Tuesday, 26 December 2006

Тусгаар тогтнолын баяраар монгол пабанд























































10 жилийн өмнөх шvлгvvд

Цаг хугацаа гэдэг хурдан юм. Саяхан л би эдгээр шүлгүүдийг бичэж байсан мэт санагдана. Гэтэл одоо арван жил өнгөрчихжээ. Өөрийнхөө бичсэн зүйлсийг эргээд уншихад зугаатай юм байна. Зурагтай адил тухайн үеийнхээ дурсамжийг тээж байдаг ажээ. Доорх шүлгүүдэд ганц хоёр гоё мөр байна. Жишээ нь, алаг нүдээ бүлтийлгэн амьсгаа даран зогсном би гэсэн байна шүү, ххэхээххээ.Уг нь би алаг нүдгүй л дээ. 10 жилийн өмнө гэхэд би их сэрэлтэй шүлгүүд бичсэн байх юм. Нандин зэмсэгээ оролдуулвал ч гэх шиг...
За, за надад эдгээр шүлгүүдийг эргээд уншихад хөгжилтэй байлаа. Чамд мөн тийм байх болно гэдэгт итгэнэ.


Хувингаар ус цутгах мэт
Хүйтэн бороо шаагина.
Дөрвөн давхарын цонхыг би
Нүд салгалгүй ширтэнэ.
Уран биеэ гайхуулсан

Усны мөнгөн жараахай шиг
Хүний сайхан үр
Хүсэл тачааллыг бадраана.
Түнэр харанхуй дунд

Саран мэт гэрэлтэх
Тэр нэгэн цонх руу
Жигүүр ургуулаад нисэхсэн.
Бүсгүй минь чи байзнаач

Битгий хөшгөө татаач
Ариухан биеийг чинь үзэж
Агшин бүрийг нь тогтоох гэж
Алаг нүдээн бүлтийлгэн
Амьсгаа даран зогсном би.
Усанд сэлэх жараахай минь,

Огторгуйд гийх саран минь,
Орчлонд чамаас илүү
Яруу найраг гэж үгүй.
Намайг огт үгүй мэт

Намайг огт байхгүй мэт
Бөмбөрцгийг ганцхан чи
Эзэгнэхэн төрсөн мэт
Уяхан гоолиг биеэрээ
Уран тансаг хөдлөөч
Билгийн нүдийг нээж
Бадаг шүлэг хайрлаач…
Үй түмэн дуслаараа

Танай цонхыг мөргөх
Усан мөнгөн бороо над
Таатай сайхан санагдана.
Усан хөшигний цаанаас
Саран мэт гэрэлтэх
Үзэсгэлэнт сайхан бие чинь
Шүлгийн санаа мэт тодхон.
Хувингаар ус цутгах мэт
Хүйтэн бороо шаагина.
Хүний сайхан үр
Хүсэл тачаалыг бадраана.

1993.


ӨВЛИЙН ТУНГАЛАГ ӨГЛӨӨ

Өвлийн тунгалаг өглөө
Үс ноос нь сэгсийгээд
Цог жавхаатай харайх
Шар банхартай адил
Миний бие чамайг харахаар
Өөрийн эрхгүй согтож
Чиний хөөрхөн аашинд
Сэтгэл баясан дэвдэг.
Өөдөөс ширтэх хоёр нүд чинь

Улам их хүч хайрлаж
Өглөөний тунгалаг агаар шиг
Цог залийг маань бадраадаг.
Цог заль маань сэргэж
Ааш омог маань ихдэхээр
Амгалан дөлгөөн чамайгаа
Зовоох гээд байдаг нь хэцүү.

ХЭРЭВ ЧИ…

Хэнд ч байхгүй уран баримлын

Ховорхон цуглуулгаа чи над үзүүлвэл
Чихэр мэт амттай үг
Чихэнд чинь би шивнэн хэлнэ.
Балчир хүүхэд шиг гараас чинь хөтлөн

Томоотой гээчийн алхах болно.
Хорвоод ижилгүй нандин үзмэрүүдийг нь
Хамаагүй оролдож би гэмтээхгүй!
Бүрхэг тэнгэр дээрээс нөмрөн

Болжмор шувуу бодлогогүй жиргэн
Далай тэнгис булгилан давалгаалж
Дараа нь тэгээд бороо шиврэхийг
Дуулгавартай нь аргагүй би ажин
Таны тааллаар бүхнийг хийнэ.
Бусдад үгүй нандин зэмсэгээ

Хэрэв чи надаар оролдуулвал
Сонссон хүн нэрээ мартахаар
Солиотой хөг би оруулна.
1995.07-


БУРИАД БАСГАН

Буриад басган бүхнээс амттай

Шинэхэн барьсан халуун талх
Таны ачаар би хоолонд орж
Өег цатгалан алхах болов.
Зузаан түрхсэн цөцгийтэй талх

Чамайг над санагдуулаад…
Өглөө би ханталаа идсэн
Одоо хүртэл өлсөөгүй явна.
Буриад басган зөөлөн, булбарай

Дурсаж суухад хөгжөөнтэй, наргиантай
Их сургуулийн гудманд булан бий
Харанхуй бөгөөд хөл хөдөлгөөнгүй
Хоёулаа цуг тийшээ очьё
Над чамд үзүүлэх юм байна.
Буриад басган өгөөмөр сэтгэлтэн

Ховорхон гэмээр ачтай хүн
Толгой эргэм олон маамуу
Ар өврөөрөө тойруулж суулгачихаад
Арван тавны сар шиг мишээн
Мээмээ чи хөхүүлж суух юм.
Ингэж би шөнө зүүдэлсэн
Тэдний дундаас хамгийн шуналтай
Тэгээд бас хамгийн хайртай нь
Чамайг үргэлж тачлаан зовоодог
Сахилгагүй бор банди гоц ялгарна.
Буриад басган ёроолгүй тулам

Тэнгис далай мэт тачаагуй бүсгүй
Бургасны нарийн мөчир адил
Чиний өвөрт шурган ороод
Чамд багтахгүй байгаа тэр их хайрыг
Ганцхан өөртөө шингээмээр байна.
( Харин чи болгоомтой байгаарай

Юмыг яаж мэдэхэв, гэмтээчихэж магад! )
Буриад басган мантуун бууз

Боловсорч гүйцсэн алим жимс
Хойд насандаа төрөл ахих
Хорвоод ховор нандин бүсгүй.

Monday, 4 December 2006

Амтат бялууны амтыг vгээр хэрхэн дvрслэх вэ?

Англид ирээд жил гаруй болж байгаа Болдын ажил үйлс амжилттай. Лондонгийн амьдралд хурдан дасаж, хичээл сургуульдаа шамдан, хажуугаар нь 20 цагийн ажил олоод хийчихсэн, ер нь л дажгүй. Харин хаяа нэг гэнэ гэнэхэн санамсаргүй санаа алдана. Заримдаа ч «даабл дээкийн» дээд давхарт суучхаад ганцаар бодлогошрон хаашаа ч хамаагүй тэнүүчлэх нь бий. Уг нь тэрээр сэтгэлээр амархан унахааргүй, хаа очсон газраа найз нөхөдтэй явдаг нийтэч залуу. Гэтэл Англид ирээд жил гаруй болоход мартаж болдоггүй зүйл байдаг юм байна хэмээн ухаарчээ. Болд аав ээжээ санасангүй, зүгээр л бодлоос нь нэг охин гардаггүй.

''Цаг гэдэг хурдан юмаа'' хэмээн Болд амандаа үглэн Хайд паркын модон сандал дээр ганцаар сууна. Нар нүд гялбуулан тун таатай. Хаврын уур амьсгал орж хажуугаар өнгөрөх хүмүүс аль болох энэ үдийн таатай мөчийг инээмсэглэлээр дүүргэх гэсэн мэт аядуухан алхана. Хичээлийн дараа тэр нарлан суугаа нь энэ аж. Орой ажилгүй, зөвхөн даалгавар хийх төлөвлөгөөтэй, ЭСЯ-ны гуанзанд хэдэн хуушуур цохичихсон тул гэрт очоод хоол ч хийх хэрэггүй. Тэгээд ч тэр өнөөдөр даалгавар хийх гэж санаа зовохгүй байлаа. Өглөөхөн хичээлийн завсарлагаанаар
Монгол руу, одоо хүртэл мартаагүй, ганц цээжээрээ мэддэг дугаар луугаа залгасан боловч ''Байна уу'' гэх танил хонгор дууг сонсоод өвдөг нь салгалан, хэл нь татан, гарынх нь хуруу бадайран золтой л Золоо минь дээ гээд л уйлчихсангүй.
Нарлан суугаа Болдод цээжэнд бөөгнөрөх бөөн хар юмыг гаргахгүй бол болохгүй, эс тэгвээс санаа алдах тусам хүндрээд байгаа мэт санагдана. ''Нэгэнт л өнгөрсөн хойно мартвал яасан юм бэ'' хэмээн байнга өөрөөсөө асуудаг асуултаа тавив, хариулт нь ч мөн элэгдсэн. ''Харин тиймээ март''...Тэрээр зүүнд хатгуулсан мэт огцом босож, толгойгоо сэгсрэн, шийдэмгий гээч нь Квийнсвэйгийн Монгол прокат орохоор алхлаа. ''Өнөөдөр ингэж дэмий бодлогоширч суух өдөр биш, би заавал нэг зүйл хийх хэрэгтэй'' гээд хажуугаар зөрөх жаргалтай хүмүүсийг дуурайх аядан амгалан дүр эсгэж зовнилоо мартагнахыг завдав.

Өнгөрсөн хаврын нэгэн салхитай өдөр, МУИС-ын өмнө Болд, Золоотой танилцжээ. Танилцсан мөчөөсөө л Болд урьд зөвхөн зүүдэнд л мэдэрч байсан болов уу гэмээр шинэ орон зай руу цөмрөөд орчих шиг болжээ. Болдын нүдэнд Золоо аядуу зөөлөн асарвал улам л дэлгэрэн дэлбээлэх гоёмсог цэцгийн дэлбээ шиг харагдаж, харин Золоогийн нүдэнд Болд багадаа үздэг байлдаантай киноны баатар шиг нь шулуун шударга, зоригтой, гоолиг сайхан залуу болж хувирчээ. Ёстой л түшээд ч авмаар, тушаад ч хоримоор, өөрөөсөө ч Золоо ичэх шиг болж дээ.

Золоо, Болдоо хоёр хайр сэтгэлээ илчилсэнгүй, яагаад гэвэл элдвийн энгийн зүйлс ярих нь тэдэнд хангалтай бөгөөд, хамтдаа хэсэгхэн байхад л хаанаас ч олж уншаагүй, ямар ч киноноос үзээгүй увдист мэдрэмжинд автана, тэр хоёрт нууцхан сэтгэгдлээ оноод хэлчих үгс ч олдсонгүй. Хамаг амьдрал нь урьд байхад бараг босгон дээр нь ийм гүнзгий, сонин амьдралын амт шимт мэдрэх юм гэж Болд ч, Золоо ч таагаагүй билээ. Нэгэн удаа Болд, би Америкад байдаг найз охинтой гэж яагаад ч юм онгирмоор санагдаад худлаа хэлчихэж л дээ. Тэгэж хэлснийх нь дараа Золоогийн ааш хувиран түүнтэй нэг л хөндий харилцаж, удахгүй хүнтэй суух гэж байгаа гэж хэлэн хариугаа авчээ. Болдод энэ нь том цохилт болж хэдийгээр «Америкт найз охинтой» ч Золоог нөхөртэй болох гэж байгааг сонсох нь битгий хэл, төсөөлж ч чадахгүй байлаа. Далдхан дуралсан хоёрын сэтгэлд хар сүүдэр унаж, хайр нь зовлон болж өөрчлөгдөв. Тэгж байтал зун болов. Зуныхаа амралтаар Болд гэрийнхээ хажуу талын интернэтээс английн сургууль руу захиа бичэж гэнэ, урилга хүрээд ирж гэнэ. Урилгаа бариад визанд орж гэнэ, виз гарчихаж гэнэ. Тэгээд л Золоог хүнтэй гэрлэхээс өмнө Лондон руу ум хум нисэж дээ. Золоо тэр үед хөдөө өвөө, эмээгийндээ амарч, намар очоод Болдоос надад найзтай гэж худлаа хэлсэн үү гэж асуугаад, худлаа хэлсэн гэвэл би ч гэсэн хэмээн хариулна гээд л сэрүүн зүүдлэн голын эрэгт өнждөг байжээ...

Одоо Болд Батын прокатан дээр ирчихсэн сумогийн шинэ бичлэг үзэн, үсээ засуулдаг юм билүү гээд л зогсож байна. Хэдийгээр тэр байр, ажлын зар сонирхох шаардлагагүй ч нэг л авралын алтан од тэнд байгаа мэт өөрийн эрхгүй хараа тусгав. Зар, зарын дундаас жаазтай диплом шиг содон А4-ын цаасан дээр нэг зар байх юм гэнэ. Уншлаа, «Таны хайр шингэсэн сэтгэлийн үгс чинь тансаг амтат бялууны хамт зөвхөн ганцхан өдрийн дотор Улаанбаатарт амьдарч байгаа ар гэрийнхэнд чинь очих болно. Үнэ 15 паунд. Бид өөрсдийнхөө унаагаар гэрт нь хүргэж шуурхай үйлчилнэ…» зөвхөн Болдод хэлсэн мэт…Утасны дугаарыг нь Амтат Торт Туяа гээд алдаа мадаггүй гар утсандаа хадгалав. Тэгээд Төмөр замын вокзал дээгүүр явж байгаа мэт тэр хавиар байнга эргэлдэх хэсэг нөхдөөс хөндийрч холдоод залгав аа. 07838296079...дүүд…дүүд…дүүд
''Байна уу'' хэмээн их л дотноор эгч шиг нь бүсгүйн намбалаг дуу сонсогдож байна. Энэ удаа Болдын хэл татсангүй, гар салганасангүй. ''Аа байнаа, би торт сонирхсон юм. Танайх Монгол руу торт явуулж байгаа хэвээрээ юу?''
''Хэвээрээ, одоо захиалвал маргааш гэхэд хүссэн цагт ч Улаанбаатарын хаана ч хамаагүй хүргээд өгчихнө.''
''Үгүй юу л даа, Туяа эгчээ'' яагаад ч юм Болдод утсаар харилцаж байгаа хүн нь их дотно санагдаад өөрөө мэдэлгүй өөриймсөг хандан зөвлөгөө ч авмаар болов.
''Би найз охиндоо явуулж байгаа юм л даа, та нар амтат бялуутайгаа хамт миний зурвасыг өгч болох болов уу ''
''Өө бололгүй яахав миний дүү, бидэнд бас бэлэг дурсгалын зүйл бий.''
''Үнэ нь хэвээрээ юу?''
''Хэвээрээ миний дүү''…
…………………….
…………………….
Уншигч та намайг уучлаарай. Надад Болдыг энд түр орхиод, түүнтэй ярилцаж буй Туяатaй та бүхнийг танилцуулмаар санагдлаа. Бараг бичээч миний оролцоогүй английн монголчууд амтат бялууны Туяаг сайн мэднэ. Олон хүнийг баярлуулж түүгээрээ сэтгэлээ тэжээн урам зориг авдаг сайхан сэтгэлтэй бүсгүй байдаг билээ. Энэ бичлэгийн маань нэр ч хүртэл ''амтат бялууны амтыг үгээр хэрхэн дүрслэх билээ'' гэснийг та бүхэн анзаарсан болов уу. Нэг өдөр миний бие бялууны амтыг үгээр хэрхэн хэлэх вэ гэж бодсоор түүнтэй уулзаж асуухаар болсон юм. (Энүүхэндээ хэлэхэд бас тийм ч биш юм аа. Англид бидэнд үйлчилдэг гарын таван хуруунд багтахаар монгол бизнес эрхлэгчид байдаг билээ. Тэдний нэг, бид бүгдийн гар утсан дээр дугаар нь байдаг хүн бол Туяа эгч яах аргагүй мөн. Тийм учраас би түүнтэй уулзаж монголчууддаа туршлага болох болов уу хэмээн бизнесийн санаа яаж олох, хэрхэн түүнийгээ хэрэгжүүлэх талаар ярилцахыг хүслээ.)

Торт Туяа (миний гар утсан дээр тэгэж тэмдэглэгджээ) Ийст Лондонд төрмөл буюу оргинал нөхөр (хань нь тэгэж дууддаг) ганц, төрүүлсэн хүү хоёр, төрүүлсэн охин нэгтэйгээ хамт амьдран суудаг, цайлган сэтгэлтэй, яриа хөөрөөтэй бүсгүй ажээ. Нэг үдшийн турш бид хоёр элгээ хөштөл инээлдэв. Гэрт нь хаа сайгүй дэвтэр, цаасны тасархай, бал байх юм. Яадаг юм бэ, гэсэн чинь захиалга бичдэг гэнэ. Одоо гэрийнхэн нь бүгд «сургуультай» болчихсон, утсаа аваад захиалга бол толгойгоо дохиход л үзэг цаасыг нь дөхүүлж өгдөг гэнэ. Бараг 3 настай бага банди нь хүртэл авчирч өгдөг юм биш үү. Эндэхийн монголчууд өглөө эрт ажилд гарч, шөнө дөлөөр гэртээ ирдэг болоод тэр үү, өглөө тав, зургаагийн үед, шөнө нэг, хоёр цагт утасдах тохиолдол бишгүй л байдаг гэнэ. Тэрээр өөрийнх нь зүтгэл талаар өнгөрөөгүй байна хэмээн бодож утас дуугарах болгонд баярлан, аль болох түргэн шуурхай захиалгаа авч, хэрэв удвал захиалагчийн маань утасны мөнгө гүйнэ хэмээн санаа зовдог гэнэ.

''Миний хувьд бол хэрэглэгч хаан гэдгийг байнга санаж, аль болох хүнд тустай, сэтгэлээсээ л үйлчлэхийг чармайдаг, тэрнийхээ хүчинд ч байнгын үйчлүүлэгчидтэй болсондоо их баяртай байдаг. Утас дуугарах болгонд би баярладаг шүү'' гэв. Туяа эгч английн монголчуудын нөхцөл байдлыг сайн мэддэг учир, тус дэм болохсон гэж үнэн сэтгэлээсээ боддог нэгэн. Яаралтай амтат бялуу бэлэглэх шаардлагатай ч банк хаачихсан, дээрээс нь өөрөө завгүй нэг захиалагчтай шөнө очиж уулзан зурвас, мөнгийг нь авч байсан тохиолдол ч бий ажээ. Монголд харилгүй арваад жил болсон, аав ээж, ар гэр, анд нөхдөөсөө хөндийрсөн залуус ч байдаг гэнэ. Тийм залуус сэтгэлийн шархаа амтат бялуугаар «эмчлэн» Монголоос тасарсан холбоогоо сэргээн баярласан талархснаа байнга илэрхийлэнэ. Зарим нь бүр зурвасаа хэрхэн бичэхээ түүнээс асуун, зав муутай явбал та бичээд явуулчихаар гээд өндөр итгэлийг хүлээлгэнэ. ''Өдөр бүр хүмүүст гэнэтийн бэлэг барьж сайн сайхан, баяр баясгалангийн шалтаг болж явдагтаа их сэтгэл хангалуун явдаг. Манай монголчууд чинь хүн хоосон гаргах дургүй болохоороо, бялуу хүргэж өгсөн хүмүүсийг цай уугаад гар, хоол идээд яв гэх нь элбэг. Ялангуяа өндөр настай хүмүүс их баярлаж хэлэх үгээ олохгүй хоёр гараа тосож авдаг гэнэ. Харин хүүхдүүдийн нүд бол орж ирээд л гаран гартал нь торт ширтээстэй байдаг гэж байгаа.''

Туяа эгчийн торт амттайгаараа алдартай. «Англиас ирсэн торт» амттай байхаас ч өөр яах билээ дээ. Англиас захиалсан амтат бялууг худалдаанд гаргадагүй, онцгой чигээр нь байлгах бизнесийн зарчим баримтлана. Амттай байдгийн нэг шалтгаан нь бас ар талын баталгаа сайтайд бий. Сая Монгол дахь хамт олон нь 2005 оны хэрэглэгчийн найдвартай түнш болж, охин дүү нь шилдэг 10 бизнес бүсгүйгээр тодорчээ, тэрээр мөн Монголын Тэргүүний тогооч цолтой аж. Гэр бүлийн бизнесийн нэг давуу тал нь хэрэв үнэхээр л сэтгэл нэгдвэл нэг зорилгын төлөө нягтарч ажиллаж чаддаг гэнэ. Туяагийн хувьд хамгийн том эгч нь учраас Англиас бүгдийг «командлаж», «атмаандана». ''Тэнд хийж байгаа хүмүүсийнхээ гомдлыг би хүлээж авдаггүй. Харин эндээс үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтийг тулгадаг. Би сэтгэлийн бэлгээр тоглоё гэж бодоогүй, одоо бид үйлчлүүлэгчдийнхээ хүснээр зөвхөн амтат бялуу биш бас бэлэг дурсгалын зүйлс дагалдуулж өгч байгаа. Хүслэнт хүнээсээ бэлэг авах шиг сайхан зүйлс хаа билээ. Амтат бялуугаар Англи, Монголыг холбож, хэн нэгнийх нь сэтгэл зүрхэнд итгэл, найдвар, аз жаргалыг авчирдаг гэж бодоход их урамтай.''

Мөнгө бол хүний амьдралд гарцаагүй хэрэгтэй зүйл. Гэхдээ олон жил уулзаагүй найздаа, ажлынхаа хамт олондоо, эсвэл хэн нэгнийхээ насны ойгоор, шагнал авсных нь баяраар заримдаа алс суугаа бид юу бэлэглэхээ мэддэггүй. Тэгэхээр мөнгө хэдий хэрэгтэй ч бидний сэтгэлийг тэр бүр илчилж чаддаггүй бололтой. Харин санамсаргүй байхад нь амтат бялуу алс газраас бэлэглэвэл юу юунаас илүү сэтгэлийг чинь илчилж өгнө. Сая цагаан сараар олон хөгшчүүл торт авч их баярлажээ. Цагаан сарынх нь ширээн дээр өнгө үзэмж сайтай «Англиас ирсэн амтат бялуу» байж байх нь үр хүүхдээрээ бахархах, тэднийхээ тухай ярих нэг сайхан сэжим болж өгдөг гэнэ. Сургамжтай ч гэмээр, хөгжөөнтэй ч гэмээр нэг явдал болжээ. Англид байдаг хүү нь ар гэрийнхэндээ амтат бялуу бэлэглэснийг гэрт нь хүргэж өгтөл, настай ээж нь хараад итгэхгүй уйлчихаж гэнэ. ''Манай хүү чинь их алиа хүүхэд байгаа юм. Эхлээд бэлгээ оруулж өгөөд дараа нь өөрөө орж ирэх нь'' гээд гэнэт айлчилсан амтат бялууг хараад нулимсаа барьж чадалгүй уйлсан гэнэ лээ. Хожим нь энэ зүгээр л хүүгийнх сюрприз байсныг мэдээд хэчнээн их баярласан болдоо, хөөрхий. Буянтай монгол эхчүүдээ нэг удаа ч гэсэн баярлуулахад бидний үйлс өөдрөг явах нь гарцаагүй. Хол газар хэдэн жилээр явахдаа, хэдийгээр утас шөрмөсөөр холбогдог ч гэлээ үрчлээг нь арилтал ганц удаа ч гэсэн бид баярлуулж чадаж байна уу даа.

Мэдээж бид хоёр бизнесийн тухай ярилцсан, түүний ярьсан зүйлс нь надад их авууштай санагдсан. Анх амтат бялууг гэрт нь хүргэж өгөх санаагаа эндэхийн «пизза дэливэрээс» олсон гэнэ. Хэдийгээр хүн бүхэн энийг мэддэг ч яг хэрэгжүүлээд хийсэн нь хэд билээ. Тэр дундаа алс газраас Улаанбаатарт хүссэн хаягаар нь бэлэг аваачиж өгсөн нь олон биш. Миний мэдэхийн л Англид бол ганцхан Туяа эгч байна. Эндээс би бизнес их жижигхэн зүйлээс эхэлж, өргөждөг юм байна гэж ухаарсан. Санаа олох нэг өөр, санаагаа хэрэгжүүлэх бас нэг анги болохыг анзаарч явмаар юм байна лээ. Туяа эгчийн хэлснээр бол гараагаа бага гэж гололгүй, хүн бүхэн чаддаг зүйлээ бариж авбал зүгээр гэнэ. Хэрэв их анзааргатай явбал бизнесийн их олон санаа оноо эндээс олж Монголд хэрэгжүүлж болмоор ажээ. Түүний бизнес амжилттай байгаагын нэг шалтгаан нь, миний ажигласнаар, үйлчилгээгээ үргэлж шинэчлэж, сайжруулахыг эрмэлздэгт нь байх шиг. Тэрээр, өөрийнх нь хэлснээр, өлөн нүдлэн хаа очсон газраа бялууны шинэ загвар, үйлчилгээний дэвшилт хэлбэрийг ажиж явдаг гэнэ лээ. ''Энд байхдаа л бизнесээ сэдэж эхлүүлмээр юмшиг. Заавал Монголд очоод эхлэх албагүй шүү дээ. Хэдийгээр бид харьцангуй цөөхөн ч биеэ биенээ дэмжээд явбал бүтэхгүй юм гэж байхгүй байхаа. Намайг анх 2004 эхэлж байхад Монгол Центр, Монгол прокат гээд бүгд л тусалсан. Одоо хүртэл манай зарыг тавин, утсыг маань асуусан болгонд хэлж өгч их тус болдог. Энэ мэтчилэн нэг нэгэндээ бид тусалвал бүгд л хожино.'' Цаг хугацаа байнга өөрчлөгдөг шиг бизнес мөн өөрчлөгдөг болов уу, тиймээс шинэ цаг үе, шинэ боломж, шинэ санаа, оноо төрүүлнэ. Тэр бүгдийг мэдэрч өрсөж л хийж чадсан нь хождог бололтой. Туяа эгч «ганцхан би» гэсэн өвчнөөр өвчлөөгүй бүсгүй. Тэр ч утгаараа олон монголчууд бизнес эрхлэн, английн монголчуудын нэр хүнд өндөр байгаасай гэж чин үнэнээсээ хүсэж явдаг.

Магтаал талархлын хажуугаар зэмлэл ч байсан. Тэрээр үүнийгээ нууж хаасангүй, энэ нь ч бас эрүүл сэтгэдгийнх нь илрэл билээ. ''Мэдээж алдаа байлгүй яахав. Зэмлэл шүүмжлэл ч сонссон. Шөнө болгон нэг цагт Монгол руу утасдан өдрийн мэдээгээ авч алдаа оноогоо ярилцдаг. Анх баярын өдрүүдэд гэнэт захиалга их ирж цаг алдах тохиолдол байсан. Тэр бүгдэд нь бид сургамж авч алдаагаа засахыг чармайдаг.'' Ихэнх зэмлэл хүртсэн шалтгаан нь замын бөглөрлөөс болдог гэнэ. Амтат бялуутай «дэливэрийн тэрэг» хурдан давхиж болохгүй аясыг дагахаас өөр аргагүй гэнэ. Гэтэл манайд нарийнхан замтай, дээрээс нь замбараагүй, бүр дээрээс нь бүдүүн бүдүүн жийпнүүд их болохоор байсхийгээд л п-гаа урсгасан, гартаа төмөр, цохиур барьсан том, том мангаа ах нар ханцуйгаа шумлан тааралдах нь олширсон ажээ. ''Бид Улаанбаатарын хаа ч байсан хүргэж өгч байгаа, зарим үйлчлүүлэгч маань дахин дахин лавлан, манайх гэр хороололд байдаг гэж асуудаг. Бидэнд бол гэр хороололд байна уу, 3-р хороололд байна уу ялгаагүй. Бүгд л адилхан манай үйлчлүүлэгчид билээ.''

Туяа эгч ажил үйлс нь амжилттай яваагаа Англид ажиллаж, амьдарч буй бид бүгдийн ач хэмээн бодно. Анхны захиалагч Анхбаярын нэрийг мартаагүй, Хүслэн хүүд нь төрсөн өдрийн амтат бялууг нь жил болгон хүргэхээ ааваас нь ч түрүүлж санах болно хэмээн надад хэлсэн юм. Амтат бялууны амтыг амсаагүй хүнд хэрхэн дамжуулах вэ? гэсэн миний «зүггүй» асуултанд тэрээр, сэтгэлийн дулаанаар гэж түгдрэлгүй хариулав. Нээрээ ч, хүн хүндээ муу санаж амтат бялуу бэлэглэхгүй, тэр тусмаа хол газраас…тиймээс сэтгэлээсээ өгч байгаа бэлгээ бид сэтгэлээсээ бизнесээ хийдэг, түүнээсээ таашаал авдаг хүмүүсээр дамжууллахыг бодно. Тэр хүмүүсийн нэг нь амтат бялууны Туяа юм. Түүний хэлснээр сэтгэлийн бэлэг арвижах болно гэсэн шиг үйлчлүүлэгчид нь ч арвижан зөвхөн английн гэхгүй австри, францын монголчууд хүртэл захиалдаг болсон байна. Сэтгэлийн дулаанаар алс газарт суугаа хүмүүсийг холбоно гэдэг сайхан хэрэг.

За, ямар ч байсан, Болдынхоо «буянаар» ажил үйлс нь өөдрөг амтат бялууны Туяаг та бүхэндээ танилцууллаа. Болд маань ч амтат бялууны «буянаар» Золоогийнхоо зөвхөн сэтгэлийг нь ч биш бас биеийг нь Лондонд татаж өнөөдөр хамтдаа сурч, ажиллаж явна.

2006 оны 4 сарын 26. Вест Кэнсигтонд байрлах Mongol Centre-ээс английн монголчуудын гаргадаг «Mongol News» сонинг авч 28-д суун Ээбээгийн эвгүй сэрэлтэй шүлгүүдийг жуумалзан унших Золоо руу Монголоос утасдав. Монголоос залгасны шалтгаан нь эгч нь хүү төрүүлсэн сайхан мэдээ байлаа. Золоо газар дээр ганц эгчтэй бөгөөд Зулаа эгч нь Золоог Англи явахаас өмнө жирэмсэлсэн юм. Тэрээр аягүй азтай Монголдоо алдартай, баян улстөрчийн ганц хүүтэй суун, 3 өрөө байр, 30 саяын жийптэй болсон билээ. Золоо баяртай мэдээгээ ажилтай байгаа Болдод дуулгаж эгчдээ юу бэлэглэх талаар ярилцав. Болд, Золоод ''Баян эгчтэй гээд Харродсоос бэлэг аваад явуулалтай биш, тэгээд ч хамгийн хурдан гэхэд агаарын каркогоор 7 хоногийн дараа очно. Тиймээс миний хайрт, Туяа эгч рүү залгаад торт явуулчих, танай эгч чинь маш дуртай шүү дээ. Тэднийх бас Лондонгын зурагтай ил захидал, бэлэг дурсгалын зүйл өгдөг болсон'' гэж зөвлөв. Золоо ч үүнийг нь зөвшөөрч Туяа эгч рүү утасдав. Мөн Харродсоос эгчдээ жижигхэн бэлэг аван Болдод хэлэлгүй Mongol Centre-ээр явуулахаа ч мартсангүй.



2006. 05. -12

1. Даабл дээк (double deck) гэж Англид давхар улаан автобусыг нэрлэнэ.

Лондонд зурсан нь

Монголд олон авьяаслаг зураачид бий. Харамсалтай нь тэд зургаа зураад, сайхан амьдарч чаддаггүй хэмээн хуучлан суугаа залууг Энхтайван гэдэг. Тэрээр Англид ирээд удаж байгаа ба бидний нэгэн адил ''Лондонгийн амьдралд чанагдан'' хүний нутагт идээшиж явна. Гэхдээ Тайван онцгойрох бас чанартай. Тайван зураг зурдаг.


Харийн газар авьяасаараа амьдралаа залгуулаад явна гэдэг хэцүү. Тэр дундаа орчин цагийн уран зураг өндөр хөгжсөн Их Британид зургаа худалдана гэдэг бүр хэцүү. Иймээс английн монголчуудын дунд зураач Тайван хэмээн алдаршсан залуутай нэгэн үдэш хүүрнэн суутал санамсаргүй шахам сонирхолтой сэдвүүдээр яриа өрнөсөн учир түүвэрлэн бичэж түмэн олонтойгоо хуваалцья гэж бодлоо. Монголын зургийн сургуулийн бүтээгдэхүүн Өрнөдийн соёлд хэрхэн ''хатаагдсан нь'' сонин билээ.

Зурах ба бичэх нь

'Би Лондонд кармаандаа 200 ногоонтой бууж байлаа. 160-ыг нь солиулаад 4 бийр, усан будгийн цаас, усан будаг авч билээ. Анх ирээд зурсан зургуудаа харахаар инээд хүрдэг юм. Нөгөө л бардам Монгол сэтгэхүйгээр баатар, морь, зэр зэвсэг зуран автобусныхаа билетийг ч авахаас нарийлан, Хайд Парк руу алхана шүү дээ…Одоо бодоход зоригтой байж, тэндээс л их зүйлийг ойлгосон доо. Худалдан авагчдын харц бүхнийг хэлээд өгнө. Миний зураг руу хүний урманд тогтож харахгүй. Харин манай зургийнхны хэлдэгээр зүгээр л ''бичлэг'' бол гүйнэ. Худалч хүнд бараг зураас татахад л болчихож байгаа мэт. Хажуухан талд тав, зургаан зуун паунд тоолоод авч байхыг хараад л зогсдогсон. Тэр үед би бол ''зурдаг'' байж л дээ. Нарийн зурах гээд л үзэж тарна шүү дээ. (Ханан дээр зурж байгаагаар харуулав).


'Хүссэн хүсээгүй зургийн хэлбэр, зурах гэдэг ойлголт маань өөрчлөгдлөө. Орчин цагийн урлагийн бүтээлүүдийг сонирхон, үзэсгэлэн үзэж чадах ядахаараа л өөрийгөө цэнэглэв. Голчлон Andy Warhel, Takashi Murakami нарын бүтээлүүдтэй танилцав. ''Зурахын'' оронд сэтгэдэг болсон ч гэх юм уу. Хуучны алслалт, гэрэл сүүдрийг гээж шинэ алслалт, гэрэл сүүдрийг хайдаг болсон ч гэх үү дээ, өөрийнхөөрөө л шүү дээ. (инээв)’

Хөгжлийн тухай ойлголт

‘Ер нь бүх юм уялдаатай. Хөгжилтэй газар урлаг цэцэглэдэг. Энд урлаг хэрэглээний тал руугаа их хэвийсэн байна. Манайхан цэвэр урлаг гээд ахуйгаа анзаарахаа байчихдаг талтай шүү. Гэтэл ахуй нь хоцрогдохоор урлагаа чангаагаад урагшлуулдаггүй бололтой. Ахуйгаа урлагтай холиж байж л ард түмнээрээ үнэллүүлдэг болох мэт санагдсан шүү…Энэ л одоо миний хөгжил гэдэг ухагдахуун юм уу даа, (инээв)…Үнэхээр л орчин цагийн урлаг, ахуй хоёрыг холиж л чадвал хөгжлөө л гэсэн үг'


'Хэрэв эдний нийгмийг ажиглавал урлагынхан нийгмийн дэвшил өөрчлөлтийг манлайлдаг. 60-д оны үед Англид том өөрчлөлтүүд гарсан. Энэ өөрчлөлтүүдийг урлагынхан бараг сэдрээсэн. Битлз тэр үед гарсан. Тэдэнд чөлөөтэй сэтгэх боломжийг олгосон нийгэм нь хожсон...Марзан Шаравын үед Монгол задгай сэтгэжээ. Харин сүүлд нь хавчигдмал байснаас манай дүрслэх урлаг өөрийн өвөрмөц замаар хөгжиж чадаагүй билээ. Дүрслэх урлаг өвөрмөц өнгөө гээсэн учир өнөөдөр бид ''өвгөн'' зурахаас цаашгүй л болсон байна. Орос нэг өнгө тавихаар Монгол ижил өнгө тавидаг байлаа. Одоо эндээс л гарахын тулд хурдан ''баруунжих'' хэрэгтэй. Орос, Хятад хоёрын нөлөөн доор бид олигтой хөгжихгүй ээ.'


'Хөгжилтэй улс нь хөгжилгүйгээсээ, хөгжилгүй нь хөгжилтэйгөөсөө байхгүй юмаа авч байна. Баруунд бүх юм бүтэмжтэй гэж хэлэхгээгүй шүү. Энд ч мөн гацмал, зогсмол зүйл бий. Гэхдээ энийг бас гутрангуйгаар үзэх ёсгүй юм. Болдог юм болж байгаа хэрэг. Аливаа юмс ямар нэг хэмжээгээр хязгаарлагдмал чанарыг агуулдаг. Тиймээс гаднаас авах нь зайлшгүй. Чухам энэ процессад л бид ухаантайгаар оролцож чадвал хөгжилд тустай.'

Маяг ба интерьер

'Зураачид интерьер рүү их түлхүү ормоор юм байна. Энд зураг их зарагддаг чинь үүнтэй ч холбоотой. Ер нь бодоод байх нь ээ, гэрээ тохижуулаад зураг авах болохоос зураг аваад гэрээ янзлахгүй. Хүн угаасаа нэг зураг авчихаад түүндээ тохируулаад гэр орныхоо тавилгыг авахгүй биз дээ. Харин гэрийнхээ интерьерт тохируулаад зургаа авна. Поп артын зургийг Монгол гэрт өлгөвөл зохихгүй шүү дээ…Надаас нэг залуу зураг авах гээд гэртээ дагуулж очиж байсан. Гэтэл гэрт шалан дээр нь хана түшүүлээд тавьсан 18-р зууны үнэтэй зураг байж байгаа юм. Түүнийгээ ч мань хашир мэдэж байсан. Миний зургийг авдаг нь гэвэл гэрийнх нь шинэ зассан интерьерт илүү зохицсон учир юм.'

Тайван дизайн гэдэг үгийг маяг гэж хэлэх дуртай. Нээрээ ч маяглах гэж л маниус нь гангардаг юм биш үү. Өнөөдөр маяг муутай, нүсэр, үнэтэй хувцас өмсөж, алт мөнгөөр өөрсдийнхөө гоо сайханыг далдлахын оронд ялангуяа залуус бол хямд төсөр маяг сайтай хувцаслаж байвал хэн, хэндээ л хэрэгтэй юм хэмээн түүний ярьсан нь тун зүйтэй санагдсан шүү. Наад зах нь мөнгөнд хэмнэлтэй, хувцасны маяг дизайныг ойшоох мэдрэмж маань ч хөгжинө.

'Манайхан их нүсэр хувцасладаг шүү дээ. Жаахан нас ахиад эхлэвэл алт мөнгөөр өөрсдийгөө булаад, худалч хүнд бараг нэг ломбард ажиллуулчих дайны юм болчихно шүү (инээлдэв) Энэ нь нүүдэлчин сэтгэхүйтэй ч холбоотой байдаг байх. Монголчууд бол хоолгүй шахам хонож байгаад нэг үнэтэй цайтай дээл аваад өмсчих нь элбэг. Харин энд анзаараад байхад хүмүүс хоолондоо илүү анхаарах юм. Хүмүүс ганцхан хувцсаараа ялгарах биш амьдрах хэв маягаараа ялгарахыг илүү хичээдэг мэт санагдсан.'

Зураачдыг бүү зод

'Монголын ихэнх зураачид ядуу. Авьяаслаг зураачид өнөөдөр жинхэнэ бүтээлээ хийж чаддаггүй. Өнөөгийн доройтсон сэтгэлгээнд тохируулан Чингис, чоно, морь, уул, хад зураад л амиа зогоож байна шүү дээ…Мэдээж юм хоёр талтай л байх л даа. Зураачид нь олигтой юм хийхгүй учраас ард түмэн ч ойлшоодоггүй байж мэднэ. Гэхдээ л бид одооноос л монгол хүний бүтээлийг үнэлж сурахгүй бол урлаг ч мөхнө, Монгол ч мөхнө. Яагаад гэвэл урлагийн хүн хэзээ ч үндэстний элементээ мартдаггүй. Заавал ямар нэг хэмжээгээр дөвийлгөхийг чармайдаг. Тэр утгаараа урлаг бол тусгаар тогтнолын баталгаа.'

'Тэгээд ч нийгмийн хөгжил урлагтайгаа маш холбооотой. Иргэд өөрсдийн соёл урлагийнхны хөдөлмөрийг үнэлж сурахгүй бол тэр улс хөгжихгүй. Тиймээс манай ард түмэн зураачдаа дэмжээд, ганцхан зураач ч биш урлагийнхныг дэмжээд, хийсэн юмных нь төлөө мөнгө өгөөд сурчихвал бид өөрийн үнэт зүйлстэй хөгжинө.'

'Урлагийн мэдрэмж л нарийсвал соёлтой хүн гэгдэнэ биз дээ. Урлагийн мэдрэмж бол хүн өөрөө өөрийгөө хүндлэхээс эхлэнэ. Өөрийгөө хүндэлсэн хүн эрүүл мэндээ анзаарч, амьдрах ахуйгаа тохижуулна. Наад зах нь хоолондоо анхаарч, уушиг хордуулсан утаатай Улаанбаатарт суухыг ч хүсэхгүй. Тэгэхээр өөрийгөө хүндэлж сураагүй ард түмэнд урлагийн мэдрэмжийн тухай ярих нь бас ахадсан байж мэдэх юм.'

'Энд урлагийг өндөр үнэлж байна. Миний нэг зураг заримдаа 450 паунд хүрдэг. Өдөрт би хаяа 600, 500 паундтай буудаг, энийг гайхуулж хэлж байгаа юм биш л дээ. Зүгээр л хэрэв энэ бүтээлүүдийг Монголд зарах гээд үзвэл хэн ч худалдаж авахгүй гэдгийг л хэлэх гэсэн юм…Урлагийг бодитойгоор дэмжих сэтгэл Монголд алга байна шүү дээ.'

'Бүтээлээрээ амьдрах нөхцөл манайд бүрдээгүй. Соц-ын үед төр зураачдын бүтээлийг худалдаж авдаг байлаа. Харин ард түмэн урлагийн бүтээлийг ойшоож худалдаж авч сураагүй…Оросод тухайн үед Репин, Суриковын академи төгсөж ирсэн зураачид Монголд ирээд энергээ задалж чадалгүй үхцгээдэг. Тэд сайн шавь нар байсан байх, Монголд ирээд сайн багш нар болсон, харин сайн зураачид болж чадаагүй ээ. Яагаад гэвэл нийгэм нь хүлээж аваагүй шүү дээ.'

'Өнөөдөр Монголд хамгийн бухимдсан хүмүүс бол урлагийнхан байна. Зураачид их архи ууж байна. Олон сайхан зураач архинаас болж амиа алдсан. Би энд хийсэн бүтээл маань эзнээ олно гэдэгт итгэдэг учраас зургаа зурахад архины тухай боддоггүй. Архи байтугай тамхиа ч мартдаг…Миний багш Мөнхдалай эрүүлжүүлэхэд үхэхэд би ч ихийг бодсон доо. Монголын том зураач Дуйнхаржав цагдаад зодуулаад үхэхэд түүнийг зураач гэдгийг тоогоогүй л байхгүй юу! Тиймээс би заримдаа цагдаа нараас гуймаар санагддаг юм. ЗУРААЧДЫГ БИТГИЙ ЗОДООЧЭЭ…'
2005.01.11
Х. Эрдэмбилэг