Wednesday, 15 November 2006

Эх оронч vзлийг эргэцvvлж vзэхvй

Амтай болгон нь Монгол гэж дөвчигнөх дэмий юм байна. Монголд хэнхдэг цээжээ дэлдэн, хэл амаа хурцлан эх орон, эв нэгдэл, газар шороо, ард тvмэн, Чингис, xөх тэнгэр гэх мэт сvртэй vгсийг урсгахад хэзээд бэлэн нөхөд хаа сайгvй. Юуны ч духанд хvрэлгvй, зорилгоо ч сайн тодорхойлолгүй улс орон, ард түмний нэрийг урьдаа барин нам, хөдөлгөөн байгуулах явдал замбараагаа алдлаа. Энд эх оронч vзлийг доромжлох гээгvй, харин ам ажил хоёр зөрөөд байдгийг анзаарасай гэсэн юм.
Хэрэв Монгол гэж хашгирснаар манай улс хөгждөг бол бид аль хэдийн цойлоод тасарчихсан биз. Тэгтэл ардчилал мандсан 16 жилийн турш амныхаа тэнхээгээр, шавиагаа ханатал “xорвоод хосгүй Монгол’’ гэж хоороор дуулцгаалаа. Харин одоо манайд хосгүй юм гэвэл хотлыг “элэгдсэн” ядуурал л байх шив дээ. Ажил, үйлс амнаас илүү чимэг болдгийг бид мартжээ. Элбэгдоржийн засгийн газрыг Их Эвслийн засгийн газар гэдэг байлаа. Түүхэнд харин Их Хагарлын засгийн газар гэж бичигдэх нь бараагүй. Үүний дараа Үндэсний эв нэгдлийн засгийн газар байгууллагдав. Байгууллагдсан явцыг үзвээс нэр нь арай л хүндэдсэн аж. Үндэсний эв нэгдлийн засгийн газар гэхээсээ Бага эвслийн засгийн газар гэвэл таарна.
Уг нь нэр хvнддэх гэж нэг айхтар ойлголт манайд бийсэн. Лам нар заримдаа нярай хvvхэд өвчин орооход нэр нь хvндэдсэн байна гэж оношилдог. Тийм учраас монголчууд хvvхдийн нэрийг, хэдийгээр дорнын уламжлалыг даган бэлэгшээсэн эрхэм нэр өгдөг ч, нэр хvнддэх болов уу гэсэн сэрэмжтэй хамт сонгодог бөлгөө. Харин сvvлийн vед хэл эвлэрснээр чалчдаг, хийх ажлаа мартдаг хачин vзэгдэл энгийн болж хувирлаа. Өгсөн нэрээ ч умартаад эсрэг үйлдэл хийнэ. Хагалж бутаргаж хамгийн дээр гарангуутаа “За, та минь эвтэй, найртай, эв нэгдэлтэй байна шvv. Эвтэй vедээ бид хvчтэй” гэж сургана.
Мэдээж Монголын төлөө ажиллаж, бvтээцгээе гэсэн бvхэн монголоороо дуудууллах сайхан байлгvй яах вэ. Гол нь Монгол гэж хэлэхийн тулд Монголын төлөө цохиллох зvрхтэй бай гэдэг шиг хүндэт нэр өгчхөөд тvvндээ таарсан хvндэт vйлдэл хийдэггvй нь харамсалтай. Тиймээс цаашдаа сvржин нэр томьёоноос хэний янаагvй болгоомжилмоор.
Ингэж сvржин өгч сvргvй ажил хийдэг vзэгдэл гаарсан нь vгийн утга vнэгvйдэж, дэмийрдэг эх оронч vзэл ухамсарын бvслvvрийг зад тавьсантай бас холбоотой. Хvн бvр эх орон, ард тvмэн гэж хэлэхэд хариуцлагыг мэдэрдэг байсан бол хэн дуртай нь хашгирч хувийн ажлаа амжууллахгvй л байсан болов уу.
XX зуунд монголчууд коммунизм байгуулж явна гэж сэрvvн зvvдэлж, интернационалч vзлээр хvмvvжихдээ монголын гэсэн бvхнээр бөгсөө арчин vндсэрхэг vзлийг тун эвгvй дарсан. Vнэндээ бид тэр үед жинхэнэ интернационалч vзлээр хvмvvжиж чадсан юм уу даа. Өөрийнхөө үндэстнийг үндэстний тооноос хасчихаад бусад үндэстэнтэй хэрхэн найрсаг байх билээ.
Уул шугамдаа бол, интернационалч үзлийн лоозон доор Оросод хүчиндүүлж колони ч биш клоун (clone, хувилбар) нь болж явжээ. Ашгүй харин оросууд даяар нэгдлээрээ хөдөө очиж малчин болсонгүй. Бөөстэй гэж маягласан уу, хоёр сая хүрэхгүй ард түмэн юухан байх уу гэж бассан уу, Монголыг дутуу алсан могой шиг монгол ч биш, орос ч биш хачин юм болгоод орхисон. Магадгүй манай дарга нар ирсэн болгоныг нь хөдөө аваачхаасаа ичээд, хөгжлөө үзүүлнэ гээд наагуур нь зочлуулаад байсан нь оносон ч байж магадгүй. Ганц хоёр шар толгойтой орос цэргийн хүүхдүүд алс бөглүү эсгий гэрт төрснийг эс тооцвол эрлийзээд ч их шальсангүй.
Харин орос бараа ховордож, хятад бараа элбэгших үед чихну чимэг болсон аялгуу сайхан хэлээрээ чихну бөглөөс арилж, хэнгэрэг цоо хагартал эзэн Чингис, зөвхөн Монгол хэмээн “монголыг мөлжиж” модоо барьтал хашгирлаа. Cүүлдээ бүр монголоороо бахархах сэтгэл маань солиорол болчих оо юу гэсэн бодол ч төрнө.
Энэ солиоролд урлагийнхан, тэр дундаа архинд живсэн яруу найраг маш их нөлөөлсөн. Шилжилтийн үед шил архин дээр эд нар хэрхэн чуулсныг би нэг мэднээ. Хар багаасаа л архинд нь гүйж, баас шээсийг нь арилган, өмхий амаар нь үнсүүлж явлаа. Монголын яруу найрагчид хэмээн өргөмжлөгдсөн нөхөд чинь яс юман дээрээ бүгд архичид, эдний бараг ихэнх нь архинаас болж амиа алддаг юм. Архинаас болж үхсэн гэхээр уурлаж, архинаас биш зүрх сэтгэлдээ шатаж яваад үхсэн гэж нэгнээ өмөөрөх нь элбэг. Гэтэл үнэндээ зүрх нь биш элэг, ходоод нь шатчихсан байдаг байхгүй юу. За энэ ч яах вэ, зөвхөн Монгол гэдэг синдромыг илчлэх гэж байгаад хадуурчихлаа.
Гэхдээ дэмийрдэг эх оронч үзэл цэцэглэхэд яруу найрагчид яриа байхгүй гавьяатай. Энэ нөхөд бараг эх орон, ард түмэн гэдэг нэрээр бизнес хийсэн анхдагч нар, бизнес ч гэж дээ, архи уух аргаа олсон гэх үү дээ. Тархиа номоор биш архиар мялаасан нь олон. Ямар сайндаа энэ жилийн Болор цомын наадамд магтах юм нь олдож ядсан нэгэн найрагч, манайх ийм их малтай байхад гадагшаагаа битгий гараачээ гэсэн ухаантай шүлэг унших вэ дээ…Энэ чинь одоо инээлгэх гэх гэж байна уу, уйлуулах гэж байна уу? Гурванхан сая хүрэхгүй ард түмэн гучин сая малтай атлаа гаднаас мах авч, хотын борчууд нохой махалж буйг эрхэм яруу найрагч юу гэж шүлэглэхсэн бол. Эх орноосоо бүү зугт гэдгийг арай анги хэлж болоогүй л юм байх даа. Эндээс л манай эх оронч үзэл их тэнэг үзэл болж хувирсан нь харагдана.
Тэгэхээр эх оронч үзлийг эргэцүүлж бодох, хойч үеэ хэрхэн хүмүүжүүлэх талаар ярилцах болжээ. Тулгар төр байгуулагдсан 800 жилийн ойг тэмдэглэж буй энэ жил эх оронч үзлээ эрүүлжүүлэх нь юу юунаас ч чухал, эс тэгвээс эвгүй байдалд орно. Эх орноороо жинхэнэ утгаар нь мэдлэгтэй, даруухан бахархах, бусдыг хүндлэх хоёрыг хослуулахгүй бол монголчууд гэж өөрсдийгөө л магтаж, бусдыг үгүйсгэсэн мунхаг улс бий гэж дэлхийгээр нэг шараа болох вий. Олон шашин, соёлтой ард түмнийг урьчхаад миний сайхан, чиний муухай эх орон гэсэн янзаар харилцах нь соёлгүй бүдүүлэг явдал. Дээрээс нь бас дээрэлхэж явсан гэж байгаа.
Бусдаар хvндлvvлье гэвэл соёлыг нь vнэлж, хvндлэх хэрэгтэй. Гадны шашин соёлыг судалж, үндэснийхээ соёл, шашинг ч мөн умартдаггүй байж чадвал бид хөгжинө. Өөрийн юмтай улс л өрөөлийн соёлыг жинхэнэ үнэлж, өөрөө ч үнэлэгдэнэ. Гэтэл бид нэг бол хэт туйлшраад монголоо гээчихнэ. Нөгөө бол хэт явцуураад морь унаад л айл хэсэж архи уугаад давхиж явбал жинхэнэ монгол болдог юмшиг сэтгэдэг учир манай сэтгэлгээ уламжлалаа ч гүнзгий мэдэхгүй, харийн соёлыг суурьтай ч судалж чадахгүй, саармаг сармагчин аятай байх юм.
Бас манай сэтгүүлчид гадаадын хүн л бол микрофоноо тулгачхаад, “Манай сайхан эх орны тухай сэтгэгдэлээ хэлнэ үү?” гэдэг жижүүрийн асуултаа больмоорсон. Мэдээж “Манай муухай орны тухай сэтгэгдлээ хэлнэ үү?” гээгүй болохоор хэн ч, танай муухай орон гэж хариулахгүй биз дээ. Бид ганцхан эх оронтой, бид ганцхан онгон байгальтай мэт сагсуурах нь үнэндээ тэнэг сонсогдож байна. Бодит байдалд ч нийцэхгүй. Биднээс илүү байгаль орчноо сайхан янзлаад, улс орноо өөд нь татаад явч буй улс зөндөө. Нөгөө байгалиа сүйтгэж, агаар худалддаг гэж өрөвддөг улсууд чинь хотынхоо төвд хөлөө жийгээд амрах ногоон цэцэрлэг элбэгтэй. Харин манайд хотынхоо төвд хогийн сав ч ховор шүү дээ.
Ерөөс, Монгол, Монгол гэж ардыг хөөрөгдөж, ашиг гаргадаг арга моод болжээ. Энд ч нэг дарга, тэнд ч нэг тэнэг Монгол, Монгол гэсээр монголыг молигдож дуусах нь. Ард түмэн тэнэг биш, ард түмний нэрийг барин гэмт хэрэг ч хийдгийг бид мэднэ.
Зарим нөхөд ард түмний нэрийг барьж сагсууран сохор үндсэрхэг үзлийн үрийг тарьж байна. Монгол бол жинхэнэ чонон ард түмэн, харин одоо хонин болчихлоо гээд хэнийг барьж идэх гээд байгаа нь мэдэгдэхгүй нийтлэл сая олж уншив. Тэгээд бас болоогүй тэнд чинь аугаа ард түмэн, аугаа удирдагчийг хүснэ гэсэн байгаа юм. Яасан ч аугаа болохын донтой юм билээ дээ, сүртэйгээр нь чонон ард түмэн чонон удирдагч хүснэ гээд араатан чоныг сонговол яасан юм. Чонон гэснээс Чонон Борис санаанд орчихлоо.
Чонон Борис гэдэг алдарт атмааны тухай аман яриаг хүүхэд байхад айдас, бишрэлийг хослуулан сонсдогсон. Чонон Борисыг цаазаар буудаж алах гээд буу онилтол, Чонон Борис цээжээ яран Монголын соёмбо, Оросын алх хадуур, Ленин, Чойбалсан, Сталин, Цэдэнбал, Брежнев гээд л коммунистууд эрхэмлэдэг хамаг зүйлийг бүтэн биеэрээ шивчихсэн байжээ. Аргаа барсан цаазын ялыг гүйцэтгэчид ажиж, ажиж чихнийхээ нүхэнд юу ч шивээгүй болохыг олж хараад,
-Ээж чинь ирлээ! гэж худлаа хэлэн эргэж харахад нь зүүн чихнийх нь нүхэнд сум цоосон гэдэг. Тэрэнтэй адил хулхины эх орончдыг илчлэх хэцүү юм. Эх орны эрх ашиг хөсөрдсөн хэцүү цагт Эх Орон, Ард түмэн гэх үгс хаа сайгүй тэнүүлчилнэ. Хэн нэгнийг буруушаах гэхээр амаар нь дүүрэн Монгол. Яаж үнэн худлыг илчлэх үү, бүү мэд…Мөнгөөр хахуульдая гээд, гараа сарвайхад нь тас хяргадаг юм билүү.
-Май мөнгө!!! 2006.01.06-

2 comments:

Anonymous said...

Тантай санал нэг байнаа. Одоогийн байгаа яг үнэн дүр төрхөөр нь бичсэн байна. Яаж хөгжинө дөө :(

Anonymous said...

Uneheer gaihaltai. buh esseg chini unshlaa. saihan boljee. ih ch yum boduulahaar yum bna. bayarlalaa. amjilt husie.