Saturday, 11 November 2006

Ярилцлагаас vvдсэн бодрол

2006 оны найман сард Дээрхийн гэгээн XIV Далай лам Монголд айлчлахад сvсэгтэн олны магнай тэнийлээ. 1979 оноос хойш долоо дахь удаагаа Монгол улсад залагдан ирсэн Далай ламын энэ намрын айлчлал нь тvvхэн чухал үйл явдал бөгөөд он жил улиран хуучрах тусам ач холбогдол нь тодрон томрох болно.

Далай ламыг Монголд урихад амаргvй байсан нь илхэн. Монгол улсын засгийн газар ард тvмнийхээ шvтэн бишрэх эрх чөлөөг хүндлэн Хятад улсын хориг саадад тордолгvй жинхэнэ ардчилсан улсын байр сууринаас энэ айлчлалд хандсан нь бахархмаар ба энэхүү айлчлалыг зохион байгуулж, монгол туургатан сүсэгтэн олны бишрэлийг дээдэлсэн Гандантэгчэнлин хийдийн лам хуврагуудад бид талархах учиртай.

Өнөөгийн дэвшилт хүн төрөлхтөн XIV Далай ламыг зөвхөн Төвдийн Буддизмын удирдагч гэдгээрээ бус мөн дэлхийн энхийн үйлсийн
төлөө шантралгүй тэмцэгч, сүсэглэн гэгээрүүлэгч гэдэг утгаар хүндлэн дээдэлдэг билээ. Үүний бяцхан жишээ гэвэл Монголд айлчилсныхаа дараахан Далай лам Канад улс, АНУ хоёрт уригдан очиход Канадын парламент түүнийг Канадын хүндэт иргэн болгосон байна. Энэ эрхэм хүндэтгэлийг зөвхөн гурав дахь хүндээ олгож буй нь Далай лам юм байна. Урьд нь Шведийн дипломатч Раоул Валленберг, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Нельсон Мандела хоёр Канадын хүндэт иргэн болцгоожээ.(1) Харин АНУ, Конгрессын хамгийн дээд хүндэтгэл болох Конгрессын Алтан медалийг Далай ламд олгожээ. Энэ эрхэм хүндэтгэлийг урьд нь америкийн бус гурван иргэнд л олгосон нь Их Британийн Ерөнхий сайд Винстон Черчилл, Тереза эх, Нельсон Мандела нар ажээ. (2)

Хэдийгээр Далай ламын айлчлалын тухай мэдээ мэдээлэл монголын сонин хэвлэлд тасралтгүй гарч байсан ч Далай ламын сургаал, айлдвар бүрэн эхээрээ хэвлэгдэхгүй байсныг (би лав олсонгүй) энэ дамшрамд дурдмаар байна. Гэтэл хөгжилтэй улсуудад Далай ламын сургаал, номлол нь
бичиг, видео, аудо хэлбэрээр хүссэн бүхэнд олдоцтой байдгийг дурсахад илүүдэхгүй болов уу.

Уул нь XIV Далай ламын хэлсэн ярьсныг нийтэд хүргэх тал дээр илүү зохион байгуулалтай чармайсан бол Монголд тархсан мухар сүсгийг арилгахад ахиу тус болох бөгөөд манай нийгмийг ч эрүүлжүүлэх том түлхэц
болно гэдэг нь аль ч өнцгөөс харсан маргаангүй. Хүн төрөлхтөнд алаг үзэлгүй сургаал айлдан, олон хүний сэтгэлийг гэгээрүүлсэн (зөвхөн шашны талаар биш) Далай лам монголчуудад сэтгэл харамгүй зөвлөмж, зөвлөгөө өгсөн нь мэдээж. Гэвч харамсалтай нь, Далай лам монголчуудад ганцхан “Архиа бага уу, айрагаа их уу” гэж сануулдаг мэт бид ярьцгаах юм.

Нэг зүйлийг би анзаарлаа. Далай лам Монгол ирэхээрээ “амаа жимийдэг” Монголоос явахаараа “амаа нээдэг” аж. Саяхан гэхэд л Канадад очоод зөвхөн зурагтаар гарахдаа л “ёстой л задгай авсан” байх юм. Энэ нь олон шалтгаантай болов уу. Нэгдүгээрт монголчууд бидний хүлээн авах чадвар нь дорой. Гандантэгчэнлин хийдийн хамба лам Чойжамцын хэлснээр Далай ламын айлдах сургаал нь шашны хөгжил дэвшлээс хамаарч Монголд ирэх бүрт нь өөрчлөгдөж гүнзгийрчээ.(3) Хоёрдугаарт, нийтэд айлдсан сургаалууд нь энгийн бидэнд хүрдэггүй. Энэ нь орчуулгандаа бас байх шиг. Англи хэлээр Далай ламын айлдсан сургаалуудыг сонсоход энгийн, товч тодорхой, хүн уйдаахгүй ярьдаг юм байна лээ. Ялангуяа нийтэд зориулсан нийгэм, хувь хүний бэрхшээл, тулгамдсан асуудлуудын тухай ярихдаа энгийн атлаа эгэлгүй санаануудыг гаргадаг хүн бa
йнa лээ. Иймд тантарын сургаалыг байг гэхэд нийгэм, хөгжлийн сэдэвтэй сургаалуудыг нь орчуулаад ард түмэндээ хүргэмээр байна.

За, уншигч авхайг залхайхаас өмнө гарчигтай холбоотой гол зүйлдээ оръё. Ойрмогхон би интернэтээр элдэв зүйлсийг үзэж байгаад Бурядын хамба лам асан Чой-Доржи Будаёвын Далай ламын Монголд хийсэн айлчлалын талаар ярьсан ярилцлагыг олж уншлаа. Надад энэ ярилцлага нь нэн чухал, үнэн мэт санагдсан тул уншиж амжаагүй нэгэнтэй нь хуваалцъя гэж бодлоо. Энэ ярилцлаганд хэдэн чухал асуудлыг хөндсөн, Далай ламын монгол лам нарт хэлсэн айлдварын утга, монголчуудын шашиндаа хандах мухар сүсэг, барууны өндөр хөгжилтэй улсын иргэдийн Буддизм ордог шалтгаан, манай шашны ирээдүй хөгжил гэх мэт... Энэ бүгд нь бидэнд бодох, санаа авах зүйлс мэт надад санагдсан тул би түүвэрлэн, товчилж орчууллаа.

Далай лам, лам нарт юу айлдсан бэ?

Чой-Доржи Будаёваас асууж байна.
-[Далай лам анхны өдрөө] Монголын лам нартай уулзсан уулзалтын талаар хэвлэл мэдээлэлд бараг юу ч гарсангүй. Юун тухай ярилцав?

-Юуны түрүүнд, Монгол, Орос, Төвдийн буддын шашинтангуудын түүхэн хэлхээ холбоог ярьсан. Далай лам Соёлын хувьсгалаас өмнө Төвдөд гүн гүнзгий айлдвар айлдаж, Төвдийн сүм хийдийг ч хүртэл толгойлж байсан монгол багш нарыг дурссан...

Энэхүү түүхэн хэлхээ холбоо нь Дээрхийн гэгээнд маш чухал бөгөөд тэрээр бүр Төвдийн өнөөгийн байдлыг харваас монгол туургатнууд (Монголия и буддийская Россия) Төвдийн Буддизмыг хадгалан өвлөхөд гол үүрэг гүйцэтгэх болно гэдгийг хэлсэн.

-Энэ бол том хариуцлага шүү

-Тийм, өнөөдөр монгол туургатнууд өөрсдөөсөө “Бид энэ их хариуцлагыг үүрэхэд бэлэн үү” гэж шударгаар асуумаар байна. Миний хувьд эргэлздэг, ялангуяа Оросын тухай ярих юм бол...

Ахмад үеийн лам нарт хандаж Далай лам “Та нар тун хүнд хэцүү үеийг давж туулжээ. Коммунист дэглэмтэй он жилүүдэд та нар лам байх бэрх шийдвэрийг гаргаж байлаа. Харин одоо он цаг өөрчлөгдөж, ардчилалтай хамт Буддын шашин өргөн тархлаа, иймд та бидний өмнө өөр зорилго, асуудлууд тулгарлаа. Тэгээд Далай ламын хэлсэн санаанууд нь маш шинэлэг, хувьсгалч шинжтэй байсан. Өмнө нь эдгээр санаануудаа дурдаж байсныг би хувьдаа санахгүй юм.
Мухар сvсгийн талаар

Мөн Чой-Доржи Будаёв Далай ламын айчлалын дараа Монгол ба Оросын Буддын шашинтаны хүрээнд бодит шинэчлэл, өөрчлөлт өрнөж магадгүй гээд, гэхдээ энэ нь удахгүй болно гэдэг эргэлздэгээ хэлжээ. Түүний ярилцлагын нэг чухал хэсэг нь мухар сүсэг буюу Будаёв хэлснээр “ахуйн” хандлагын тухай юм.

Будаёв ийнхүү ярьж байна.
- Бид Далай ламын хэлсэнд маш анхааралтай хандаж учрыг нь тунгаах хэрэгтэй. Монгол, Орос хоёрт Буддын шашныг шүтэх “ахуйн” хандлага тархсан нь хэнд ч нууц бишээ.

...адис авах жишээтэй?

-Тиймээ, адис авах, биеэнд нь хүрэх, өөрийгөө анзааруулж, анхаарлыг нь татах гэх мэт...Далай ламыг Энэтхэгт сургаал айлдаж байхад, жишээ нь Калачакрад зориулсан, тэнд гэхэд 200 мянган хүн цугладаг, тэгэхэд л хэний ч толгойнд биед нь хүрэх бодол төрдөггүй, харин манайд лам нь хүртэл биеэнд нь хүрэх гэж оролдох юм. Энэ бүхэн бол бүхнийг өөртөө л авах гэсэн мунхаг хүслийн илрэл.

Бид бүгд Улаанбаатарын Төв цэнгэлдэх хүрээлэнд Далай лам айлдаж байсан “Шүтэн барилдлагын магтаал” номоо сүсэгтэн олонд тараахыг гуйхад ямар их үймээн дэгдсэнийг харсан билээ. Хүн бүхэн материаллаг зүйл авахыг хүсэж, номын утгыг орхиж байна.

Миний бодоход энэ нь бол лам хуврага бидний алдаа. Бид сургаал номлолоо тайлбарлах ажил хийхгүй байгаагаас энгийн иргэд ном сургаал хүлээж авах чадваргүй байна.

Өнөө бидний үед Далай ламын айчлалыг хариуцаж буй хамба лам эсвэл зохион байгуулагч хүнд зөвхөн суудлынх нь хажууд суух хангалтгүй, сүсэгтэн олныг илүү анхаарах хэрэгтэй.

-Гvн ухааны сургаал номлолыг ойлгоход нь бэлдэх ёстой шүү дээ?

-Тиймээ, нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ашиглах, иргэддээ шашныхаа сургаалыг ойлгуулах шинэ арга хайх чухал байна.

Далай ламын Монголд найман хоног айлчилсан энэ том айлчлал бид бүхнийг дотоод амьдралаа орвонгоор нь эргүүлэн, үзэл бодлоо дахин нэг эргэцүүлж, алдаагаа ойлгоход туслах ёстой гэж би бодож байна. Үнэндээ алдаагаа хүлээх чадваргүй байснаас өнөөгийн ийм хэцүү байдалд бид оржээ. Оросын буддистууд бид хаалтыг одоо сөхөн бидний өмнө юу хүлээж байгааг бодолцох цаг иржээ.

Энэ Буддизмд хандах шинэ хандлага нь бидний өдөр тутмын амьдралд нөлөөлөх учиртай юм.

[Буддизмын хөгжилд] тодорхой хэмжээгээр манай “ахуйн” хандлага садаа болж байна. Хэрэв та өнөөдөр Монгол, Бурядын хүн зоноос Буддизмын түүх, орчин цагийн шашны байдал зэргийг нь асуувал тодорхой хариулт сонсохгүй л болов уу. Будда хэзээ мэндэлсэн бэ? Буддын шашин хэзээ үүссэн бэ? Ямар гүн ухааны урсгалууд энэ шашинд байдаг вэ? Тэр бүү хэл, Буддын шашны үндсэн сургаалыг хэлчих хүн олдохгүй…

Энэ хандлагыг өөрчлөх гэдэг маш хэцүү. Тэр тусмаа ахмад үеийнхэн бол бараг бүтэхгүй ч байж магадгүй. Харин залуу үеийнхнийг бол хүмүүжүүлэх хэрэгтэй. Хэрэв хүн өөрийгөө буддист хэмээн үздэг бол дор хаяж сургаалынхаа “А, Б”-г мэдэх учиртай.

Миний сэтгэлийг үнэхээр манай ард түмний Буддын шашинд хандах “ахуйн” хандлага зовоож байна. Бид ерөөсөө мөргөл хийгдэж буй эсэхийг хайхардаггүй, хамгийн гол нь бидэнд юу хэрэгтэй гэхээр ламтай тусгайлчлан уулзаж мэргэ төлөг хийлгэх л байдаг. Мөргөлийн танхимаар ч шагайхгүй шүү дээ.

Энэ заншил бол Зөвлөлт засгийн үеэс уламжлалтай. Лам нарыг мөрдөж мөшгиж байхад зан үйлийг далд хийдэг байлаа. Одоо, цаг өөрчлөгдсөн ч дадал хэвээрээ үлджээ. Би хүмүүсийг ямагт л ламтай “тусдаа уулзах” гэж оочерлон зогсох хэрэггүй гэж хэлдэг. Надаас зарим нь аль лам дээр орох вэ гэж асуухад өөдөөс нь би “Яах юм бэ? Та зүгээр л сүм орж, ном хурах лам нарыг сонсон хэсэг суу л даа энэ нь танд илүү тустай шүү дээ” гэж хариулдаг.

Үнэндээ хэлэхэд би ламтай “тусдаа уулзахыг” хориглодог. Яагаад гэвэл энэ зөвхөн өөрийгөө тордож хувиа бодсон хэрэг юм. Лам нар мөнгөний амтыг авч татагдах болно. Харин том лам нар энэ тухай нээлттэй ярьж эхлэвэл хүмүүс ухаарч, тэр дундаа залуус сонсох болно.

Буддын шашин баруунд хөгжиж буй талаар

-Харин Баруунд бүх зүйл эсрэгээр өрнөж байна. Ихэвчлэн хүмүүс Буддын шашинд тодорхой хэмжээнд сүсэг бишрэлийн эсвэл зүгээр л амьдралын туршлага хуримтлуулсан тул орж байна. Тэд христ болон өөр шашинтан, эсвэл Бурханд итгэдэггүй атеист байж байгаад хайж, эргэцүүлснийхээ үндсэнд энэ сургаалыг судалж илүү ойр юмаа гэдгийг мэдэрч байна. Өөр хэлбэл арай ухамсартайгаар шашин шүтлэгтээ хандаж буй хүмүүстэй бид Баруунд таардаг. Харамсалтай нь төрөлхийн буддист бид өөрсдөөсөө асуулт асуудаггүй. Бидэнд юу хэрэгтэй гэвэл урт наслах үрэл, хамгаалтын арьс чухал аж.

Хэдийгээр бид [Монгол, Оросын буддистууд] хүнд бэрхшээлүүдтэй тулгарч байгаа ч Буддын шашны ерөнхий байдал тун таатай байна. Буддизм орчин цагт маш чухал бөгөөд дэлхий дахинд эерэгээр хүлээн авч байна. Үгүй яахав дээ, эхэндээ моод маягаар, холливудын одод, төвдийн анагаах ухаан гэх зэргээр дамжин тархаж байгаа ч энэ бол зөвхөн эхлэл юм. Аажмаар хүмүүс ашиг тусыг мэдэрч эхлэхээр дотоод амьдралдаа нэвтрүүлнэ. Буддизмд сохор үнэнч байхыг шаарддаггүй шүү дээ. Бид хүн бүрд анализ хийж, шийдвэрээ гаргах боломж олгодог.

Тийм ч учраас одоо Буддизм бусад шашныг бодвол Баруунд илүү өгөөж хүртээлтэй байна. Саяхан Бельгид асар том Буддын сүм нээгдсэнийг та сонсов уу, мөн Францад том сүм баригдаж дуусаж байна. Энэ бүхэн бол Буддын шашин ирээдүйн дэлхийд их үүрэг гүйцэтгэх болно гэдгийг харуулж байна шүү дээ.

Энэ үйл явцыг Монгол ба Оросын буддистууд их анхаарч, ухамсарлах хэрэгтэй юм. Тиймээс ч Далай лам бидэнд та нар хоцрох ёсгүй харин ч манлайлах ёстой гэж санууллаа шүү дээ.

-Нээрээ л Буддизм дэлхийд маш эрчтэй тархаж байна. Та сая Франц, Бельги дэхь Буддын шашны хоёр сүм хийдийг дурслаа. Саяхан гэхэд л Далай ламын Нью-Йоркын Төв паркад айлдсан сургаалыг 80 мянган хүн хүрэлцэн очиж сонссон байх юм. Эндээс харахад л үнэхээр л хөгжлөөрөө бид хоцорч байгаа юм болов уу гэж санагдах юм.

“Лам цөөхөн байг” гэж Далай лам айлдсан буюу
лам хуваргуудын явдлын талаар


Далай лам Монголд айлдсан чухал сургаалын нэг бол задгайрсан лам нарыг явдлаа зас гэсэн бололтой. Авгай авбал хар бол, архи уувал сүм хийдэд суухаа зогсоо гэж XIV Далай лам XXI зууны монгол туургатанд хэлсэн болох нь олон эх сурвалжаас харагдаж байна. Далай лам хэлэхдээ, 1997 намайг Монголд ирэхэд 150 лам нар байсан, харин одоо хэдэн зуугаар тоологдох ламтай болжээ. Гэвч тоо чухал биш харин хэр ариун амьдарч байгаа нь чухлаа. Тиймээс хэрэв та нар найз охин ба эхнэртэй бол орхимжоо тайлах ёстой. Энийг 100% хий, чадахгүй боль... Лам хувцас өмсөж хүн ардыг хуурч, ёсыг (lineage) бохирдуулахаа зогсоо. Сайн сүсэгтэн болохыг хичээ, харин лам дүр эсгэж бусдыг бүү хуур. 1990 оноос өмнөх лам нарыг бол ойлгож болно. 1990 хойших лам болохоор тангараг өргөсөн хүмүүст өршөөл үгүй шүү гэж хэлжээ.(4)

Лам нарыг явдлаа зас гэж Далай лам хэлсэн нь үнэндээ ганц лам нарт ч биш энгийн бидэнд ч мөн хамаатай. Лам хуваргыг архи, тамхи хэрэглүүдэггүй, авгай хүүхэн чангаадаггүй болгож чадна гэдэг бол монголчууд шашинд хандах хандлагаа эрүүлжүүлж, сүсэг бишрэлээ аварч байгаа үйлс болохоор хэн хүнгүй чармайж лам нараар мангартуулахаа болих ёстой. Будаёв ч ярилцлагандаа энэ асуудлыг хөндсөнийг би түүвэрлэн буулгаллаа.

- Зөвлөлт засгийн бас нэг үлдээсэн өв бол лам нарын суларсан жаяг дүрэм...

Тиймээ, Зөвлөлт засгийн үед лам нар хар болж гэрлэх журамтай байлаа, одоо ардчилалтай хамт “чөлөөт” хэлбэрийн Буддизм тархжээ. Энэ явдал аажмаар цэвэр лам хуврагын ёсонд зай тавьж өгөх ёстой. 2500 гаруй жил мөрдөгдөж ирсэн унаган төрхөндөө Буддизм очих ёстой. Лам нар Винайи ёсоо сайн мэдэж, мөрдөх учиртай.

Би хувьдаа энийг зөв гэж үздэг. Ний нуугүй ярихад, бидэнд нэг л өдөр “Одоо боллоо, баяртай” гэж хэлэх эр зориг хэрэгтэй юм. Гэтэл бодит байдалд ямар байдаг вэ гэхээр бид бүхэн сургаалыг чих тавин сонсох авч манай сүм хийдэд
урьдын адил бидний өөрсдийн тогтоосон хууль үйлчилсээр…Цаг л хэрэгтэй байх даа.

-Энэ хавар Дарамсалад Далай лам сургаал айлдахдаа “Лам нар цөөхөн байвал байг. Харин лам болж байгаа нь жинхэнэ энэ замналаар явахад бэлэн хүмүүс байг. Тооноос илүү чанар чухал” гэж хэлэхэд би их гайхсан.

Монголын Бурханы шашин гэж ярих зөв үү?

Чой-Доржи Будаёв ба түүнтэй ярилцсан Юлия Жиронкина хоёр Бурядын Буддизм гэж бий юу гэсэн асуудлыг хөнджээ. Энэ нь ч монголчууд бидэнд ч их хамаатай зүйл юм. Одоо бид шашнаа Монголын Бурханы шашин гэж ярих уу, эсвэл дэлхий нийтийн хандлагаар Төвдийн Буддизм хэмээн нэрлэх үү гэдгийг нэг мөр болгомоор байна. Эс тэгвээс Монголын Бурханы шашин гэж огт ангид зүйл байдаг мэт сүсэгтэн олонд ойлгогдож, төөрөгдүүлж байна. Ерөнхийлөгч Н. Энхбаяр хүртэл Нидерландын Радиод өгсөн ярилцлагандаа уламжлалт шашнаа “so-called Tibetan, or Tibetan-Mongolian Buddhism” (5) хэмээн нэрлэсэн нь доромжлол мэт сонсогдож байна. Орос хэлэнд үүнийг нь “так называемый тибетский, или тибето-монгольский буддизм”(6) гэж буулгажээ. Эндээс харахад манай ерөнхийлөгч хүртэл маниустай адил будилчихсан явна.
Миний олсон нэг мэдээгээр бол Далай лам ч асуудлыг Монголд байхдаа хөндөж Монголын Буддизм гэж ялгаатай шашин байдаг гэж ярих хэрэггүй гэсэн бололтой. За одоо ярилцлагаа үргэлжлүүлье.

-Таны бодлоор Бурядын Буддизм гэдэг ойлголт байж болох уу?

- Арай тэгж хэлж болохгүй. Хэтэрхий болчимгүй явдал болно. Хэрэв Бурядын буддизм гэж яривал маш эртний түүх, үндэс угсааг ярих хэрэгтэй болно. Бид олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Тиймд бидэнд хоосон амбицаас өөр зүйл байхгүй.

Дэлхийн Буддын шашны уламжлалд Монголын Буддизмыг хүртэл тусад нь авч үздэггүй шүү дээ. Гэтэл монголчууд маш хүчтэй уламжлалтай бөгөөд өөрсдийн Богд Гэгээнээ залсан хүмүүс билээ.

Хэрэв бид Буддын шашин хэрхэн Монгол ба Бурядад тархсаныг үзвэл төвдүүд байнга тусласан байгаа. Бурядын анхны хамба лам Заяев гэхэд л төвдийн сүм хийдэд суралцсан. Яагаад ч юм бид үүнийг л мартачхаад бүгд л өөрсдөө бий болгосон мэт ярьцгаах юм. Одоо бүр Бурядын Буддизм гэдэг нэр томъёог хүртэл гаргачхаж…Гэтэл манай дээр үеийн том лам хүртэл иймэрхүү зүйл хэзээ ч ярьж байгаагүй шүү дээ.

Үндэсний бахархал сайн зүйл гэдгийг би мэднэ. Гэхдээ хоосон биш баймаар. Мөн шашны чухал асуудал шийдэхэд хэрэггүй билээ. Олон дахин төрсөн асар том лам байж шинэ дүрэм горимоо тогтоох учиртай. Нөгөөтэйгүүр ямар ч том лам Дээрхийн гэгээн Далай ламын хэлснийг зөрч чадахгүй билээ.(7)

Эцэст нь

Дээрхийн гэгээн XIV Далай лам энэ намар Монголд морилохдоо манай нийгмийг эрүүлжүүлэх гол аpгыг зааж өгөөд буцжээ. Шашнаас үүссэн завхайрал, мухар сүсгийн голомт нь шашинд бус шашны хэргийг зохицуулж буй сүм хийд, монголчууд бидэнд, өөрсдөд маань байна гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Хүссэн хүсээгүй монголчууд хөгжье гэвэл уламжлалт шашныхаа учрыг олох ёстой ажээ.

Далай лам Монголын Бурханы шашин гэж ялгаатай шашин байдаг мэт ярихаа боль гэсэн. Гэхдээ тэрээр бас монгол туургатaн ирээдүйд Төвдийн Буддизмын хөгжилд гол үүрэг гүйцэтгэх учиртай шүү гэж захисан.
тул ирээдүйд монголчууд Буддын шашинд гол үүрэг гүйцэтгэж чадахыг Далай лам үгүйсгээгүй.

Чухам яагаад Монголын Бурхан шашин гэж одоо ярьж болохгүй гэж?
Энэ асуултанд хариулахад зөвхөн эдүгээ цагийн байр байдлаас хариулах ёстой юм болов уу? Монголын Бурхан шашин гэж байсан уу гэвэл байсан. Монголчууд Ойрaдын Галдан Бошгoтоор сүм хийдээ түймэрдүүлэн байж, Өндөр Гэгээн Занабазарыг залсан нь яах аргагүй монгол угсаатaн Далай ламаас шууд хараат бус байх гэсэн оролдлого билээ. Харин одоо Богд Гэгээнээ ч авчраад залж чадахгүй улс юун Монголын Бурханы шашин гэж цээжээ дэлдэх вэ дээ. 70-80 жилийн дотор хамаг мэдлэгтэй том лам нарыг бүрэн хядсан тул тэдний хүлээн зөвшөөрдөгсөн хойд дүр гэж ч үгүй. Будаёв хэлснээр олон дахин төрсөн том хувилгаан байж байж, шинэ дүрэм горимыг тогтоох ёстой аж. Гэтэл манайд энд тэнд өөрсдийгөө хувилгаан гэж зарлагчид мэр сэр гардаг ч шашны хэргийг зохиуцуулж буй хүмүүсийн ихэнх нь нам засгийн нөлөөгөөр суудлаа бэхжүүлэгчид билээ.

Буддын шашны онцлого бол ганцхан ном сударт байдаггүй, харин амьд хүнээс амьд хүнд дамждагт оршдог. Иймээс ч өөрсдөө дангаараа Буддын шашнаа сэргээж чадахгүй манай монголчууд юун Монголын Бурхан шашин ярих билээ. Хэрэв Далай лам тэргүүтэй төвдүүд Хятадаас зугтан Энэтхэгт гараагүй бол социалист нийгэм нуурсны дараа монголчууд уламжлалт шашнаа ч сэргээж чадахгүй, зүг чиггүй болох байлаа. Энэ утгаараа бол бид хятадуудад баярлах учиртай. Тэд Далай ламыг Төвдөөс тууж гарган дэлхийн хөгжлийг үзүүлж, дэлхийн хүн болгожээ. (Далай лам энэ санааг хэлсэн)

Элдвийг нуршилгүй шууд хэлэхэд Монголын Бурханы шашин (нэр нь хүртэл төөрөгдүүлсэн!) гэсэн энэ нэрийн доор Буддын шашныг завхайруулсан үйл ажиллагаа явагдаж байна. Авгай авдaг, хараал хийж, хариулж өгдөг, нийгүүлсэнгүй Буддын сургаал гэхэд хэцүү зүйлийг бид шүтдэг бололтой. Нэг ёсондоо, 2500 жил гаруй тасралтгүй үргэлжилсэн Буддын шашныг Монголын бөглүү байдлыг далимдуулан Бурханы шашин болгон дур мэдэн өөрчлөх, бохирдуулах үйл явц өрнөжээ.

Монголын Бурханы шашин гэж ярихад Монголоороо бахархах сэтгэл төрдөг ч, нөгөө бодлын бид хохирч байна. Монгол гэсэн нэрийн дор хөгцөрсөн үзэл, шашны авилгал, мухар сүсэг тархаж, лам дүр эсгэсэн луйварчид нуугдан нийгэм, хувь хүний хөгжлийг арагш чангаахыг хэн ч хүсэхгүй шүү дээ. Харин дэлхийн хөгжилтэй, дэвшилт улс үндэстэнд хүлээн зөвшөөрөгдсөн Буддын шашин, соёлыг ямар ч хаалтгүй хүлээн авах боломжтой байна гэдэг бол бидэнд эд материалын хувьд биш юмаа гэхэд оюун санааны хувьд хөгжих сайхан боломж олдоно. Тэгээд ч энэ чинь манай уламжлалт шашин шүү дээ. Энэтхэгт үүсэж, Төвдөөр дамжин Монголд ирсэн. Түүнээс бус монголчууд үүсгээгүй. Бид энэ шашны ачаар л соёл, уламжлалаа авч үлдэж чадна. Манай шашин соёлын төлөөлөгч дэлхийн хэмжээний хүн болж, Буддизм дэлхийн хөгжилтэй улсуудад дэлгэрнэ гэдэг бол Буддын шашинтай хоцрогдсон Монголд хөгжих дардан замыг зааж өгсөн хэрэг бөгөөд монголчууд одоо саад болох хаалтыг авч хаян их урсгалд нэгдмээр.

Нийгмээ
өндөр ёс суртахуун, ёс зүйтэй болгоё гэвэл 2500 жил гаpyй мөрдөгдөж ирсэн Буддын сургаалыг “монголчлолгүйгээр” ард түмэндээ хүргэх нь эдүгээ хамгаас илүү чухал бөлгөө. Энэ санааг үе үеийн монгол туургатны сэтгэгчид хэлж, бичиж ирсэн. (Харин энд монгол хэлнээ буулгахыг эсэргүүцээгүй шүү.)

Чухам шашны асуудалд мунхаг үндсэрхэх үзлээр хандах осолтой бөгөөд энэ нь шашныг гажуудуулдаг фундаменталист үзэл дэлгэрэх хөрс болдгийг анхаарууштай.

Монголчууд Баруунд Буддизм хэрхэн тархаж бyйг анхаарч ажиглах хэрэгтэй гэдэг
зөвөө. (Хэрэв монголчууд 30-д онд хамаг ламаа хамж аваад алалгүй, туугаад явуулсан бол Баруунд Буддизмыг төвдүүдээс өмнө аваачих түүхэн боломж бидэнд байсан.) Энэ түүхэн үзэгдэлд бид хамрагдаж, хамрагдах нь бүү хэл манлайлах ёстой гэж Далай лам хэлжээ. Бодит байдалд бол бид аль хэдийн хоцроод, Бурханы шашны далбаан доор мухар сүсэг Монголд гаарлаа.

Олон улсын харилцааны хувьд ч Монгол улс дэлхийн хэмжээний шашин, соёлын нэг хэсэг болж, тэр бүү хэл цөм нь болж чадвал хөгжлийн чиг хандлага сарнихгүй, тусгаар тогтнол
ч баталгаатай байнa. Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцын хэлдгээр “Хүн ард уламжлалт шашин соёл, шинжлэх ухааны боловсролыг хослуулж чадвал өөрсдөө дархлаатай, зорилготой, зорилгодоо хүрэх эрмэлзэлтэй болж улс нийгэм маань хөгжих болно”.

Бид өнөөдөр үнэт зүйлстэй, эрүүл сүсэг бишрэлтэй Буддын шашинт улс гэдгээ бусад харуулж чадвал хэн дуртай нь манайд ирж шашиндаа оруулан монголчуудыг “аврах” гэж оролдохгүй бөгөөд манай ард түмний шашин, соёлоо ойлгохгүй байгаа байдлыг далимдуулж мухар сүсгээр нь “тоглохоо” багасана. Мэдээж хүний дуртай шашнаа шүтэх эрхийг нь хорьж болохгүй. Харин аливаа шинээр дэлгэрч буй шашныхан Монголын уламжлалт шашин, соёлыг эхлэж анзаарч, хүндлэх учиртай гэдгийг ойлгуулах ёстой.
2006.11 сар
Х. Эрдэмбилэг
ebi21@hotmail.com

1. http://www.dalailama.com/news.76.htm
2. http://www.dalailama.com/news.80.htm
3. Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д. Чойжамц: “Ард түмэндээ хандсан шашин номын үйл ажиллагаа сайн явуулаарай” гэж Далай багш захисан, 2006.09.4 Зиндаа
4. http://www.tibet.ca/en/wtnarchive/2006/8/23_1.html
“His Holiness exposed this thinking today to the bright glare of the Vinaya, the Buddha's teachings on a monk's discipline. He began by remarking that during his 1997 visit, there were about 150 monks, but now there were hundreds more in robes. He said that the number of monks is not at all important, however, it's the purity of their lives that matters. In fact, if they're not keeping their precepts, the number of monks is pointless. Then he said it straight out: if you have girlfriends or wives or are not keeping the precepts of a monk in other ways, you should disrobe. Do it 100% or don't do it. Period. Stop wearing the clothing of a monk altogether and confusing people and staining the lineage. Try to be a good lay Buddhist but stop pretending to be a monk. Before 1990, there was some excuse. For those who chose a monastic life after 1990, there's no excuse”.
5. http://www.radionetherlands.nl/specialseries/Mongolia800/060815bud
“We feel that so-called Tibetan, or Tibetan-Mongolian Buddhism in its unique form is kept here.”
6. http://savetibet.ru/1155885603.html
Президент Монголии Энхбайар Намбар заинтересовался буддизмом в 1980-е, когда переводил анти-буддистсткую литературу. Сегодня он является активным членом союза по делам религии и охраны памятников. «Мы считаем, что так называемый тибетский, или тибето-монгольский буддизм уникален. Мы живем в независимой стране, и на нас лежит ответственность за сохранение нашего духовного наследия. Это нелегкая задача в современных условиях.», -
7. http://savetibet.ru/1157315682.html
Председатель ЦДУБ: «Бурятский народ недоумевает», Юлия Жиронкина, Август 2006,

2 comments:

Anonymous said...

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=39820

Re: Бодрол
Зочин
Dalai bagshiin *Shuten barildlaguun surgaali*-g sonsson. Nudee aniad tuunii surgaaliig sonsohod yutai saihan gegeeleg, buh yumnii uchir tailagdah met setgel turj baisan. Uneheer muhar suseg Mongold ih delgerch baigaa. Gaduur mereg tulug hiilgeed neg ih shutlegtei hun shig yavaad baisnaas, ehleed burhanii surgaaliig sonsoj oilgoh yum bol hun uuruu dotroosoo gegeerch ehelne. Ene ni havigui iluu sanagddag da. Radio, TB, hevlel medeelleer ard tumniig zuv bodoltoi, zuv yavdaltai baihiin uchir holbogdliig burhanii surgaalitai holbon surtalchilj tailbarlaj baival tun sainsan. Haramsaltai ni golduu l hend ch hereggui hov jiv bichih yumda. Mongolvhuudiin maani nileed hesgiinh ni setgel uneheer bulingartsan baigaa, ariun saihan uzel bodoltoi humuus engiin ard bid nariin dund bas zunduu olon baidgiim shu. *Bodrol*-g bichigchid talarhaj baina.

[ Хариулах ]



Re: Бодрол
Зочин
Agreed

[ Хариулах ]

--------------------------------------------------------------------------------
Re: Бодрол
Зочин
bolj bna!

[ Хариулах ]


--------------------------------------------------------------------------------
Re: Бодрол
Зочин
MAsh saihan bichjee..... Uneheer Buddiin shashing Amerikchuud hurtel hundetgej , bur ooriin shashinaa orhiod Buddizmiig songoj bgaa zondoo huniig bi medne... Ted nur Buddiin philosophiig mash gunzgii unshij sudaldag yum bna lee. Yag yu surgadag yum be gedeg talaas ni... Bur nom ene teriig ni hudaldaj avaad unshaad sudlaad l.... Manaid bolohoor Buddiin buyu Burhan bagshiin surgaal bolon busad holbogdoh nomooo ch unshaagui buren sudlaagui hernee neg tiim muhraar l yavaad bgaa ni ilt shuu haragddag ni unen. Maani megzem bolon yag burhan bagsh yug chuhalchildagiig ni medehgui, gol utgiig oilgoogui, zovhon urel, arts, ulaan uya ene teriig l iluud uzeed bgaa yum shig.... Iim sulhan bolohoor hariin shashin manaid ih orj irj, hezee neg tsagt hoorondoo terseldehiig hen baig geh ve..... Yadaj l """Eh bolson 6 zuil hamag amitnii tusiin tuld""", gedeg ugniihee utgiig olon talaas ni sain bodoj tungaaj oortoo shingeehiig hicheeh heregtei.....Tegvel zaaval arts hujeer biee ariusgaad, esvel zaaval lamd ochij adis avaad baih shaardlagagui shuu dee. Hamgiin gol ni Bie, hel bolood setgeleer uildeh nugelee tevchih l heregtei.......Tegvel manai Mongolchuud iluu az jargaltai ni ch yu yum baga zovlontoi amidrana....Odoo bid Ih hurliin gishuud, Eronhiilogch, said darga nar geed l bugdiig ni uzen yadaad uheesei l geed bgaa shuu dee. Shuumjlelgui l yahav, gehdee l sain ch muu ch bidnii l neg Mongol shuu dee....Hervee ted uneheer buruu yum hiij gemeene ert oroi neg tsagt burhan tedniig shiitgej l taaraa......Tiimgui bol Burhan bgaad hun amitand jargal amlaad baihiin hereggui l bsan baih daa. Buh yum denstei shuudee.... Minii hoorhon Mongolchuudaaa..... Ev eyee hicheegeed amgalan taivan baival ajil aandaan butnee gej!!!!!! Ta hen negniig uzen yadlaa gehed ta ooroo l setgelee bohirduulna.... Zugeer l martaad oortoo onogdson ajlaa mash sain hiihiig hicheegeed , choloot tsagaa ur duntei ongoroogood, yadaj English uzeed, internetees horvoo delhiin saihniig unshaad, ingeed setgel amar yavah shig jargal gej haa baih ve dee!!!!! "Hen negniig uuchilj chadahgui bol zugeer l martchih. Ene l hamgiin tom uuchlal" gej Burhan bagshiin surgaal deer bdag shuu, Minii hairtai Mongolchuudaaaa........

[ Хариулах ]

--------------------------------------------------------------------------------
Re: Бодрол
Зочин
mash ih bayarlalaa vvniig bichsend.

[ Хариулах ]







Re: Бодрол
Зочин
Ум мани бад мэ хум

[ Хариулах ]

--------------------------------------------------------------------------------
Re: Бодрол
Зочин
Хамаг амьтны тусын тулд бурхны хутгийг олцгооё

[ Хариулах ]





Dalai lam ooriigee hamgiin uhaantai,busdyg zeregleliin daguu teneg gej boddog yum baina lee...
Зочин
Uhaalgaar ni,IQ -aar ni mongoldoo angilal hiizgeeyee...hehehe

[ Хариулах ]

--------------------------------------------------------------------------------
Re: Dalai lam ooriigee hamgiin uhaantai,busdyg zeregleliin daguu teneg gej boddog yum
Зочин
Dalai lam Vancouvert ireed yariltslaga hiihdee zuvhun Mongolchuudtai gar barisan. Zuvhun Mongolchuudad khishig uguv. Tibet, China-aas irsen humuustei gar barisangui, bas ugsungui. ????? Bid tsuuhun tul hundetgesen hereg uu? esvel bidnii "umchluh" durtai muhar susgiig ih medersniih uu? yamar ch baisan MGLchuud ih undur setgegdelteai uldsen.

[ Хариулах ]





Re: Бодрол
Зочин
Sain uils delgereh boltugai. burhanii shashin arban zugt delgeren tugekh bol tugai.

[ Хариулах ]



Re: Бодрол
Зочин
Ukhaalag bas hund negiig bodogduulsan niitlel bichsen d bayrlalaa. Bidnii yuiin cham shig saikhan ulsaa gesen bodoltoi zaluus ulsaa udirdaj manlailj yavah tsag aisui zaluusaa eniig unshaarai unshaagui negendee damjuularai. Jich : Olloo giin olon niitlel iin doorhi ugnuud dandaa heruul baidag . ene niitleliin door uur bailaa endees mgl zaluus Budda iin shashinaa herhen hundelj oilgodog ni bas haragdaj bna !!!

[ Хариулах ]

--------------------------------------------------------------------------------
Re: Бодрол
Зочин
olloogiin shashin saihan yum bichsen baina tsaashid ulam ih unen boditoi zuil bicheereei.manai mongol lam nar uneheer yum bodohgui baina ulaan shariig tunaruulaad l yambalaad baidag uureg gwej uureh yostoi uurgee uhamsarlahgui baina.lam huvtsas umssun buhen lam bish shuu.humuus oilgood irehleer ter humuus huurhii hetsuu dee ertuntsiin amidralaa ch medehgui nomiin amidralaa ch medehgui yana daa...!!!!!!!!!!!

[ Хариулах ]


--------------------------------------------------------------------------------
Re: Бодрол
Зочин
olloogiin shashin saihan yum bichsen baina tsaashid ulam ih unen boditoi zuil bicheereei.manai mongol lam nar uneheer yum bodohgui baina ulaan shariig tunaruulaad l yambalaad baidag uureg gwej uureh yostoi uurgee uhamsarlahgui baina.lam huvtsas umssun buhen lam bish shuu.humuus oilgood irehleer ter humuus huurhii hetsuu dee ertuntsiin amidralaa ch medehgui nomiin amidralaa ch medehgui yana daa...!!!!!!!!!!!

[ Хариулах ]

Anonymous said...

Mundag bichjee, ali boloh olon hun unshaasai. Urgeljluuleed bolgochvol mon heregteiye?
Uneheer, Mongoliin muhar suseg arai l denddeg yum shig sanagddag. Dan gants buddhism geltgui, boogiin shashnaas garaltai muhar susguud ch ih bii. Er n "bolohgui, muu yor" gesen zuilsiig yagaad gedgiig shashnii toloologch nar ard olond tailbarlaj ogohgui bol neg l haranhui ard tumen bgaad bh shig sanagddag. Zarim tailbar n gadaadiin juulchdad tailbarlahad zugaatai ch, eruul uhaantai humuus sonsood unemshiheergui, bur ineed hureheer hachin muhar susguud ih bdag. Terend n medehgui, itgehgui hun yos medehguid todroh jisheetei. Medeed ehelsen zarim humuus ooroo medelgui byatskhan hemjeenii muhar susegt avtaj ehledeg... bi ch, magadgui ta ch tednii neg. Tiimees ene ahuin chanartai shashin shutlegiig bagasgah talaar anhaarah heregtei gedegtei 100% sanal niilj bn.