан хөлдсөн мах шиг Монголын Буддизм цаг үетэйгээ зохицох аргаа олохгүй байна.
3-рт, шашнаас хөндий өссөн социалист хүмүүжилтэнгүүд шашинг хар тамхи гэсэн үзлээс салаагүй явна.

Тиймээс ч шашин үнэхээр хар тамхи, хөгжлийн садаа мөн үү? Гэсэн асуултанд хариулах учиртай. Хэрэв өнөөдөр Их Британи нийгмийг ажиглавал шашин мөхөөгүй харин нийгмийн амьдралын салшгүй хэсэг болжээ. Төрөл бүрийн шашин дэлгэрч, шашинд хандах хандлага ч өөрчлөгдөсөн байна. Шашин хүчтэй байгааг саяхан өнгөрсөн Ромын католик сүмийн тэргүүн John Paul 2-н оршуулганд 200 орны ерөнхийлөгч, ерөнхий сайд, хатан хаад нар биечлэн ирсэн нь юунаас ч илүү харуулна. Мөн жил гаруй өмнө Далай Лам Их Британид айлчилж сургааль айлдсаныг та бүгд мэдэж байгаа. Энэ бүгд шашин хар тамхи гэдэг Марксаас гаралтай монгол үзэлтэй таарч нийцэхгүй байна.

Хүн төрөлхтөний хөгжил, сүсэг бишрэл, шашнаас ангид оршихгүй нь бодит байдлаас харагдана. Дундад зуунд шашин зарим талаар нийгмийн хөгжилд саад болсон нь үнэн. Харин одоо шашин хөгжилд саад болохоосоо илүү гажсан үед нь залруулах үүрэгтэй болжээ. Ер нь дэлхий нийтэд болж байгаа үйл явдал, улс төрийн байдлаас харахад хэт туйлшран үндсэрхэг үзэлтэй холилдсон, сохор сүсэг хөгжилд садаа болохоос эрүүл сүсэг, мэдлэг дээр тулгуурласан шашин хөгжилд садаа болохгүйг батална. Ийм ч учраас бид уламжлалт шашнаа судалж, сүсгээ эрүүлжүүлж соёлт хүн төрөлхтөний эгнээнд орох шаардлагатай. Буддын шашныг зөвөөр ойлговол хөгжилдөө ч ашиглах боломжтой юм шиг.

Буддизмыг ашиглая

Бид өнөөдөр их азтай үед Баруунд иржээ. Хэдийгээр Монгол хүн тодотгох соёлын хямралд орсон ч Монголын уламжлалт шашин мөхөж алга болсонгүй. Харин ч бүр хөгжингүй Баруунд хөл тавин цэцэглэж байна. 8-р зуунд анх Буддизмийг Төвдөд дэлгэрүүлсэн Бадмасамбава
( Guru Padma Sambhava)

Төмөр шувуу нисэж
Дугуйтай морь давхихад
Төвдийн ард түмэн
Дэлхийгээр таран Дарма (Буддизм)
Улаан арьстаны нутагт очно

хэмээсэн нь үнэхээр биелж байна хэмээн эрдэмтэн мэргэд тэмдэглэжээ. Барууны түүхч Арнольд Тоянбий Буддизм Баруунд ирсэн нь ХХ зууны хамгийн том үйл явдал байж магадгүй гэжээ. Тэрээр мөн XXI зууны хамгийн том үйл явдлын нэг бол Буддизм, Баруун хоёрын учрал гэж дүгнэсэн байна. Буддизм баруунд маш нарийн сэтгэл судлал, бясалгалын текникүүд, гүнзгий метафизик, дэлхий даяараа сайшаадаг ёс зүйн зарчмуудыг авчираж байгаа бол Баруун хариуд нь шинжлэх ухаан, текнологи, ардчилалын үнэт зүйлс, хувь хүний эрх чөлөө зэргийг авчирч байна хэмээн нэгэн ном дээр бичсэн бий.(3)

Хэрэв бид цагийн аясыг мэдрэн сүйхээтэй хөдөлвөл эндээс их хожиж болох мэт. Юуны түрүүнд гадаад имижэндээ Буддизмыг ашиглая. Монгол бол Буддист орон, иргэд нь номхон дөлгөөн гээд л хүний сэтгэлийг татахаар эерэг талаасаа бусдад өөрсдийгөө харуулья. Монголчууд л Буддизм гэхээр бөөс бодоод явчихдаг болохоос биш, Барууныхан бол энэрэнгүй, зөөлөн шашин гэж ойлгодог. Мөн Төвдийн Буддизм дэлгэрэхийн хэрээр Монголын түүхийг жаахан ч атугай мэддэг болгочихвол үнэгүй сурталчилгаа л гэсэн үг.

Ингэж чадах юм бол аялал жуулчлалд ч нэмэртэй. Монголчууд Буддизмээ голоод Чингис хаанаар голлож реклам хийдэг. Гэтэл очиж байгаа зочин маань ихэвчлэн амьд соёл, хүмүүстэй уулзах гэж байгаа болохоос Чингистэй уулзах гэж очоогүй (хэдийгээр Чингисийн төрсөн нутгыг үзэх гэж байгаа ч гэлээ). Тэр тусмаа танай улсыг манай Чингис будаа болгосон гээд өөдөөс яриад зогсож байдаг сагсуу Монголтой тааралдах дургүй л байх.

Энэ дашрамд хэлэхэд Ардчилсан Хувьсгалаас хойш Монголчууд Чингис хаанаа тахин шүтэх болсон. Энэ тахин шүтэх явцад бид Чингис хаанаа бурханшуулж хүн биш байсан мэт сэтгэх нь холгүй болжээ. Хэрэв цаашдаа энэ байдлаар үргэлжилвэл өвөг дээдсийнхээ сүнсэд мөргөдөг хүй нэгдлийн үеийн омгийн сэтгэлгээ сэргэж мэдэх юм. Бас хэт туйлширсан үндсэрхэг үзлийн үрийг тавьж байна.

2-рт Буддизмыг хүний хөгжил, хүмүүжилд ашиглая. Монголчуудын боловсролтой хүн гэсэн ойлголт тун явцуу. Сургуульд сурч улаан диплом аваагүй л бол хүний тоонд оруулахгүй шахам. Энээс нь болж Монголоор дүүрэн дипломын ангуучид. Гэтэл хүнд сэтгэлийн засал хийх бас хэрэг байна.

Сүсэг бишрэлээр хүнийг хүмүүжүүлэх эртний шалгарсан аргыг бид одоо эргээд нэг шүүх хэрэгтэй. Англид шашны тухай мэдлэгийг бага, дунд ангиас нь эхлэж заадаг юм байна. Энэ талаар бид ч гэсэн туршлагатай. 1921 оны хувьсгалын дараахан Монгол туургатаны сэхээтнүүд мэдлэггүй шашин хамгийн хөнөөлтэй гэдгийг ухааран өсвөр үеийхэндээ Буддын шашны мэдлэгийг олгохыг оролдож байжээ.

Ерөнхий боловсролын системдээ харьцуулсан шашны хичээл заах, үгүй ядаж эхний ээлжинд Буддын шашны мэдлэгийг олгох хэрэгцээ байна. Одоо Монголын залууст хамгийн их дутагдаж байгаа зүйл бол шашны мэдлэг. Үүний баталгааг Монголын вебсаитуудаас дорхноо олно.

Монголчууд мухар сүсэг бишрэлээс их айдаг. Гэтэл мухар сүсэг гэдэг маань мэдлэггүй сүсгийг хэлдэг болохоос мэдлэгтэй, эрүүл ухаанаар шүүсэн сүсэг бишрэлийг хэлэхгүй. Тэгээд ч сүсгийн хөрөнгө байхгүй хүн гэж үгүй. Өнөөдөр бид шашныхаа талаар мэдлэггүй учраас жинхэнэ мухар сүсэгтэй болжээ. Бурханд зөв мөргөж чаддаггүй. Бурханаа хахуульдан, хууль бус хэрэг хүртэл хийлгэнэ. Ёс зүйн кодгүй учраас Монгол хүмүүжил догогдолтой байна. Манай Ерөнхий сайд Элбэгдорж ч энэ талаар их сануулж байгаа.

Мөн харгис хэрцгий ухагдахуунуудыг нийгэмдээ чөлөөтэй үржүүлэх боллоо. Нэг жишээ дурдахад Монголчууд үр хүүхдээ доголонгын газар доголон, сохорын газар сохор яваарай гэдэг. Энэ нь бялдуулчилж, үнэнийг бүү дагаарай гэсэн утгатай хэмээн бид ойлгодог. Үр хүүхдээ ингэж сургаж байдаг ард түмэн гэж байх уу? Эндээс л Монгол тархи дахь ухагдахуун хичнээн ядуурсныг харж болно. Гэтэл Буддын шашинт Монголчууд үнэхээр л ингэж үр хүүхдээ сургаж байсан гэхэд үнэмшмээргүй. Хэрэв дээрх үгийг Буддын шашнаар тайлбарлавал өөр утгатай болох байх. Хүний мөн чанар хаа ч адилхан. Сохор ч байлаа, доголон ч байлаа хүн бүхэн Будда чанартай. Тиймээс хүнийг сохор гэж хууралгүй, доголон гэж доромжлолгүй байгаарай гэсэн энэрэнгүй сургааль болж хувирна. Энэ нь мөн усыг нь уувал ёсыг нь дага гэдэг, ёс журмыг хүндэлсэн сургаальтай ижил утга байх шиг байна.

3-рт, Зөвхөн Буддизмаар л дамжуулан ёс заншил, зан үйлээ жинхэнэ ёсоор нь сэргээж чадна. Монголчууд хамаг л зан үйл, ёс заншлаа Буддын шашинтай зохицолдуулсан гэдэг гарцаагүй үнэн билээ.(4) Тиймээс уламжлалт ёс заншлаа хадгалья, ойлгоё гэвэл уламжлалт шашнаа үзэх хэрэгтэй. Тэгсэн нөхцөлд л бид орчин цагт мартагдах шахсан зан заншлаа амжилтайгаар үндэслүүлж чадна. Бидний одоогийн алдаа юу гэхээр бид агуулгыг нь ойлгохгүй учраас зөвхөн хэлбэрийг нь хэрэгжүүлэх гээд байгаа юм. Хоосон хэлбэр бол үхмэл байх нь ойлгомжтой. Тийм ч болохоор зарим зан үйл маань цаг үетэйгээ зохицохгүй хаягдаж байна. Хэрэв бид мөн чанар, агуулгыг нь мэдсэн бол хоцрогдсон хэлбэрийг нь өөрчлөөд зан үйлээ аваад үлдэх боломжтой болно. Далай Лам ч гэсэн Төвдүүдэд соёлын онцлогын тухай сургаж байхдаа бид соёлын мөн чанар дотроо ялгарах ёстой гэсэн байна лээ. Хэрэв бид ингэж л чадвал манай соёлын толбо улам их тодрох билээ.

Жишээ нь, Монголчууд босгоно дээр гишгэдэггүй, энэ бол маш эртний Монголчуудын Ёсыг баримтлахыг шаардсан зан үйл. Гэхдээ үүнийг бас Буддизмаар тайлбарлаж болмоор, гаднаас шинэ орчинд нэвтэрч байгаа хүнийг сэргэг болгож, сэрэмжийг нь бариулан тухайн орчны дотоод ёс журамтай зохицох чадвартай байлгахын тулд босгоно дээр гишгэдэггүй ёсыг баримталдаг байжээ. Хэрэв өнөөдөр бид энэ үйлдэлийн мөн чанарыг зөв ойлговол босгогүй байшинд орохдоо ч гэсэн XXI зууны Монгол маягаар өвөг дээдсийнхээ зан үйлийг улбаалан Монгол толбоо тодруулж чадна. Наад зах нь согтуу хүн айлд орохыг цээрлэдэг болно.

4-рт, Буддизмээр дамжин Өрнөдийн соёлыг ойлгох сайхан боломж олдож байна. Нэг сумаар хоёр туулай агнахтай л адил. Өөрийнхөө соёлыг ч мэдээд, Өрнөдийн соёлыг ч ухаарна. Хэдийгээр бид Оросоор дамжуулан Өрнөдийн соёлтой танилцсан ч өдий хүртэл Барууны соёлыг тодорхой бүрэн мэдээгүй байна. Хэрэв та нар Монголын сэтгэгч, яруу найрагч, уран зохиолын шүүмжлэгч нарын Барууны мэргэдийн үгнээс иш тасан байдлыг харах юм бол тэд нар нь ихэвчлэн XIX зуунаас өмнөх нөхөд байдаг. Өнөөдөр амьд байгаа Барууны том сэтгэгч, яруу найрагчдыг Монголчууд бараг мэдэхгүй. Энэ нь өөрсдөө тулах цэггүй хүмүүс чинь Баруун соёлыг хөгжил дунд нь гүйцэт ойлгож чадахгүй байгааг харуулна. Ганц, хоёр зүйлийг нь мэдээд ойлгоод байж байтал, нөгөөдүүл нь улам цаашаагаа жирийлгээд алга болчихдог байх нь л дээ. Иймээс ч Монголчууд бид XXI зууны төвшинд сэтгэлгээнийхээ ээдрээг тайлж, цэгцлэх чухал. Монгол сэтгэлгээ гарах тодорхой гараатай баймаар байна. Монгол сэтгэлгээнд Барууны соёлоос илүү нөлөөлсөн Буддизмаа эхлээд судалчихсан байхад Барууны соёл, иргэншлийг энэ хоёрын харьцаан дээрээс нь илүү сайн ойлгох болно. Ингэж харьцуулсан ном зохиол Өрнөдөд олон бий.

5-рт, Соёлын толбо гэж яривал соёл урлагийг хөндөхгүй байхын аргагүй. Буддын шашны ухагдахуун ойлголт дээр тулгуурласан ХХI зууны соёл, урлагийг хөгжүүлэх, боловсруулах шаардлагатай. 70, 80 жил социалист реализм, Монгол гэж хоосон шахуу хэлбэрдсэн, '' Минь'' урлаг өнөөдөр явцууран, төлжих тэжээлгүй шахам болсныг олон хүн анзаарч байна. Тийм учраас Монголчууд байнга л гаднаас хулгайлан, соёлын хувалц аятай болжээ. Энэ нь бидний тусгаар тогтнол нүүрлэж байгаа хамгийн том аюул. Яагаад гэвэл аливаа иргэншил, улс орон бусдад уусахдаа соёлд нь эхлэж татагдаг юм байна. Тиймээс бидэнд өрөөлийн соёлд ор мөргүй автах бус харин өөрийн үндсэн дээр өрөөлийн соёлыг чимэг болгодог чадвар хэрэгтэй.

Бүхэлжье

Монгол улс өнөөдөр ямар ч хэвэнд ороход бэлэн хайлсан тугалга шиг байна. Уян хатан чанар хөгжихөд тустай мэт санагдавч, аливаа зүйлс үндсэн хэвтэй байж л хувирч, өөрчлөгдөж, хөгждөг жамтай. Социализмын үеийн бидний алдаа бол үндсэн хэлбэрээ гээсэнд бий. Үнэндээ ингэж хөгжих нь хүний халаасанд түрүүвчтэй мөнгөө хадгалсантай адил. Зөвхөн хүний л юм аваад байвал бидний олсон мэдлэг Монголыг биш харин дуурайсан улсыг маань баяжуулж, туршлагажуулна. Тэгэхээр зөвхөн хөрөнгийг тогтоох савтай байхаас гадна мэдлэгийг өөрийн болгох гавал чухал. Гадаад орчинтой зохицож байнга өөрийгөө төлжүүлдэг, хөгжлийг сөрөх биш харин дагаж бүхлээр урсах чадвар бидэнд юу юунаас илүү хэрэгтэй. Тархай, бутархай нүүдэлчин аймгуудыг ганцхан тодотгох шинж эсгий гэрээр нь нэгтгэн Тэмүүжин XIII зуунд эсгийн туургатаны xаан болсон. Тэгвэл XXI зуунд тархай, бутархай, хагарсан шаазан шиг Монгол туургатан соёлоороо нэгдэж, бүхэлжих шаардлага гарлаа. Бүхлээр урсах чадвартай байж л бид даяарчлалыг өөрт ашигтайгаар хэрэглэж чадна.

Өөрийгөө таних нь хөгжихөд тустай. Өөрийгөө танина гэдэг маань өрөөлийг ч мөн танина гэсэн үг. Ялгарах шинжээ баттай мэдсэн улс өөрт юу хэрэгтэй байгааг ч хэнээс ч хэлүүлэлгүй олно. Хөгжихийн тулд тодорхой гараа, хэлбэр хэрэгтэй. Тэгэж байж л хөгжил чигтэй, зорилго нэгтэй байх болно. Эс бөгөөс салан баавгай мэт нэгийг авч нөгөөг гээсээр олигтой хөгжихгүй. Соёл, шашнаа сэргээх нь хойшоо ухарсан хэрэг биш харин хөгжихдөө үндсэн хэлбэртэй, гараагаа тодорхойлсон үйлдэл.

Соёлын толбоо тодотгох нь хувь хүнээс эхлэх процесс, хүний хөгжилдөө бид соёлын онцлогоо ашиглах хэрэгтэй. Өнөөдөр хөгжлийг дагаад муу нөлөө их орж ирж байна. Жишээ нь мансуурах бодис хэрэглэх явдал (drug culture), элдэв ёс зүйгүй зан үйдэл, энэ бүгдийг тоочих хэрэггүй байх. Манай залуус ч гадаад гараад хамгийн түрүүнд сонин содон харагдсан зүйлдээ уруу татагдаг. Энэ бүхний эсрэг хамгаалт нь яах аргагүй өвөрмөц соёлын онцлогоо хадгалах явдал билээ. Мөн соёлын толбоо цэвэр байлгах талаар бид үргэлж анхаарах хэрэгтэй. Догшин хэрцгий зан, архидалт гэх мэт зүйлсийг Монгол хүнийг тодорхойлох чанарт оруулмааргүй байна.

Монгол гэрийн доторх ёс журмыг, “халиулаад” л нийгэмдээ мөрдчихөд бид хэчнээн дэг журамтай болох бол. Чухам түүх, хөгжлийн гинжин холбоос тасарнаас л бид ингэж чадаагүй юм шүү дээ. Хөгжил бидэнд зайлшгүй хэрэгтэй. Харин хөгжихдөө залууртай, өөрийн бодолтой баймаар байна. Энэ чадавхийг бид зөвхөн уламжлалаа зөв ухаарч, сэргээж чадсан нөхцөлд л эзэмшинэ.

Мөн хэн дуртайгаар нь тархиа уугаалгамааргүй байна. Өөрсдийн орон зайгаа хадгалж сурмаар байна. Сүүлийн зуунд бид зөвхөн амиа авч үлдэхийн тулд, газар шороогоо хадгалахын тулд гавалаа золиосолсон. Харин өнөөдөр бид газраас гавалд анхаарах цаг болжээ. Эцсийн бүлэгт гавал чинь хүний бол газар чинь хүнийх болох нь гарцаагүй билээ. Үнэт зүйлсээ гэрлийн хурдаар сольдог, үлээнгүүт л өнгөө өөрчлөх гээд дайрчихдаг, ямар ч ёс суртахууны гишгэх тулгуургүй байна гэдэг бол жинхэнэ эмгэнэл юм. Уул нь соёлын толбо тод байх тусмаа бидний тусгаар тогтнол баттай, хөгжил тогтвортой байх билээ.

Монгол улс иргэндээ ёс суртахууны гишгэх дэвсгэр бодлоготойгоор бэлдэх цаг иржээ. Энэ ёс суртахууны суурь маань, бусдын шашин, соёлд дорой, бүдүүлэг хэмээн дээрхүүлэхгүй байх шаардлагатай. Энэ шаардлагыг зөвхөн Буддын шашин л бидэнд өгнө. Гэхдээ бид бүгд заавал шашинд орох шаардлагагүй.

Өнөөдөр бидэнд соёлын нэгтгэх хүчтэй шинж дутсанаас гадагшаа гарж байгаа Монголчууд очсон газар болгоныхоо соёлын хүрээнд амархан уусан, өөр, өөр зан үйлтэй, үнэт зүйлстэй болж байна. Ингэснээр биднийг нэгтгэх зүйлс улам л цөөрсөөр. Мөн соёл, шашнаа сэргээхдээ бид бусдыг гомдоох бий хэмээн айх хэрэггүй юм. Шашнаа мэдлэгтэйгээр сүсэглэх, сохор үндсэрхэг үзэл хоёр асар ялгаатай. Иймээс ч бид соёлын толбоо тодотгохын тулд шашинд хандах хандлагаа өөрчилж, шинэ Монголын ''язгуур төрхийг'' сэргээх хэрэгтэй.

Хувьсгалаар гээгдсэн ард түмэн хувьслаар төрхөө сэргээх болтугай. Толбоо тодотгоё.
Ашигласан материалууд
1.Interface of cultural identity development, (1996) edited by Baidyanath Saraswatihttp http://ignca.nic.in/ls_03.htm

2. Samuel Huntington (1993) ’The Clash of civilization’, мөн Доктор Баярхүү (2005) ‘Ханигтоны учирлал буюу бид хэн юм бэ?',
http://www.forum.mn/contents.php?coid=751&cid=145

3. Damien Keown(1996) ‘Buddism a very short introduction’

4.Бурханч Лам Пүрэвбат, 'Үхлийг ашиглаж сурах хэрэгтэй'

Tuesday, 4 December 2007

Дурлалын дуу

Жаахан охин
Дурлал хайхаар
Чимэглэж аваад
Гадагш гарчээ.
Хамгийн сайхан
Залуутай учирч
Хайсан хайраа
Дорхноо олжээ.
Харин удалгүй
Танихгүй нэгэнтэй
Санамсаргүй тааран
Гуних болов.
Үгүй зүйл нь
Гэнэт тодрон
Шөнийн бороонд
Нулимс унагав.

Зүрхэнд гагнагдсан дурсамж

Хөх тэнгэрийн бараа
Хөдөөгийн саруул тал
Монгол наадмын өглөө
Морьдын айсуй тоос

Өвлийн тунгалаг агаар
Урсахыг мөрөөдсөн зомгол
Утаа суунагласан гэр
Эмээгийн үнэртэй дээл

Навчгүй шалдан мод
Намайг хайрласан охин
Нахиалж буй цэцэг
Наранд ээсэн толгод

Нандин дурсамжтай уруул
Налсан өвсний ором
Зураг шиг зун
Зузаан дотношсон үдэш

Шөнө айлчлах зочин
Аавын халамцуу яриа
Архи зардаг дэлгүүр
Тамхи ширхэлдэг эгч

Цас чaхрах чимээ
Цана татсан цонх
Хөл татарсан гудам
Хөөрхөн охины утас

Тасганы овоо
Таван шарын орц
Хорооллын дэлгэмэл
Хотын төвийн баар

Болжмор жиргэсэн өглөө
Бодлогошрон алхах бүсгүй
Богд уулын орой
Бүтээгүй зүрхний мөрөөдөл

Орцонд хөглөгдсөн дурлал
Оюутан цагийн шуугиан
Чимээгүй чигчилсэн ганцаардал
Цэцэрлэгт сурсан дуу ...

Та бүхэндээ би
Тамгагүй үнэнч хэвээрээ.

2004.10.02

Хагацал

Хагацал-харамгүй өгсөн сэтгэл
Хагацал-хэлээгүй үлдсэн үгс
Хагацал-гэнэт тасарсан зураас
Хагацал-дундуур орхисон хундага
Хагацал-нулимстай нүд
Хагацал-нурмайсан навч
Хагацал-ганцаардлын тунхаг
Хагацал-салаа зам
Хагацал-хайрын шалгуур
Хагацал-холын сураг
Хагацал-хоосон зай
Хагацал-шинэ учрал.

2004. 10.03

Онигоо

Онигоонд оруулна шүү !
Монголчуудын ярианы хэллэг.

Онигоо гэгч орос ахтай
Онцын утгагүй атмаан үг.
Олноос салвал онцлох нэр
Осолдохгүй явахыг сануулсан тэмдэг.

Онигоо гэгч мангаа үг
Онигоогоо чирвэл улаан шившиг
Гозойгоод босоход шалчийлгах лантуу
Гэндээд орчход салахгүй жонхуу.

Онигоо гэгч жиг жуг
Уруулаас унасан чих халууцуулагч
Халуун ярианы гол түлэш
Баатар нь тодорхой авторгүй үлгэр.

Онигоо гэгч нэрэнд халтай
Алдарын боолчуудын сүнсийг зайлуулагч
Эцэхээ мэдэхгүй нисдэг шулам
Барихаар бултдаг залины хөрөнгө.

Онигоо гэгч амттай идээ
Давслах тусам чихэрлэг болдог
Зүгээр суухад зугаатай
Хошуугаар зүлгэгдсэн мөлчгөр хоргол.

Онигоо гэгч чалхтай эд
Хамгийг нэгтгэх хуурамч инээд
Сүрхий эрсийг хүүхэнд хувирган
Сүргийн эмсийг найраагүй хүчиндэгч.

Онигоо гэгч намба шалгагч
Намба заавал намжих вирус
Тулаад зогсоход араас шаах
Хойноос чулуудсан хүйтэн авиа.

Онигоо гэгч хошного ухагч
Олигтой үүрэггүй 0-ын цаас
Баас тахисан сүргийн сүнс
Баахад садаа хатсан ялгадас.
Онигоо гэгч…
2004.02.21

Friday, 19 October 2007

''Толбогvй Монгол" номын шvvмж

Германд амьдардаг миний найз Алтаа Толбогүй монгол номыг маань уншаад шүүмж явуулжээ.. Номыг маань уншиж, шударга сайхан шүүмж бичсэнд Алтаадаа маш их баярлалаа.
''Бvхэл бvтэн ном бичнэ гэдэг маш их цаг зав, нерв шаардсан тун амаргvй ажил гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тийм болохоор миний гар дээр ном болоод, хэлбэрээ олоод хvрээд ирсэн энэ шинэ бvтээлийг унших завшаан олдсон нь сайхан явдал боллоо.
Юуны тvрvvнд санаж бодож явдаг зvйлсийнхээ талаар уншигч олонтойгоо хуваалцаж
байгаа номын эзэнд баярласнаа илэрхийлье.
Энэ ном нь монголын тvvх, соёл, шашин, улс тeр нийгэм, хvний хeгжил, боловсрол,
иргэдийн eнeeгийн амьдрал гээд олон сэдвийн талаар эрэгцvvлэн бичсэн эссэ
нийтлэлийн тvvвэр юм.
Уг номонд багтсан 21 эссэг утга агууллагыг нь харгалзан бvлгvvдэд хувааж eгсeн бол
уншигч сонирхсон хэсгээ аваад уншихад амар хялбар болох байсан юм шиг бодогдлоо.
Жишээлбэл
- Монгол улсын хeгжлийн тухайд ''Хeдeлгeeн", ''Морь унасан толгойгvй улс" гэх
мэт
- Шашин болон тvvнтэй холбоотой vг хэллэгийн тухайд, ''Бурхан гэдэг будлиан vг",
''Сансарт нисэх vv, сансраас зайлах уу"
- Яруу найраг утга зохиолын тухайд, ''Яруу найргийн элеменtvvд", ''Гvехэн утгын
цом" гэх мэтээр ангилсан бол илvv системтэй болох байж гэж санагдлаа.
Номонд сонирхолтой санаа, шvvмжлэлт eнгe аяс орсон олон нийтлэлvvд байгаа бeгeeд
энд зeвхeн жишээ дурдахад
- Эх оронч vзлийг хэт дэвэргэх, буруу тийш хэлбийлгэх тухайд Х. 84, 85
- Хeгжлийг ''Aжил" авчирах тухайд Х. 95, 96
- Авилгал сайн зvйл дагуулдаггvй, хeгжлийн саад болох тухайд Х. 99 гэх мэт.
Монголын уламжлалт шашины тухайд, лам нарын нийгэмд хvлээх хариуцлагын тухайд бичсэн зvйлvvд их зeв санагдлаа, жишээ нь орлогын татварын тухай Х. 109, лам нар ядарсан хvмvvст туслах буянт vйлс хийдэггvй талаар Х. 112 гэх мэт.
Номонд егeeдсeн, сeргeсeн хэлбэрээр шvvмжээ тодорхой болгосон хэсгvvд олон байгаа
нь даруй нvдэнд тусаж байгаа бeгeeд энэ нь уншигч миний зvгээс их л таатай хvлээж
авч байсан ''хужир" юм. ''Засаггvй бeхийг задартал ташуурдья" Х. 127, ''бvр болохгvй
бол Чингисийн vрийн шингэний банк байгуулья" Х. 190 гэх мэт санаануудыг би
егeeдeл хэлбэрээр ойлголоо.
Утгын талаас ойлгомжгvй vгvvлбэр жишээ нь ''Зарим нь байгалиа магтаж, ээж аавыг нь сануулан бусдыг чангаадаг eвчин тусчихлаа." Х.13 мэр сэр байгаа боловч энэ бол
иx том асуудал биш юм.
Би юу хэлэх гээд байна вэ гэвэл дахиад ном гаргахдаа хvнээр уншуулж vгvvлбэр дэх vгсийн байршил, найруулгаа хянуулж байвал зvгээр. Дeрвeн нvд хоёр нvднээс илvv олон зvйл харна.

Энэ номын зохиогчид зохиол бичих авъяас, асуудалд бодитоор шvvмжлэлтэй хандах
соргог мэдрэмж, Mонгол улсаа гэсэн сэтгэл хангалттай байгаа гэдэг нь миний хувьд
тодорхой болсон болохоор eeр шинэ олон бvтээлvvдийг нь уншина гэдэгтээ итгэлтэй
байна. Чин сэтгэлээсээ амжилт хvсье.''

Wednesday, 12 September 2007

Эмайл-ээр ирсэн тvvх

Саяхан нэгэн найз маань над руу э-майл явуулав. Захиандаа миний блогийг сонирхон уншдагаа бичээд, хамгийн сүүлд бичсэн бичлэгийг маань уншчихаад, юм бодоод хэвтэж байтал нь гэв гэнэт л онгод нь орж, доорхийг бичсэн гэнэ. Тэгээд тэрийгээ над руу явууллаа гэж байв. Би найзынхаа бичсэн зүйлийг уншаад блог дээрээ тавъя гэж бодлоо. Нэгдүгээрт би онгодыг нь оруулсан юм, хоёрдугаар гоё юм.

Монгол хүү, лондон хүү болсон түүх

Английн амьдрал шалдар булдар. Шинэ ирсэн хосын сэтгэл санаа харихаас ч буцахгүй.

Бараатан нүүгэлтэх үүлэн чөлөөнөөр хаяа нэг наран бөлтийж. Бужигнасан олон түмэн дундаас заримдаа нэг монгол төрх зурвас харагдана.

Буудал цэвэрлэхээс өөр ажилгүй гэж Бурмаа бүсгүйг хүмүүс унтраана. Сав угаахаас өөр чадалгүй гэж Самбуу залууд танилууд томроно.

Хатуу зэмлэх Housekeeper, хараал идсэн заваан өрөөнүүдээс ар гэрээ санасан Бурмаа бүсгүй залхах боловч дураараа орхиод явчихаж чадахгүй тул хөлсөө гоожуулж, нулимсаа дуслуулан хүний харцаар тэр хөдлөнө, хөөрхий.

Тачигнан овоорох түмпэн савыг Самбуу залуу чармайн угаах боловч дутуу угаалаа хэмээн аашлуулан, өөрөө өөртөө бухимдаж гутал хувцасаа норгон, гар хөлөө мэдрэлгүй болтол будилна, чааваас.

Буцаад явъя мөнгө байхгүй, очоод уулзъя найз үгүй, өөр ажилд оръё англи хэлгүй саяхан ирсэн Самбуу, Бурмаа хоёрт амьдрал тун бэрхшээлтэй санагдавч ард үлдсэн аав ээж, ах дүү, үр хүүхдээ бодон тэвчихээс өөр аргагүйд хүрнэ.

Тэд Heathrow-гоос хөөрч зүүн зүгт нисэх онгоцыг дэмий л саравчлан харж, тэрүүхэндээ шүүрс алдан бичиг баримттай нэгэнд нь битүүхэн атаархавч санаа байвч сачий хүрэхгүй болохоор яалтай ч билээ, таминээ.

Даваа гарагт байрны мөнгө төлж, Баасан гарагт цалингаа авсаар цаг хугацаа жирэлзэн өнгөрөхөд нэг л мэдэхэд зургаан жилийг ардаа үджээ, энэ хоёр.

Бурмаа бүсгүй Housekeeper болж, Самбуу залуу ахлах тогооч хийж цалин мөнгө ч дээшлэн, англи хэл ч сайжрав. Гэтэл гэнэт нэг өдөр Монголоос найз нь утасдаж гайгүй ажлын мээст гарсан мэдээ дуулгахад хөмөрсөн тогоон дотор гэрэл туссан мэт болж гэрээ санасан хоёр харихаар сэтгэл шулуудав.

Юм хумаа эмхлэн бэлдэж, өдрийн сайныг тооцон онгоцны тийц худалдан авав. Сайн нөхөд ч пабанд цугларан сайхан үдэлтийн паарти хийцгээлээ.

Ингээд алс одсон хос англи хэлтэй, арвин зоостой арлын орноос нисэн одвоо.

Wednesday, 29 August 2007

Асашёорюv

Асашёорюү-
Дохо-н дээрх Дөл,
Тогтоож барихгүй Давалгаа,
Дарж номхруулахгүй Шуурга,
Хорьж саатуулахгүй Үеэр.
Уулыг түлхэх Цуппари,
Усыг ширгээх Омог,
Үнэнийг үзүүлэх Тулаан,
Үхлийг дийлэх Алдар.
Асашёорюү-
Жартгар нүдтэй Монгол,
Жадлахад цавчихгүй Хараа,
Ялахад сагахгүй Бодь,
Ялагдахад сөгдөхгүй Зориг.
Бодолд төөрөөгүй Үнэн,
Болохгүйг бүтээх Зөн,
Эгзэгийг алдахгүй Билэг,
Эргэж хөрвөхгүй Сум.
Асашёорюү-
Айдсыг дийлсэн Сэрэмж,
Аюулыг өдсөн Цөс,
Агаараар цэнэглэгдэх Эрч,
Аюулхайг догдлуулсан Агшин.
Сөргөх бүр сэргэх
Цочмог гарах Хурд,
Зогсолт бүр нь шигдэх
Дэвжээнд гагнаастай Суурь.
Асашёорюү-
Аранзал улаан Наран,
Алдарт хорогдохгүй Сэтгэл,
Үгээр дүрслэхгүй Өрсөлдөөн,
Урсгал сөрсөн Ялалт.
Хорин насны Тунхаг,
Хоёр туйлын Нийлбэр,
Болдоос бүрэлдсэн Баатар,
Босоогоор төгсөх Домог.
Асашёорюү-
Сансарт дүүлсэн Од,
Санаанд олзлогдохгүй Хараацай,
Залуу насны Жавхаа,
Чадал, ухааны Цогц.
Ахих тусам бэхжих
Аагийг дарсан Ааг,
Газар, Тэнгэрийн дундах
Ганцыг билэгдсэн Аварга.
Асашёорюү-
Хөх Тэнгэрийн Луу,
Хөрст дэлхийн Хүчтэн,
Бөртэ чонын удам,
Бүх Японы Ёкузоно.
Дахин төрөхгүй Дагвадорж
Далайн чинээ аварга.
Эргэж олдохгүй Их Аварга
Энэ Монголын Бахархал.
Асашёорюү…

2004.06.15-17

Нартай бороо

Нартай бороо
Сэргэлэн бороо
Нар мишээлгэсэн
Зугаатай бороо.

Нартай бороо
Өнгөтэй бороо
Солонго авчирсан
Балчирхан бороо.

Нартай бороо
Ховорхон бороо
Найзуудыг сайндуулсан
Сайн бороо.

Нартай бороо
Зуны бороо
Дэлхийг чимсэн
Цэцгэн бороо.

Нартай бороо
Дулаахан бороо
Хацар үнссэн
Сонин бороо.

Нартай бороо
Дурсамжтай бороо
Инээдээр хахсан
Хөгжилтэй бороо.

Нартай бороо
Гоё бороо
Дандаа ийм
Байгаасаа гэтэл
Зурвасхан ороод
Дуусчихдаг бороо.

2003.12.02

Тvй, тvй, тvй буюу eдрийн тэмдэглэл

Урьд шөнө гадуур наргиж яваад гэртээ үүр цайхад орсон тул Гүнжээг өглөө арван нэгэн цагт утасдахад сэрэх бэрх байлаа. Ганц амралтынхаа өдөр жаахан удаан унтсан ч яахав гэж зурвас бодогдсон ч нэгэнт л туслана гэсэн болохоор нойроо хагаслан хэлсэн амандаа хүрэхээр өндийлөө. Азаар байраа солиж байгаа бүсгүй манайхаас холгүй, арваад минут л алхаад орчихоор ойр аж. Нүүр амаа угааж, өвдөг цоорхой жинс, өнгө цайрсан футболикоо өмсөөд гэртээ эргэж ирээд орондоо шууд шургана гэсэн тангарагтай хаалга хаалаа.

Хүүхэн новш ихтэй юмаа. Ганц хоёрхон хүнд чемодан гэж санасан андуурчээ. Худалч хүнд бараг хог дээрээс түүсэн гэхээр олон гялгар ууттай есөн шидийн юмс. Шартаад толгой эргээд байсныг ч хэлэх үү, уцаарандаа, “Энэ хогнуудаа хаяж болдоггүй юм уу” гэж нэг хэллээ. Гүнжээ хөөрхий, ааш муутай явааг маань анзаарсан бололтой юу ч дуугаралгүй, доош тонгойн уут саваа янзлана. Хоёр жил шахам нэг газар амьдарсан эмэгтэй хүн хог новш цуглуулах нь бас аргагүй ч юм уу. Гэтэл ядаж байхад Гүнжээгийн будилуу зан бас нэрмээс болов. Түүний ухаан санаа хог новштойгоо “холилджээ”. Анхнаасаа л цэгцтэй байхгүй, туслахаар ирсэн бас нэг охиноор гал тогооныхоо хэрэгслүүдийг янзлуулсан чинь өнөөх нь хамт амьдардаг айлын хоолны сав, аяга таваг, хоол амтлагчыг нь хүртэл хамаад савлачихаж. Бид Шэфэртбушээс Вест Кенсигтон руу хоёр удаа таксигаар ачааг нь зөөхдөө эдгээр юмсыг аваад явчихсан аж. Үүнийг байрны эзэд, биднийг сүүлийн ачаагаа таксигаар зөөсний дараа орж ирэн мэдэв. Анх гэртээ ирэхдээ л гадаа хогын саванд хар ууттай хог чихэж байсан над руу янзгүй харж, намайг мэндлэхэд сайн уу ч гэхгүй
-Чи юу хийж явж байгаа юм гэж хүйтэн хөндий хэлсэн хар хувцастай, пиндүү халимагтай гуч арай хүрээгүй өндөр залуу надад үнэхээр таалагдсангүй. Юу хийж зогсоо маань ойлгомжтой атал асууж байдаг гэж бодсноо
-Гүнжээг нүүлгэж байна гэж товч хариулав. Залуу дахиж надтай яриагүй цаашаагаа гэр лүүгээ орсон. Харин эхнэр нь бололтой цагаан хувцастай, тэг дөрвөлжин гэчихвэл арай л квадратын утга гажигдмаар, намхан бүдүүн бүсгүй миний хажууд зогссон атлаа тоож ч харахгүй утсаар хэн нэгэнтэй чанга ярьж тачигнатал хөхөрнө. Тэр үед гадуурхагдаж, биеэ барин дэмий гадаа зогсохдоо “Ёстой л инээд зэвүү хоёрыг зэрэг хүргэнэ гэдэг чинь энэ байхдаа, зайтай дөрвөлжин юм аа” гэж бодлоо. Утсаар ярьсныхаа инээдийг хүргэж, хажуудаа зогсныгоо үл тоомсорлон зэвүүг нь хүргэнэ. Мэдээж мэдрэл биш л бол намайг анзаарсан нь ойлгомжтой гэтэл мэндлэх нь байтугай байгааг маань ч хүлээн зөвшөөрөх дургүй бололтой. Энэ ер нь яасан бүдүүлэг хүүхэн вэ гэж би бас бодож байлаа... Дараа нь намайг гэрт нь ороход, байрны эзэн залуу гал тогооны өрөөнөөс Гүнжээг омогтой дуудаж сав суулгаа асуусан юм. За энэ ч яахав, би түүнийг ойлгож байна. Үгүй хойгуур нь хамаг юмыг нь хамаад явах ямар олигтой байх вэ. Энэ бол цэвэр манай найзын буруу.

За тэгээд, ямар ч гэлээ бид тэндээс хэрүүл уруулгүй гарсан. Хүний юмсыг эргэж ирж авчирахаар тохироод бид бусад үлдсэн хог новшоо бариад автобусаар явахаар боллоо. Гэтэл нэг бүдэрвэл ес бүдэрнэ гэдэг шиг, нэг будилвал дахин дахин будилдаг аж. Тэр тусмаа нүүж суугаа хүн бүр барьц алдах юм. Хуучин гэрээс нь гараад баахан новштой алхаж явсаар автобусны буудал дээр ирээд нэлээн удаан унаа хүлээсний дараа 295-н номерын автобусанд суух гэтэл Гүнжээ билетээ олддоггүй. Яаж ч олох вэ дээ, гар цүнхээ өрөөндөө орхичихсон юм чинь. Тэгээд эр юм болохоороо би л авчрахаар болов. Арайхийж сажласаар байрных нь хаалганд тултал цагаан хувцастай бүсгүй гадаах хаалгаа дэлгэчихсэн үүдэн дээрээ, нүдээ хагас аниатай, баруун гартаа уугсан арц барьчихсан хоёр тийш болгон ямар нэгэн үл үзэгдэгч зүйлийг тууж гадагшлуулж буй аятай, их л сүсэг бишрэлтэй бувтнан зогсов. Тэрүүхэн үед би яахаа мэдсэнгүй, хэрэв холоос харсан бол буцах байсан байх, гэтэл хожимджээ. Бүсгүй намайг хараад хачин царайлахад би анзаараагүй дүр эсгэн
-Гүнжээ гар цүнхээ өрөөндөө мартчихжээ гэв. Түүнд хэлэх үг олдоогүй бололтой амаа жимийн
-Мхм гэх авиа гаргаснаа хаалгаа гялс хаав. Хаалттай хаалганы өмнө зогсохдоо юу болоод өнгөрөв гэж би бодлоо. Хүүхэн гэрт нь муу муухай, бузар юмнууд орчихсон тул ариусгал хийж, бидний араас арц уугуулжээ. Тэр муухай юмсын нэг нь би гэхээр гутах шиг, дургүй ч хүрэх шиг... Бодвол, уранхай жинс, муухай царай, муруй хамартай юм холуур байг хэмээн залбиран зогссон биз. Гэтэл нөгөөдөх нь холдох биш харин ч өөдөөс нь гөлрөөд зогсож байх... балай юм.

Хаалга огцом онгойж эргээд ярвайчихсан бүсгүй гар цүнх сарвайв. Би цүнхийг авчихаад, хаалга хаагдахаас урьдаж, огт санаандгүй
-Гайгүй байхаа санаа зоволтгүй гэж хэлээд эргээд алхтал хойноос бүсгүй
-Юу гэнээ, чи юу гэнээ гэсээр дагаад ирэв. Би хойш харангаа хурдан алхаж
-Санаа зоволтгүй, танайх гайгүй байхаа гэв. нь Царай нь цочмог минжийж, улайрсан хүүхэн
-Бид юунаасаа санаа зовох юм аанн, алив чи байж бай даа гэсээр араас бараг гүйх шахам гүйцээд ирэв. Түүний хойноос нөхөр нь ханцуйгаа шамалчихсан гараад ирлээ, тэр бас миний хэлснийг сонсоод түргэн авсан бололтой. Би шууд айлаа. Би чинь юу хэлчихээ вэ? Тэдний нүд айдас жигшүүр, үзэн ядалтаар над руу цоо ширтэнэ. Яахаас ч буцахгүй улангассан хүүхэн миний араас чангаахад нөхөр нь яах ийхийн зуургүй хажууд ирлээ. Би учраа олохгүй араасаа зулгаалгачихсан зогстол хилэнтэй залуу
-Чи юу гэнээ хулгайчаа хэмээв.
-Харааж байна ш дээ, энэ чинь гэж хүүхэн хошуу нэмлээ.
-Чи яаж хараадаг юм, алив би сонсоё гэж өндөр хар залуу зандарав. Би “гайгүй ээ, санаа зоволтгүй” гэдгээ дахин хэлж зүрхэлсэнгүй. Магадгүй, хэлсэн бол нам тавиулах биз. Миний хулхи буучихсан намуун дуугаар
-Та хоёрыг би их харсан юмшиг байх юм гэтэл эр, эм хоёр гэнэт цочирдож юу билээ гэсэн аятай зогтусав. Хэрэв би ингэж сэтгээгүй бол энэ аймшгийн хос намайг яасан ч зүгээр явуулахгүй. Хэрэв зодоон нүдээн болж хүн амьтан харвал ёстой жинхэнэ гай барьцат учирч цагдаа шүүх, бүр цаашлаад өмссөн хувцастайгаа Монголд буух биз.
-Хаа харсан гэж, хүүхэн асуулаа
-Та хоёр Чимгээгийн найзууд мөн биз дээ гэж би худлаа хэлэв. Нөхөр нь их итгэлтэйгээр
-Чимгээ гэдэг хүн бид хоёр танихгүй гэлээ, эхнэр нь бардмаар
-Бид ерөөсөө монголчуудтай уулздаггүй гэв.
-Аанн, тэгвэл хүн андуурч хэмээн би аажуу хэлээд ганц номоороо түрүү барихаар шийдэн тэд ам нээхээс өмнө
-Адилхан хүмүүс байсан л юм байхдаа, дээр би номынхоо баярыг хийхэд манай найз Чимгээгийн найзууд гээд нэг гэр бүл ирсэн юм гэв.
-Ямар ном гэж бүсгүй асуулаа.
-“Толбогүй монгол” гэдэг нэртэй. Намайг Эрдэмбилэг гэдэг юм л даа. Та хоёр уншаагүй юу гэлээ. Ном бичсэн хүн гэж хүндэлсэн үү, нэр мэдвэл хараахгүй гэж тайвширсан уу, эсвэл миний номыг өмнө нь сонссон уу, хүүхэн залуу хоёр илт зөөлөрлөө.
-Гүнжээг яаж таньдаг юм гээд бүсгүй над руу жогогтой харав.
-Өө би... найз залуу Батаагийнх нь танил гэж үнэнээ хэллээ. Тэр өнөөдөр ажилтай болохоор ирж чадаагүй юм. Ахиж хүүхэн юм асуугаагүй. Харин би тэдний нэр усыг асуун, хэдэн үгс солилцоод найрамдалтайгаар салав.

Би гудамжаар алхаж явахдаа “Санаа зоволтгүй гэж хэлсэн маань хараал шиг сонсогдоод, хэрэв “намайг хариулалгүй” явуулчихвал гай тотгор учирна гэж тэд сэтгэснээс гарцаагүй” хэмээн бодтол өөрийн мэдрэлгүй эргэж харан эмээгийнхээ зааснаар түй, түй, түй гэж нулимаад, маани уншив. Тэгчихээд дотор онгойсон ч бас өөрөөсөө ичих шиг болсон... Монголчууд нээрээ, ёсыг ёролтол хүнээс сэжиглэдэг айхтар үмхий дотортой хүмүүс шүү.

2007.08.25
01.04

Sunday, 22 July 2007

Чадвал барь...

Чадвал барь гэж цаг хугацаа хэлжээ.
Хавар барина гэж хөвүүн амалжээ.
Хавар болж хөвүүн баясжээ,
Хавар ирсэн шигээ жирийн оджээ...

Чадвал барь гэж цаг хугацаа хэлжээ.
Учралаа мөнхлөнө гэж хархүү амалжээ.
Гоо бүсгүй нүцгэн зогсоход
Ганцхан энэ мөч гэж тэр шивнэжээ,
Ганцхан хайр нь салан оджээ...

Чадвал барь гэж цаг хугацаа хэлжээ.
Ижийгээ мөнхлөнө гэж эр амалжээ.
Шүүдрийн дусал хатахтай адил
Сүүтэй ээж нь талийн оджээ...

Чадвал барь гэж цаг хугацаа хэлжээ.
Зууг тогтооно гэж өвгөн амалжээ.
Зуу наслаад өвгөн баярлажээ,
Зуугийн дараа зуу эхэлжээ.

Чадвал барь гэж цаг хугацаа хэлжээ.
Чадлыг нь басах хариу алга...

2007.07.16
20.03

Бахардаж vхсэн хvлэг…

Бариа ойртоход
Байдаг хүч шавхагдана.
Барианд орох
Ганц бодол л үлдэнэ…

Уухай хашгирах наадамчид
Тасарч нэг, тодорч нэг сонсогдоно.
Урагш зүтгүүлэх ташуур
Энд ч нэг, тэнд ч нэг мэдрэгдэнэ…

Дөрвөн мөч бадайраад
Тушаатай мэт гацна.
Дөрвөн уулын дунд
Түрүүлэх заяандаа омогшино…

Монгол наадмын бахархал
Молор эрдэнийн хүлэг
Мөнхийн хүрдэнд шидэгдэхээр
Хурдны зам дээр сөгдөнө…

Хамар гэнэт цоргиод,
Өвдөг нугараад сульдах шиг…
Үгүй, би өндийнө гээд…
Хад чулуун доор дарагдах шиг…

Дотор сайхан онгойгоод
Тэнгэр цэлмээд ирнэ.
Хөх тэнгэр дээрээс
Хөшсөн биеийг хучна.

Шантраагүй шандаст хүлэг,
Сөгдөөгүй босоо унага,
Алсыг ойртуулсан,
Аюулхайг чичрүүлсэн,
Уухайн дуугаар бүрэлдэх
Уралдааны монгол морь.

Ай, хөөрхий хүлэг мину,

Нулимстай мөнхрөх ажнай мину…
2004.07.09