Tuesday, 21 November 2006

Д.Энхболд: Би удахгvй очно оо. Дэлгэсэн тэрлэг дээрээ тарвалзаж хэвтэх шиг дээдийн жаргал хаана байхав дээ

Эдүгээ АНУ-д амьдарч байгаа зохиолч Доржзовдын Энхболдтой манай сурвалжлагчийн хийсэн ярилцлагыг толилуулж байна
-Та сайхан намаржиж байна уу?
-Тавлаг сайхан намаржиж байнаа.
-Америкт очоод нэлээд удчихлаа. Ингэхэд яагаад гэнэт эх орноосоо явах шийдвэр гаргав аа. Зохиолч, яруу найрагчид зөвхөн Монголдоо л амьдрах тангарагтай мэт л санагддаг л даа?
-Тэгээд гээд хэлчих барьц олддоггүй их хэцүү асуулт чинь энэ дээ. Энэ тухай баярлаж хөөрсөн үедээ ч, хүнд хүчир ажилд нухлагдаж ядарч цухалдсан үедээ ч өөрөөсөө дандаа л асуудаг. Гэвч өнөө болтол хариу олж чадаагүй л явна. Ер нь бол амьдрал л намайг энд хүртэл элдсэн хэрэг. Цаашаа хаа хүрэхийг ч мэдэхгүй л тууж яваа хэрэг шүү дээ. Анх ерээд онд болсон донсолгоонд би бусдын адил л өртөж амьдрал маань сүрхий ганхаж ирсэн л дээ. Цалин маань хаанаа ч хүрдэггүй. Хүүхдүүд нялх балчир. Тэгээд л амьдралдаа нэмэр болох санаатай бусдыг дагаад ганзагын наймаанд явж эхэлсэн. Ажлынхаа хажуугаар Эрээн ордог байсан хэрэг. Харин бусдын наймаа хөлжөөд цэцэглээд байхад минийх байдаггүй. Шувтан л алдагдалд ордог байсан. Ажлынхаа хажуугаар явдаг байсан болохоор их мөнгөөр хөдөлж чадахгүй л дээ. Тэрнийгээ дагаад алдагдал маань бага л байсан хэрэг. Гэвч үргэлж л савирчихаар чинь ямар сайн байхав. Хоол ундаар элбэг дэлбэг, орсон гарсан хүн ам сайтай хэр нь алсуураа суурь нь ганхсан л айл байлаа, манайх. Ингэж явтал нэг л өдөр хэрэг бишдээд ирсэн. Өр шир маань долоон оронтой тоо уруу дөхөөд нойр хоолоо ч алдлаа, Томхон шийдвэр rapгахгүй бол болохоо болиод чингэлгийн наймаанд Герман уруу явсан. Тэгээд яасан гээч. Чингэлэг маань машин дээрээсээ нурж унаад байдаггүй. Хамаг жүүс хага. Дэгэн догон өрөөлдөж явсан амьдрал маань ч бүр дордлоо. Тэгээд л АНУ-ыг зорьсон доо .
-Энэ хүртэл нэлээд юм үзэж дээ?
-Тэгэлгүй яахав. Жалга ухаж алт угааж үзсэн. Зах дээр наймаа хийдэг найзынхаа барааг заралцаж үзсэн. Шуудай ноолуур ганзгалаад хил дээр шороонддарагдажүзсэн. Ууланд явж бугын эвэр түүж Эрээн рүү чирж үзсэн. Хаврын хавсарганаар цагаан гоёо ухахаар говь руу явж байсан ч удаатай. Гэвч энэ бүхэн надад шууд үр өгөөжөө өгсөнгүй. Харин дам утгаараа эх орноо хайрлах, ширхэг цагаан гоёогоо ч харамлах эзэн хүний сэтгэхүйг минь хөгжөөж өгсөн. Ялангуяа цагаан гоёо надад маш эмзэг мэдрэхүйг түрүүлсэн. Гоёог би урьд нь шимэгч ургамал л гэж боддог байсан юм. Гэтэл тэр чинь загийн шимэгч төдийгүй эргээд тэжээгч нь болдог юм билээ. Нэг үндэстэй. Цагаан гоёог нь ухаад авчихаар зэл үндэс нь тасарч заг нь үхдэг. Тийм эмзэг нандин юмаа хэдхэн халтар төгрөгнөөс өгөх гээд зогсч байх ч гэж дээ гэж бодогдоод өөртөө дургүй хүрээд дахиж зүглээгүй. Энэ бүх бүтэлгүй явдлууд минь надад ухаарал өгсөн гэхэд хаашаа юм. Юутай ч тэнгэрээс их дуутай хүн зандрах шиг нэгэн сэрэхүйг төрүүлсэн дээ. Би ядарч туйлдах тусмаа эх орноо мөлжиж хөлжих гээд байгаагаа ухаарсан. Би ядархаар чи ядар гэсэн сэтгэхүйгээр эх орондоо хандаж байгаагаа ойлгосон.Тэгээд л өөрт байгаа бүхнээрээ амьдрахаар шийдсэн дээ. Гол горхийг эрэг нь хашиж хаашаа урсахыг нь заадаг шиг л амьдрал намайг ингээд хашаад элдчихэж дээ гэж одоо боддог юм.
-Та нэг л аргаа олсонгүй л дээ.Түүнээс биш арай гэнэн нэгийгээ шулах замаар ч юм уу, их бага залилан хийгээд ч юм уу, эх орныхоо аль нэг баялгийг ашиглаад ч юм уу хөлжиж баяжих олон арга байдаг л биз дээ. Тэр ч бүү хэл тэгж баяжсан өчнөөн л хүн байгаа шүү дээ. Тэдэнтэй барьцах сэтгэл төрдөггүй гэж үү?
-Хүн хүн өөр л дөө. Зарим хүн гүзээнд наалдсан дэлүү шиг ямар нэгэн юманд наалдаж явахыгаа аз жаргалд тооцдог. Зарим нь дээрэмдэх хулгайлахыг эрхэмд тооцдог. Гэвч эцсийн дүндээ аль аль нь шийтгэл юм. Тэр хүн өөрийнхөө сэтгэхүйг байнга зэрэмдэглэж өөрийгөө шийтгэж байна. Орчин тойрныхныгоо гэсгээж байна.Үүнээсээ таашаал авдаг бол энэ таашаал хугацаатай. Олон түмний тэсвэр тэвчээр гэдэг олстой яг адилхан зүйл. Нэг л өдөр тасарна шүү дээ.Тэгэхэд булхай луйврын тавцангийн хэдэн давхраас унах вэ гэдгээ бодож явахгүй бол дээшлэх тусмаа л халтай л даа.
-За тэгээд АНУ гэдэг аз жаргалын далайд сэлж гарав уу?
-Энэ ч далай нь далай. Гашуун ч гэж жигтэйхэн дээ. Анх ирээд хэлгүй, тэгэхээр чинь яг л хөлгүй хүнтэй адил. Ажил олдохгүй ээ. Хэдэн cap үйлээ л үзсэндээ. Сан-Францискод Мишин, Гери гээд хоёр том гудамж байх. Өдөрт ажилд авах зар байна уу гээд л нүдээ ширгэтэл ширтэн өөдөө сөөргөө хэд хэдэн удаа туулна шүү дээ. Тэр гудамжууд чинь нэг нь л гэхэд арав гаруй километр урттай байх аа. Яваад л байна барагдахгүй. Гэвч бие биш сэтгэл ядрах нь илүү зовиуртай. Би чинь амьдралд шувтан ухарсаар байгаад энэ хүрчихсэн байдаг, дахиад хаашаа ухрах юм бэ гэж бодохоор л уйлах ч багадаж байсан даа. Гэхдээ буян нь дэлгэрсэн монголчууд маань бас тусална аа. Өөрсдийнхөө оронд нэг хоёр өдрөөр ажиллуулна.Тэр чинь талхны мөнгө гэсэн үг. Тэгж явтал Охойяагаас нэг найз маань утасдаад хүрээд ир гэдэг юм байна. Ингээд л Охойяа руу явсан. Сан-Францискод эрээд олдоогүй ажил харин Охойяад замын хажуугийн өвс ногоо шиг л хөглөрч байдаг байгаа даа. Энд ирээд амьдрал маань тэгширч ирсэн дээ.
-Голдуу юу хийв?
-Дарга даамал л хийхгүй нь мэдээж шүү дээ. Эхнэр бид хоёр ер нь олон ажил хийсэн дээ. Үйлдвэрт норм хийнэ. Хажуугаар нь өглөөд дэлгүүрийн шал зүлгэнэ. Зарим үед буудлын үйлчлэгч хийнэ. Өдөрт арван зургаан цаг чилийтэл ажиллах үе ч байна. Ажил л хийж байвал АНУ д амьдрал бас боломжийн л доо. Дундчаар долоо хоногийнхоо цалингаар орон байрныхаа хөлсийг төлөөд хоол ундаа авчихна. Үлдсэнээр нь мөрөндөө өлгөх муугүй хувцас хүнар авчихна. Тэгээд хэд гурван төгрөг нугалаад нааш цааш нь хадгалаад байх боломжтой. Бидний байсан газар маань манайхаар бол улаан хөдөө. Хүн хар цөөн. Яг манай байсан хот долоо найман зуугаад мянган хүнтэй юм гэсэн. Гэхдээ тэр хүмүүс нь хаанаа байдаг юм бүү мэд. Гудамжаар ганц ч явган хүн харагдахгүй. Орон сууцтайгаа залгаад эрдэнэшишийн тариалангийн талбай ч байж байх шиг. Битүү модтой болохоор байшингийн дээвэр ч харагдахгүй. Нэлийсэн ой л байх нь тэр. Харин зам гэдэг чинь зурайна даа. Гурав дөрвөн эгнээтэй хурдных ч байх, хоёр урсгалтай хөдөөнийх нь ч байх. Зам болгон айлын үүдэнд очиж төгсөнө. Тэр нь модон дотор ганц хаус байж байх жишээний. Айж ичдэггүй юм байх даа гэж гайхмаар. Америкийн хөдөө нь онцгой сайхан. Дуу чимээгүй нам гүм. Орон байр нь хямдхан, тохилог. Юмны үнэ ч хямдхан. Би өдөр болгон л интернэтээр сонин уншдаг. Монголд бензиний үнэ эндхийнхийг даваад явчихлаа шүү дээ. Үхрийн мах, гурил, элсэх чихрийн үнэ ч бас эндхийнхээс илүү, харин цалин арваас хорь дахин бага байдаг. Тэгээд яаж амьдраад байна вэ.
-Болоод л байдаг юм даа.
-Энэ болгоод байдаг зан л их хортой юм шиг надад санагддаг. Гэтэл хууль бол тийм биш. Тэгвэл тэгнэ, ингэвэл ингэнэ гээд яв цав заачихсан байдаг. Америкчууд яг түүнийгээ л дагана. Жолооны шалгалт авлаа гэж бодъе. Яг хуулиар заачихсан тестээ л өгнө. Компьютерээр өгье гэвэл түүгээрээ л өгнө. Ширээнд суугаад орчуулагч аваад дүрмээ өгье гэвэл хууль журмаа харна. Тэнд нь болно гээд заачихсан байвал болох нь тэр. Жолооны шалгалт авахдаа тухайн хотод хэдэн майл явуулж байж тэнцсэнд тооцох ёстой юм тэрүүгээрээ л явна. Маршрутаасаа ганц майл хэлтийхгүй. Хэрэв шалгалт авч байгаа хүн маань өөрийн ашиг сонирхлоор шалгалт өгч байгаа хүнийг эвгүй байдалд оруулах үйлдэл хийвэл гомдол гаргах эрх нь хуулиар олгогдсон байдаг. Тийм болохоор шалгалт авч байгаа хүн шалгуулж байгаа хүнтэйгээ хууль эрх зүйн нэг төвшинд байдаг, аль аль нь үүнийгээ ойлгож байдаг болохоор иймээ тиймээ яриа хөөрөө гарахгүй. Үүнийг л ардчилал гэдэг юм болов уу гэж би ойлгодог болоод байна. Гэтэл манайд эсрэгээр биз дээ. Жолооны шалгалт авч байгаа хүн нь биднээс төө дээгүүр эрхтэй байдаг. Тэрнийгээ ч үзүүлж өгдөг. Мөнгө л өгөхгүй бол өөрийн сонгосон замаараа авч давхиад л унагаад байдаг. Түүнд хахууль өгч л байж нэг юм үнэмлэхтэй болдог биз дээ. Иймэрхүү л байх юм байна шүү дээ. За тэгээд энд монгол хүүхэд олон байна.Тэд маань яг энэ хүмүүжлээр хүмүүжиж байна. Манай охин том болчихсон хойноо гээд ирсэн. Гэхдээ л энэ занд нэвт автчих юм. Ямар нэг юмыг ярь гэж намайг шахахаар бүр гайхна. “Аав аа болохгүй шүү дээ” л гэнэ. “Яаж ийгээд болго” гэхээр “Та юу яриад байгаа юм бэ. Нэгэнтээ болохгүй л юм чинь болохгүй ш дээ” гээд хөдлөхгүй. Гэтэл энд чинь интернэт, телевизийн кабель сэлтийг хулгайгаар тавьчихсан байхад хэн ч мэдэхгүй юм шиг л санагдаад байдаг байхгүй юу. Өөр ч монгол араншингаараа болгоод баймаар юм олон. Гэтэл болохгүй. Тэр болохгүй нь хаа нэг газар цаасан дээр байж байх мөртлөө амьдралд ингэж нэвчсэн байгаа юм.
-Сайхан юм аа. Гэхдээ нутаг усаа санана биз дээ. Их далайн цаадах цэлгэр нутагтаа очихсон гэх бодол байнга л төрнө биз?
-Нэг нөхөр “Хэзээ нэгэн цагт очиж ясаа тавина аа” гэж хэлээд дуучин Жаргалсайханыг уурлуулж цаадах нь миний эх орон ямар оршуулгын газар юм уу гэж өмчирхсөн тухай сонин дээрээс уншиж л байсан л даа. Эх орон минь миний амьдарч яваагийн утга учир ч гэдэг юм уу, хуучин намын их хурлын уриа лоозон шиг уран үг одоо сэтгэл хөдөлгөхөө байж дээ. “Дэлгэсэн тэрлэг шиг эх орон” гэдэг ч юмуу, “Эх оронтойгоо би дэндүү адилхан” гэх ч шиг Гүрбазарынхаа шүлгүүдийг ч сүүлийн үед ойлгохоо болих шинжтэй. Дэлгэсэн тэрлэг дээр нэг бол хүн хөрвөөж, нөгөө бол гэрийн сүүдэрт хүүхэд бантангаа асган хөглөрүүлж суудагдаа. Харин миний хувьдэх орон сэрэхүй минь юм. Эх орон минь монгол хүн бүр юм. Өнөөгийн АНУ, Австрали, Япон, Солонгос, Баруун Европ, Канадад сургуульд сурч аяга угааж, шал зүлгэж яваа хүн бүр эх орон минь юм. Нэг удаа нэг шар сонин дээр үидэсний сурын спортын гавьяат мастер Мөнхцэцэг билүү Мөнхтуяа билүү нэг бүсгүйг Сан-Франциско хотод аяга халбага угааж явна гээд нэлээн тавласан шинжтэй бичсэнийг уншаад бүр дургүй хүрсэн шүү. Тэр бичвэрийг миний охин шиг л нэг муу годойсон охин ч юм уу, хүү бичмэглэсэн байх даа гэж бодохоос л шар гозойгоод хажууд байсансан бол хэд гурван үг хэлээд алгадчихмаар санагдсан. Биднийг ер нь юу гэж бодоод байнаа. Бид хүний газар гуйлга гуйгаагүй шигээ өөрийн эх орондоо хэн нэгэнд ялархаж хэвтээгүй. Харин ч хатуу хөтүүг хийгээд, хэнд ч гай болохгүй яваа биш үү. Үүндээ бид буруутан эрээгүй шиг бид ч бас хэн нэгний өмнө буруутан болоогүй. Эх орныг идэж ууж суудаг нь эзэгнэдэг юм биш. Хайрлаж алс холоос итгэл сэтгэлээ нисгэж түүндээ тайвширч явдаг нь ч эх орны эзэн төдийгүй харин ч бүүр өөрөө эх орон юм.
-Та ч бүр цухалдаад байнаа даа. Тэгээд ч та бид хоёрын яриа таны уран бүтээлийн тухай ярилцлагаас зөрөх гээд байх шиг?
-Нэг их зөрөө ч үгүй л болов уу. Бид түрүүнээс хойш энэ л чиглэлд яваад байнз гэж ойлгож байна. Энд ирээд миний хувьд олон зүйлийг шинээр орж мэдэрч, урьд өмнө нь тодорхой төвшинд ойлгож хүртэж байсан зүйлээ арай ч илүү хурц содон хүлээж авдаг болсон байхыг үгүйсгэхгүй.
-Та нэг хэсэг нам гүм суучихсан даа?
-Тэгсээн. Ерэн долоон онд “Паанан”-г хэвлүүлээд өөр ном гаргаагүй.
-Энэ юунаас болов?
-Тодорхой хэлж мэдэхгүй байнаа. Уран бүтээлийн хямралд орсон юм болов уу даа.-Энэ ч улс орны эдийн засгийн хямралтай адилгүй байлгүй дээ?
-Төстэй ч байж мэднэ. Хуучин явж байсан зам маань болохгүй болжээ гэдгийг мэдэрсэнийх биз ээ. Зурагдсан пянз шиг гэж ярьдаг даа.
-Тэгээд Америкийн уран зохиол уншиж шинэ уур амьсгал авч шинэ төрлийн бүтээл туурвина гэсэн үг үү?
-Санаа маань иймэрхүү юм. Сачий гэтэл болохгүй байнаа. Нас нилээн хэвийчихэж. Дээр нь ажилд нухлуулаад ядарчихаар толгой нэг их сэргэлэн биш байх юм. Энэ ч шалтаг л даа. Иймэрхүү шалтгаар хэл сурах зорилго маань хойшлоод түүнийгээ дагаад уншиж судлах маань паг талдаа. Харин нүдээр үзэж, чихээр сонсч, мэдрэхүйгээрээ хүлээж авах гэж нэг юм байх юм. Энэ л миний өнөөгийн гол луужин болж явна даа. Орчин өөрчлөгдөнө гэдэг өөрөө их өөр юм л даа.
-Тэгэхээр энэ шинэ сэрэхүйгээр туурвисан бүтээлтэй манай уншигчид танилцах нь ээ дээ?
-Тэгж нэг их хөөрцөглөх нь юу юм. Гэхдээ явсан нохой яс зууна гэдэг дээ. Арай шинэлэг өнгө аяс мэдрэгдэх болов уу гэж бодож байна.
-Яг өнөөдөр гараас гаргачихаад байгаа бүтээлүүдийн чинь талаар асуумаар санагдлаа?
-”Казиног номхотгосон түүх” нэртэй баримтат уран сайхны нэг роман АНУ, Монгол хоёрт зэрэг шахуу хэвлэгдэж байна. Одоо залгаад “Миний Нарансолонго” тууж, өгүүллэгийнхээ түүврийг хэвлүүлнэ. Араас нь “Арван гуравдугаар зуун” роман маань хэвлэгдэх болов уу.
-Сүүлийнх нь түүхэн сэдэвтэй юмаа даа?
-Түүх гэхэд хэцүү л дээ. Ер нь би уран бүтээлдээ хүнийг л бүтээхийг зорьж явдаг. Түүнээс биш том санаа том зорилго хөөж чаддаггүй, зүйрлэвэл жижиг төрлийн загасчин гэмээр юм уу даа.
-Гэхдээ таны уран бүтээлийг хүмүүс гарснаас нь хойш нэлээн удаж байж ойлгодог юм уу даа гэсэн сэтгэгдэл төрдөг. Би “Соёо” болон “Паанан” туужийн тухай ярьж байна л даа?
-Том үнэлсэнд балмагдаж л байна шүү. Зарим уран бүтээлч миний уран бүтээлийг төдөн зуун жилийн дараа ойлгоно гэж дэвэрч л байдаг. Надад бол өөр, өнөөгийн хүмүүс ойлгохгүй бол маргаашийнхан ойлгох нь юу л бол. Тэгээд ч өнөөдөр хүний тархинд байр сууриа эзлэхийн төлөөх нүсэр том дайн нэгэнт хүчээ авсан байна шүү дээ. Компьютер, интернэт, дэлгэцийн бүтээлүүд ямар хүчтэй түрж байгааг бид харж мэдэрч байна. Ойлгохгүй юмыг ойлгох гэж нухаад суудаг цаг биш юм. Холоо шидчихээд уралддаг ч юм уу, зодолддог тоглоомоо шүүрээд авна шүү дээ. Тэгүүлэхгүй байхыг бодох нь уран бүтээлчийн үүрэг болов уу. Уран зохиол өөрөө урнаар сэтгэхийн суурь. Энэ үүргээ алдахгүй байх учиртай. Ингэхээр хэзээ нэгэн цагт хэн нэгэн ойлгох болтугай гэсэн сэтгэхүйгээр баахан номлочихоод дээгүүр харан ууцаа үүрч алхаад байх цаг биш болов уу. Гэхдээ хамардотор нус, аман дотор шүлс бий гэсэншүү маягийн марзан зүйл бичээд байгаарай гэсэн г биш шүү.
-Манай утга зохиол сүүлийн үед ихэд шинэчлэгдэж байх шиг. Ялангуяа Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нар энэ чиглэлд түүчээлж явах шиг. Харин тэднийг хүлээж авах талаар муухан байх шиг. Яагаад ч юм надад л лав тэгж бодогдоод байх юм. Тэдний уран бүтээлийг задлан шинжилж хийж байгаа шинэчлэлийнх нь талаар дорвитой дуугарсан хүн гарахгүй л байна. Та энэ талаар юу гэж боддог вэ?
-Би энэ талын мэдээллээс их хол суугаа хүн шүү дээ. Яахав Аюурын ч , Өлзийгийн ч ганц нэг номыг олж уншсан л даа. Тэд эрж хайж байна гэдэг нь тодорхой. Ингэх ч ёстой. Уран бүтээлчийн хувьд тэд нэгэнт нас бие гүйцэж. Нөгөөтэйгүүр миний мэдэж байгаагаар Аюурзана маань Горькийн бүрэн курс төгссөн манай сүүлчийн зохиолч байх аа. Улаан булангийн оройд хатгаад мартсан дарцаг шиг гэж Лхагвасүрэн гуай Догмидод захиа бичиж байсан юм гэнэ лээ. Цаг үе их олон юмыг чухам энэ дарцаг шиг гандаасан биз . Харин Аюурзана өнгөө хадгалаад үлдэх боломжтой байсан нь төгссөн цаг үе нь шинэ цаг үетэй давхцсанаар тайлбарлагдана. За тэгээд хамгийн энгийнээр тайлбарлахад тогоотой сүү дэврэхгүй л юм бол хэн л ухасхийгээ аж даа. Хүмүүс ухасхийхгүй байгаа бол тогоотой сүү огцом дэврэхгүй л гэсэн үг. Энэ юунаас болж байна гэдгийг бодох л хэрэгтэй. Миний бодмоглодгоор уран зохиол гэдэг хими, физик биш. Математик бүр ч биш. Ингэхээр нэг их томъёо гаргалгаа хэрэггүй л болов уу даа. Харин сэтгэл хэрэгтэй. Хүний сэтгэлийг халууруулахгүй л юм бол уран зохиолоор юугаа хийхэв дээ. Өнөөдөр дэлхийн далайд төрөл бүрийн дарцаг далбаа намируулсан мянга мянган хөлөг хөвж яваа. Манай далбаатай онгоц ч явдаг гээ биз дээ. Гэхдээ манай далбаатай хүний онгоц шүү дээ. Үүн шигдэлхийн утга зохиолд өөрийн онгоцтой болъё гэвэл өөрийн далбаатай л байх хэрэгтэй. Янз бүрийн үндэстний үй олон далбаа хив хадаг шиг салбайлгасан онгоцтой гараад очлоо гэхэд үгүйдээ бусдын инээдэм болно. Гэхдээ ийм бололцоо хаагдмал гэдгийг бид ойлгохтой болсон байлгүй дээ. Нөгөө талд нь хэтэрхий үхширсэн сэтгэлгээгээр энэ далайд гарна гэдэг бүр ч боломжгүй гэдгийг ч ойлгохтой болсон байх аа.
-Тэгэхээр яах нь зөв гэж?
-Эрэх л хэрэгтэй. Өвсөнд хаясан утас зүү эрээгүй, өв уламжлалаасаа шинэ гарц хайж байгаа болохоор олдож л таарна. Энд бидэнд нэг том саад байдаг. Энэ бол бидний сэтгэхүйн гүнд суучихсан орчуулгын сэтгэхүй юм. Польшид сурч байсан нэг нөхөр л гэхэд польш хэл дээр байдаг монгол хэл рүү буугаагүй юүг ч юм олоод уншчихаараа “Аа яа яа бидний монголчууд даанч яав даа, хөмөрсөн тогоон дотор л илжирч хэвтэнэ шүү дээ ” гээд л хэлээ хазаж халаглаад унадаг. Ийм сэтгэхүй Монголын утга зохиолд тавиад оноос орж ирээд бүр тогтчихсон. За тэгээд ертөнцийн аль нэг мухрын зохиогчийн ямар нэг юмыг уншчихаараа монголчуудаа хараагаад унадаг. Унших бол сайхан юм. Харин тэр уншиж гийсэн эрдмээрээ зон олноо гэрэлтүүлэхийн оронд хийж бувэж буй бусдыгаа ямар нэг юмтай харьцуулаад харааж зүхэх нь яавч эрдэмтэй хүний үйлдэл биш. Тэгээд ч монголчууд бид юм бүхнийг шиншилж явах албагүй. Ямар ог эрээд хээр талд шогшиж яваа өлөн үнэг биш дээ. Жин явдаг замаараа явж байх учиртай. Бямбажавын Хүрэлбаатар гуайн “Сутай хайрхан уул” гэж сайхан шүлэг байдаг
Сутай хайрхан уул
Суусан ч боссон ч харагдана
Харагдах гэж өндөлзөхгүй
Харанхуй манан дундаас ч харагдана гэж
Ийм монгол сэтгэхүйг харагдах гэж өндөлздөг орчуулгын сэтгэхүй эвддэг. Ард түмэн маань яарвал даарна гээд хэддүгээр зуунд ч юм хэлчихсэн л байдаг. Хүнд харагдах гэж хэт хичээснээс сэтгэлгүй зохиолонцор л үйлдвэрлэнэ. Тийм дууриамал хуурамч бүтээгдэхүүнийг харин харах нь байтугай үнэрлэх ч үгүй. Байрандаа дүнхийх уул нэг л өдөр хэн нэгний хараанд өртдөг болохоос биш суга жалгаар нь гүйлдэх тарвага зурам учиргүй томорч харагдаад байдаггүй байх. Хорхог идэх гэж яваа хүнд бол өөр байх л даа.
-Ихэнхи ярианд ордог сэдэв л дээ. Та шинээр гарч ирж байгаа уран бүтээлчдийн талаар ямар сэтгэгдэлтэй явдаг вэ?
-Батрэгзэдмаагийн шүлгүүдийг уншаад манайд ч яруу найраг бас байна шүү гэж бодсон шүү. Гэхдээ Батрэгзэдмаа онхи залуу хүн бас биш шүү дээ. ГАюурзана, Ц.Буянзаяа нараас үргэлжилсэн үгийн даацтай бүтээлүүдийг нэхэх цаг нь ч ирж, тэд ч энэ байдлыг ойлгож байх шиг. М.Бүжинлхамыг залуучуудаас гоцолж нэрлэмээр санагдана. Маш уран санаатай юм, Одоохондоо арай хөнгөдөөд байгаа тал бий. Гэвч энэ бол цаг хугацааны асуудал. Амьдрал аяндаа хүнд хүнд бодлогуудыгтүүгээр бодуулах нь дамжиггүй. Уран бүтээлийнх нь дөрөөнд ах нь алсаас урмын сүү дусаая. Харин санааны хойноос хэт хөөцөлдөх нь чамирхал маягийн юм болоод сүүлдээ баахан орооцолдсон утсан дунд гайхаж суугаа хүн шиг болгочихдог тал байдаг шүү. Залуучууд үүнийг бодож явахад илүүдэхгүй.
-Харин үеийнхнийхээ тухайд бол…?
-С.Жаргалсайханыг эс тооцвол тэд маань унтчихаагүй л байлтай. П.Баярсайхан, Д.Норов хоёр бол яах ч аргагүй ард түмэндээ үнэлэгдсэн зохиолчид. Харин тэд үгүйлэгдсэн зохиолчид болчих вий дээ. Цаг ч бас яагаа ч үгүй байча шүү гээд хэлчихвэл уурлацгаачихдаг юм болов уу, яадаг юм бол. Нөгөөтэйгүүр би өөрөө тэд нарынхаа шинэ уран бүтээлийн сургийг сонсоогүй сууж байж ч болно шүү дээ. Тийм бол найзууд минь яаран үгийн сүүдэр өлгөсөн муу нөхрийгөө өршөөгөөрэй гэж гуйх байна. Ц.Түмэнбаярыгаа бас нилээн хардаг даа.
-Энд ирээд хэд хонохдоо Америкийн монголчууд гэсэн яриаг цөөнгүй сонслоо.Таны хувьд энэ ойлголт хэрхэн мэдрэгддэг бол?
-Нутгаас дарга нар ирдэг л дээ. Бидэнтэй ч уулзаж учирч л байдаг. Тэгэхэд их сонин зүйл анзаарагддаг юм. Хайнга малчин шөнө орой нөмгөн гарч ирээд хоттой хонь руугаа нэг ширвэсхийж хараад гэр рүүгээ алхаж явдаг даа. Нутгаас ирсэн дарга нар надад яг тэгж бодогддог. Өө өнөө хэд маань байцгааж л байх шив дээ гэсэн шүү харчихаад явцгаадаг. Гэтэл цаадуул нь Архангайн аль нэгэн сумынхан юм уу, Говь-Алтайн аймгийн төвийн хэдэн сонгогч биш шүү дээ. Орчин нөхцөл нь огт өөр. Бодол санаа нь ч харьцуулшгүй. Энэ нь манайханд маш хурдтай нөлөөлж байгаа нь надад анзаарагддаг. Харагдах өнгө нь монгол боловч доторхи мөн чанар нь маш хурдан өөрчлөгдөж байгаа нэгэн төрөл шинэ үндэстэн энд бий болж байна шүү дээ. Ингэхээр хуучин арга барилаараа ажиллаж болохгүй. Шинэ содон зүйл хэрэгтэй болж байна гэсэн үг. Утга зохиол нь ч ялгаагүй. Тэд маань өнөөхөндөө Америк утга зохиолд дасаагүй. Гэхдээ Монголынхоо хуучин утга зохиолоос хөндийрчихсөн байгаа юм. Өнөөгийнхөн нь энэ шүүдээ. Тэгэхээр маргаашийнхан ямар байхав.
-Еренхийдөө харьцгаахгүй гэсэн үг үү?
-Шууд тэгж хэлэхэд хатуудна. Жишээ нь би л гэхэд нутаг уруугаа өнөөдөр ч гүйхэд бэлэн байна. Харин залуучууд өөр. Нутаг уруугаа явсан нэг нь “Шал хэрэггүй явлаа. Улаанбаатараар дүүрэн луйварчид. Зөвшөөрөлгүй бүтдэг ажил гэж алга. Зөвшөөрлийг нь хахууль өгч л авахгүй бол хэзээ ч бүтэхгүй. Юмных нь үнэ өндөр. Цалин гэж авахгүй, дээрээс нь алхам тутам хахууль, амьдрах ямар ч арга алга, эндээ л байсан нь дээр юм байна” гэсээр ирцгээдэг. Тийм юм сонссон улс чинь нутгаа хичнээн санаж байсан ч “За яахав шүдээ зуугаад хэдэн жил тэсчихье.Тэгж байтал юу ч болоо билээ” гээд хүлээдэг. Харин Америк соёл, амьдрал хүлээхгүй, хийдгээ хийгээд л дотор сэтгэлийг нь өөрчлөөд л байна. Хэзээ ч юм энэ аж амьдралаас өөрийгөө салгаж төсөөлж ч чадахгүй монголчууд бий болно шүү. Ийм л үйл явц явагдаж байна даа. Бас нэг зүйл байдаг. Өнөөдөр намайг буцаад очиход ажилд шууд авчихгүй байлгүй дээ. Миний хийж байсан ажлыг хэн нэгэн хийгээд л сууж байгаа. Ажилд оръё гэхээр бөөн мөнгө төлдөг болсон дуулдсан. Хувийн юм хийе гэхээр түшмэд надаас хахууль нэхнэ. Тэрийг нь өгчихөөр авилгын яамныханд баригдчихна. Тэд надаас бүр ихийг нэхнэ. За аягүйтвэл тэрийг нь дутуу дулимаг өгөөд гэдэнг нь хөдөлгөж Ганцхудаг уруу морилчихвол яах юм. Ингэхээр надад ганцхан сонголт, эндээ байж байх л үлдэж байгаа биз дээ. Ийм шалтгаан байна. Уг нь эндхийн залуучууд маань их сайхан боловсрол, соёл, хүмүүжилтэй болцгоож байгаа юм шүү дээ. Хуулийн хүрээнд ажиллаж амьдарч сурна гэдэг амаргүй зүйл юм. Гэтэл бэлэн ийм зан заншил суучихсан хүн ардаа өөртөө татаж ашигтай хэрэгтэй ажилдаа ашиглаж нэг л чадахгүй хүйтэн хөндий байгаа өнөөгийн удирдлагыг яамаар ч юм бэ, мэдэхгүй.
-”Казиног номхотгосон түүх” роман чинь яг хэдийд Монголын уншигчдын гар дээр очих вэ?
-Миний найз “Монос” группын захирал Л.Хүрэлбаатар бүх зардлыг нь хариуцаад хэвлүүлж байгаа. Бид хоёр байнга холбоотой байгаа. Цаас өнгө, дизайн гээд өнөөдрийн шаардлагыг хангасан ном уншигчдын гар дээр очиж байгаа гэсэн. Арваннэгдүгээр сарын 25-ны үед уншигчдын гар дээр очих байхаа. Энэ завшаанаар алсад суугаа муу найзыгаа сэтгэл итгэлийн далайн их өглөгөөр сүлж байгаа Л.Хүрлээ найзынхаа тосон ирэх өдөр бүрийг тостой шаргал зам тосч байг дээ гэсэн ерөөлөө дайя.
-Харин та бол харина биз дээ?
-Очиж ясаа тавинаа гээд хэлчихвэл өнөө буржгар Жагааг бас уурлуулчихдаг юм болов уу. Тоглосон юм, тоглосон юм. Очилгүй яах юм бэ. Дэлгэсэн тэрлэг дээрээ тарвалзаж хэвтэх шиг дээдийн жаргал ер нь хаа байхав дээ, аан.
Д.Энхтүвшин

No comments: